Грэмми 2025: Харц булаам улаан хивсний ёслол

FASHION

Грэмми 2025: Харц булаам улаан хивсний ёслол

Грэмми 2025: Харц булаам улаан хивсний ёслол

АНУ-ын Лос-Анжелес хотноо 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. Гэвч ой хээрийн түймэр их хэмжээний хохирол үүсгэсэн нь саяхан. Тиймээс зарим алдартан гал түймрийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэн энгэрийн зүүлтээр гоёсон байна. Өмнө жилүүдэд тус ёслолын нээлт ёслол төгөлдөр болдог байсан ч энэ жилийн хувьд даруухан өнгө аястай эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч улаан хивсний ёслолд хэн хамгийн содон, сонирхолтой хувцаслаж ирсэн нь олны анхаарлыг татаж буй сэдэв билээ.

"Harper’s Bazaar" сэтгүүлийн дижитал соёлын редактор Бианка Бетанкурт хэлэхдээ, "Грэммийн улаан хивсний ёслолоос зарим алдартан хурц загварын шийдэл гаргасныг харж болно. Гэсэн хэдий ч энэ үдшийг хамгийн алдартай болгож буй нь өөрийн загвартаа үнэнч нэгэн итгэл төгс алхахыг харах юм" гэж ёслолын арга хэмжээг тодорхойлсон байна.

"InStyle"-ийн загварын чиг хандлагыг хариуцсан захирал Мадлин Хирш ч мөн түүнтэй санал нэгдэж буй. Тэрбээр “Энэ улаан хивсний ёслол бол ердийн ёслолоос хамаагүй илүү, давуу талтай. Хүн бүр өөрийн гэсэн алсын хараа, гоо зүйгээ тодотгосон байдгийг харах хөгжилтэй байдаг" гэв. Тэгвэл 67 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд хэн хамгийн их олны хараанд тод туссаныг сонирхуулъя.

ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГЫГ ҮЛ ТООМСОРЛОХ СҮЙТ БҮСГҮЙ СЬЕРРА ФЕРРЕЛЛ

Сьерра Феррелл Грэммийн дөрвөн шагналыг хүртсэн нь томоохон амжилт юм. Тэрбээр Жеффри Келли Дизайнсын зохион бүтээсэн том даашинзаар гоёсон нь яах ч аргагүй олны хараанд онцлогдов. Тухайлбал, сүйт бүсгүй мэт хувцасласан ч нэгэн хэвийн, баригдмал биш байсан. Хуучин цагт сүйт бүсгүйн даашинз урт хормой, эрхэмсэг сувд, цасан цагаан гивлүүрээр хязгаарлагддаг байжээ. Харин Сьерра Феррел үүнийг халж, ямар ч төрлийн сүйт бүсгүй байж болно гэдгийг уртаас урт сувд, том ханцуйгаар илэрхийлсэн гэлтэй.

ФРАНЦ ХҮҮХЭЛДЭЙ

Чаппел Роан Импрессионист уран зураач Дегасын бүтээлээс амилсан мэт бүжигчин хүүхэлдэйг Чаппел Роан гэж хэлнэ. Цасан цагаан арьс, өргөн банзал, шар нил ягаан өнгийг урт сормуустай хослуулсан уг дүр төрх улаан хивсний ёслолын хамгийн сэтгэл татам загвар байлаа. "Elle"-ийн дижитал захирал Клэр Стерн Милч хэлэхдээ, "Дуучин бүсгүй өөрийн өвөрмөц хэв маяг, зан чанарыг харуулсан улаан хивсний зоримог, уран сайхны сонголтоороо алдартай боллоо. Гэхдээ энэ даашинз олон нийтэд ил болсон анхны тохиолдол биш" гэжээ. Тодруулбал, Роаны өмссөн даашинзыг хамгийн анх 2003 оны хавар дуучин Бйонсе "Elle" сэтгүүлийн зураг авалтад өмсөж байсан аж. Гэсэн хэдий ч Роан уг даашинзыг бүхэлдээ өөрийн нэрийн хуудас болтол дархлав.

ГАЛ ХАЛУУН ЗАЛУУ НАСАА ТЭМДЭГЛЭХ СМИТ АХ ДҮҮС

Жейден Смит "Louis Vuitton" брэндийн тас хар хослол өмссөн байхаас гадна толгойдоо шилтгээн угласан байх нь тэр. Харин дүү Виллоу Смит нь орь залуу насны холливуудчуудыг тодорхойлох сонгодог хослол өмсчээ. Мөн үсээ задгайлж, төрөлх буржгар үсээрээ гоёсон байв. Энэ нь өндөр өсгийтэй платформ шаахайтай нь хосолж байлаа.

КАНЬЕ, БИАНКА НАРЫН "ӨӨР ЕРТӨНЦ"

Ким Кардашианы экс нөхөр Канье Уэст рэппер Ye нэрээр уран бүтээлээ туурвиад багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Түүний хувьд Грэммийн шагнал гардуулах ёслолд олон ч жил оролцож, гоо бүсгүйчүүдээр гангарч байлаа. Харин одоогийн эхнэр Бианка Сенсори нь нэвт харагдах нимгэн даашинз өмссөн нь олон нийтийг алмайруулж орхив. Түүний хувьд өдөр тутмын хэв маягаараа шуугиан тарьдаг гэдгээрээ алдартай. Мөн Ye яаж хувцаслахыг нь шийддэг гэж яригддаг бөгөөд эхнэрээ нүцгэн мэт харагдуулж хувцаслах болсных нь цаад утга учир юу вэ?

ЭРХЭМСЭГ ЭМЭГТЭЙ

Сабрина Карпентер энэ удаагийн улаан хивсний ёслолд өөрийн голлох загварын чиг хандлагаараа хувцасласан байлаа. Түүний хувьд усан ягаан, цэнхэр, цагаан өнгийн хувцас гол төлөв өмсөж, эрхэмсэг дүр төрхийг бий болгодог. Тиймдээ ч Жонатан Андерсоны урласан цайвар цэнхэр өнгийн торгомсог даашинзыг өмсжээ. Бетанкур уг хувцаслалтыг "Тачаангуй, эрхэмсэг байдлын төгс хослол" гэж тодорхойлсон байна.

УЛААН БОЛ БҮХ ЗҮЙЛ

Хайр сэтгэлийн адармаатай, сэтгэлд хоногшсон мэдрэмжийг дуу болгон, сонсогч олны зүрхийг булиглуулах Тэйлор Свифт энэ удаад улаан өнгийг нэрийн хуудсаа болгож, найз залуу Травис Келчегээ дэмжиж буйгаа даашинзаараа илэрхийлэв. Төрөлхийн урт хөлтэй, алтан шаргал үстэй Тэйлор найз залуудаа зориулж хувцаслаагүй байсан ч олны харцыг булааж чадахуйц гайхалтай харагдаж байлаа. Тэрбээр Вивьен Вествудын урласан богино улаан, шигтгээ мэт гялалзах даашинз өмссөн юм. Мөн "Т" үсэгтэй гоёлын гинж зүүсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж