Хятадын хариу цохилт

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хятадын хариу цохилт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Энэ бол  улс орнуудын хооронд үл ойлголцол үүсгэж ч болохоор төвөгтэй сэдэв. Тухайлбал, соёл, газар зүйн хувьд АНУ-тай маш ойрхон байдаг улсын хувьд канадчууд эдийн засгийн дайныг цочирдож хүлээж авчээ. Тийм учраас канадчууд АНУ руу хийх аяллаа цуцалж, америк архи, согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүүнийг бойкотлож эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Түүнчлэн Канад улс Трампийн шийдвэрийн хариуд америк бараанд 107 тэрбум ам.долларын татвар ногдуулсан.

Эцэст нь Трамп Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэрээ 30 хоног түр харзнахаар болов. Үүнийгээ тэр эдийн засгийн эцсийн хэлэлцээр байгуулах боломжтой эсэхийг шалгах 30 хоногийн хугацаа гэж нэрийджээ.

Харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр өчигдрөөс /2025.02.04/ эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэн билээ. Хятад улс энэ шийдвэрийн хариуг өдөрт нь барьж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд мөн адил татвар ногдуулахаа мэдэгджээ. Тодруулбал, Хятад улс АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүнд 15 хувь, түүхий нефть, хөдөө аж ахуйн машин механизм, том оврын автомашинд 10 хувийн татвар тус тус ногдуулна гэж мэдэгдсэн байна.

Хятад энэ мэдэгдлийг Трампийн шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн минутын дотор гаргажээ. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комиссын мэдэгдэлд "АНУ-ын нэг талын татварын өсөлт нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж, Хятад, АНУ-ын харилцааг сүйтгэсэн үйлдэл" гэжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч ч бас үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тус яам "АНУ-ын арга барил нь дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог ноцтой сүйтгэж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үндэс суурийг эвдэж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулж байна" гэж мэдэгдэв.

Дээр нэрлэсэн татварын нэмэгдлээс гадна Хятад улс АНУ-ын хэд хэдэн том компанийн үйл ажиллагаанд хяналт, хязгаарлалт тогтоохоо мэдэгдээд буй.

Тодруулбал, Хятад улс "Google" компанийг монополийн эсрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр шалгаж, өндөр технологийн бүтээгдэхүүний чухал бүрэлдэхүүн хэсэг болох гянт болд болон бусад газрын ховор элементтэй холбоотой экспортын хяналтыг зарлажээ. Мөн АНУ-ын генийн дараалал тогтоох "Illumina" компани болон "Calvin Klein", "Tommy Hilfiger" нарын толгой "PVH Corp"-ийг "найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалт"-д оруулж, Хятадад үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарлана гэв.

Цаашилбал, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс АНУ-ын тарифын арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагад шилжүүлсэн гэж Хятад мэдэгджээ. Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанаас хойш Дэлхийн худалдааны байгууллагын давж заалдах шатны шүүхэд шинэ шүүгч элсүүлэх боломжгүй болсон. Мөрдөгдөж ирсэн дүрэм ёсоор шүүгчдийг тус байгууллагын гишүүн орнуудын зөвшилцөж байж сонгодог. Гэвч АНУ энэ үйл явцыг хааж, шинэ шүүгч томилох боломжгүй болгосон.

Үүнээс болоод Дэлхийн худалдааны байгууллага болон бусад улс хоорондын маргааныг үр дүнтэй зохицуулахад төвөгтэй болжээ. Гэсэн хэдий ч Хятад улс олон улсын дэмжлэгийг авахын тулд Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулан нэхэмжлэл гаргах боломжтой аж.

Хятадын бараа бүтээгдэхүүний цөөнгүй хувь нь Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанаас хойш хэдийнэ татварын нэмэгдэлд хамрагдчихсан байв. Гэхдээ энэ удаад шинээр зарласан татварт хамрагдах бүтээгдэхүүнүүд нь өмнөх бүтээгдэхүүнээсээ илүү нөлөө үзүүлж магадгүй байна.

Тухайлбал, АНУ вольфрам буюу гянтболдынхоо дөрөвний нэгийг Хятадаас импортолдог. Гэтэл Хятад улс дэлхийн нийт нийлүүлэлтийн 80 орчим хувийг үйлдвэрлэдэг учир өөр эх үүсвэр ховор гэсэн үг юм. Энэхүү чухал металыг чип үйлдвэрлэгч "Nvidia" зэрэг томоохон компани ашигладаг.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливиттийн мэдээлснээр Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй ойрын хоёр өдрийн дотор ярилцах төлөвтэй байна. Хятад улс Канад, Мексик, Колумбиас өөр арга барилаар ажиллана гэж үзэж байна.

10 хувийн гаалийн татвар нь Хятадаас Мексик болон бусад улс руу фентанил болгон боловсруулж, улмаар АНУ руу хууль бусаар нэвтрүүлдэг урьдал химийн бодисуудын урсгалыг зогсоохын тулд үзүүлж буй шахалт гэж Трамп тайлбарласан. Гэсэн ч АНУ-ын үхлийн аюултай фентанилын хямралыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол дотоодын эрэлтийг бууруулах явдал гэж Хятад үзэж байна. Эсрэгээрээ татварын нэмэгдэл нь хар тамхины хяналтын ирээдүйн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж эмээж байна.

Энэ талаар Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ "Фентанил бол АНУ-ын асуудал. Хүн төрөлхтөний төлөө, сайн санааны үүднээс Хятад улс энэ асуудал дээр АНУ-д дэмжлэг үзүүлсэн" гэжээ.

Трамп Хятадад ногдуулж буй 10 хувийн татвараа ердөө эхний цохилт гэж нэрийдсэн билээ. Хятадтай тохиролцоонд хүрч чадахгүй бол энэ хувийг улам ч өсгөх боломжтой аж. Гэтэл Хятад ийнхүү эргүүлэн хариу цохилтыг барьсан тул дэлхий нийт эдийн засгийн акул хоёр гүрний худалдааны дайны шинэ бүлэг цаашид хэрхэн өрнөхийг ажигласаар байна.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.179.221

За энэ дайнд МУ амиа бодож оролцохгүй бол байх эсэхээ шийдэх болно шүү. Лав АНУ-гийн талд орж болохгүй. Сайн муугаа хэдэн мянган жил мэдэх, өнөөдөр манай амьжиргааг залгуулж байгаа хөршийнхээ талд орно шүү. Ядарсан муу улсаа, Дорж, Должингоо хаяад Америк руу гараад зугтахчих дарга нар баячууд лтэдний талд орог

Avatar

Нэргүй 46 минутын өмнө 66.181.188.220

Эмээ уугаач тэнэг ээ,,,

Avatar

ИРГЭН 1 цагийн өмнө 66.181.191.209

Дэлхийн Улс орнууд,,,,Улс, Ард иргэдийнхээ төлөө ингэж Тэмцэлдэж байхад Манай ЗГ, Төр,,,,,,,,Ард иргэдээ шулж мөлжиж, Гадныханыг харж үзсэн шийдвэр гаргаж, Дарга нар Өөрсөдөө л Баяжихын төлөө бодлого явуулж байна

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.160.114

Хятадууд тэгэж тэнэгтэхгүй бизээ…. Хятад, Америкийн зах зээлээс шахагдвал орыг нь эзлэх гээд хүлээж байгаа улс захаас аваад замаар дүүрэн байгаа дөөөө ..Энэтхэг Малайз Мексик Пилипин гээд л ур цуваа болох байх …Япон Солонгосууд ч бөөн баяр болох биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж