Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ 144 дэх чуулган ирэх гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Грек улсад болно. Энэхүү чуулганаар ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийг тодруулах чухал үйл явдалтай. Одоогийн ерөнхийлөгч Томас Бахын орыг залгамжлахаар долоон хүн өрсөлдөж байна. Томас Бах нь анх 2013 онд сонгогдож байсан бол түүнээс хойш 2019 онд дахин улирч, 2025 он хүртэл албан тушаалаа хашихаар болсон билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ази тивээс япон улсын иргэн Моринари Ватанабэ өрсөлдөж байгаа. Түүний хувьд хэрэв ерөнхийлөгч болвол ОУОХ-ны нэрийг солих гэнэ.
Хэрэв Моринари Ватанабэ сонгогдвол анх удаагаа ази хүн ОУОХ-ны ерөнхийлөгч болно.
Моринари Ватанабэгийн санаа бол ОУОХ-ы нэрийг "Дэлхийн спортын байгууллага" гэж өөрчлөх аж. Учир нь ОУОХ нь дан ганц олимп гэлтгүй нийгэмд анхаарлаа хандуулах ёстой гэж тэрбээр боджээ.
Мөн түүний хувьд олимпийн наадмыг шинэ түвшинд гаргаж, дан ганц нэг улсад бус олон хотуудад олимпийн наадмыг зэрэг зохион байгуулах төлөвлөгөөг гаргажээ. Ингэснээр нэг улс, нэг хот ганцаараа бие даан олимпийг хүлээн авч, санхүү болон байгаль орчны хувьд хүндрэл, эрсдэл үүрэхгүй байх боломжтой гэжээ. Түүний санаагаар нэг хот арван спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, нийт таван хотод 50 тэмцээн болохоос гадна цагийн бүсүүд нь өөр, өөр байх учир 24 цаг тасралтгүй дэлхий даяар шууд дамжуулах боломж бүрдэх гэнэ.
Моринари Ватанабэг төв болон өмнөд Америк, Ази, Африкийн орнууд дэмжиж, сонгуульд ялна гэж төлөвлөжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг та бүхэндээ танилцуулъя.
1.Ханхүү Фэйсал Аль Хуссейн
Йорданы ханхүү энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Түүний хувьд АНУ, Их Британид электроникийн инженер, менежментээр суралцсан аж. Бөх болон мото спортын хорхойтон гэнэ. Энэ ч утгаараа мото спортоороо дамжуулан спортын салбарт орж иржээ.
2. Лорд Себастьян Коу
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коуг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж олон хүн харж байна. Лондон хотын хүү тэрбээр 800 м болон 1500 м-ийн олимп, дэлхийн аварга болж байсан шилдэг тамирчин юм.
3.Кирсти Ковентри
Зимбаб улсаас төрөн гарсан хамгийн шилдэг тамирчин гэгддэг Кирсти Ковентри энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болжээ. Магадгүй ОУОХ ирэх жил эмэгтэй ерөнхийлөгчтэй болохыг үгүйсгэхгүй. Ард түмэндээ "Алтан охин" гэж хүндлэгдсэн түүний хувьд олимпоос усанд сэлэлтийн төрлөөр долоон медальтай нэгэн. Түүнийг Зимбабын ерөнхийлөгч нэгэнтээ "Манай үндэсний баялаг" ч гэж байв.
4. Йохан Элиаш
Шведийн элит гэр бүлээс гаралтай, Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш мөн нэрээ дэвшүүлжээ. Өдгөө 62 настай тэрбээр 2024 оны долдугаар сард ОУОХ-ны гишүүнээр элссэн аж. Ердөө хагас жилийн хугацаанд гишүүнэээс ерөнхийлөгч болохоор "санаархаж" байна гэхэд хилсдэхгүй.
5. Дэвид Лаппатиен
Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч франц эрхэм ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
6. Хуан Антонио Самаранч
ОУОХ-ны дэд ерөнхийлөгч энэ удаагийн сонгуулиар барьцаа ахиулахаар шийджээ. Түүний аав 1980-2001 оны хооронд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Аавынхаа үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр ирж байна. Хятадууд түүнд элэгтэй гэнэ.
7. Моринари Ватанабэ
Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Японы бизнесмен Моринари нэрээ дэвшүүлсэн. Түүний хувьд Токиогийн олимпийн ажилд гар бие оролцож, идэвх зүтгэлээрээ олны анхаарлыг татаж чадсан гэдэг. Өөрөө ч ерөнхийлөгч болохын төлөө сурталчилгаа сайн хийж байгаа.
Холбоотой мэдээ