"Б.Энх-Амгалан хууль зөрчсөн учраас гарын үсэг зураагүй"

"Б.Энх-Амгалан хууль зөрчсөн учраас гарын үсэг зураагүй"

"Б.Энх-Амгалан хууль зөрчсөн учраас гарын үсэг зураагүй"

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Гэрч Цогтцэций сумын Засаг дарга асан О.Бадарч:

-Сумын ИТХ-ыг 2019 оны дөрөвдүгээр сард зарлаж, "Страто" ХХК-ийн тээвэрлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн ИТХ-аар явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ үед иргэн Батдэлгэр "Ирэх долоо хоногт энэ зам улсын чанартай болно" гэж хэлсэн. Яагаад Засгийн газрын гишүүн шийдэх асуудлыг та нар мэдэж байгаа юм бэ гэж хэлээд хурал дууссан. Үүний дараа улсын чанартай зам болох тушаал гарсан.

"Б.ЭНХ-АМГАЛАН САЙД ӨРӨӨНДӨӨ ДУУДАХАД ХОЁР ХҮН СУУЖ БАЙСАН"

Гэрч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын мэдүүлэгт дурдсан агуулга "Миний бие 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус яамны ТНБД-аар ажиллаж байна. Ажил үүргийн хувьд яамны өдөр тутмын ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Өнгөрсөн 2019 оны гурав, дөрөвдүгээр сарын орчимд “Страто” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр чиглэлийн 407 км замыг нүүрс тээвэрт ашиглах хүсэлтийг яаманд удаа дараа тавьсан байдаг. Тухайн үед он сарыг нь санахгүй байна. Тухайн үеийн Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь орох үед "Страто" ХХК-ийн төлөөлөл гэх нэг эрэгтэй, нэг эмэгтэй сууж байсан. Сайд надаас "Страто" ХХК энэ замыг нүүрс тээвэрт ашиглаж, хөрөнгө оруулж засах хүсэлтийг тавьсан. Хуулийн хүрээнд ямар боломж байна вэ гэж асуусан. Тэгэхээр нь би хувийн хэвшил хөрөнгө оруулаад зам засч, ашиглах бол Концессын хуулиар явах ёстой. Сангийн яаманд хандаж, энэ асуудлаа шийдүүлэх нь зүйтэй. Манайх эрх олгох боломжгүй, судлая гээд уулзалт дууссан.

Хэсэг хугацааны дараа тавдугаар сарын орчимд Б.Энх-Амгалан сайд өрөөндөө дуудахаар нь ортол өмнө  нь ирсэн хоёр хүн сууж байсан. Тэр үед Б.Энх-Амгалан сайд "Энэ компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр чиглэлийн 407 км замыг улсын чанартай зам болгож, хөрөнгө оруулаад ашиглах санал тавьж байна" гэж хэлсэн.

Тэгэхээр нь би Автозамын тухай хуулийн 15.2 дугаар зүйлд замыг тодорхой ангилалд хамруулах, нэг ангиллаас шилжүүлэхийг төрийн захиргааны төв байгууллага хариуцна гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөнө гэх хуулийн зохицуулалт байгаа тул энэ журмаар шийдвэрлэнэ" гэж хэлээд гарсан. Тэгээд байж байтал 2019 оны тавдугаар сарын эхээр Цогтцэций сумаас Чойр чиглэлийн 407 км орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгох тушаалын төсөлд санал авах хуудас над дээр ирсэн. Би энэ санал дээр дэмжихгүй гээд гарын үсэг зураагүй. Автозамын тухай хуульд улсын чанартай зам нь нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд болон хилийн боомттой холбосон байна гэдэг хуулийн заалттай зөрчилдөж байсан. Замыг ангилал шилжүүлэхэд тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөнө гэсэн шаардлагыг хангаагүй байсан. Гэвч Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 134 дугаартай авто замын ангиллыг шилжүүлэх тушаал гарч,  Цогтцэций сумаас Чойр чиглэлийн 407 км орон нутгийн чанартай замыг улсын чанартай ангилалд шилжүүлж, солбилцлыг нь баталсан байсан. Үүний дараа 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр салбарын сайдын 227 дугаартай эзэмших эрх олгох тушаалаар тус 407 км улсын чанартай авто чанартай замыг түр хугацаагаар эзэмших эрхийг "Их дэлгэмэл энгүүн" ХХК-д олгож, гэрээ байгуулах эрхийг ТНБД буюу надад зөвшөөрсөн байсан. Би тус компанийн төлөөлөл яамны мэргэжилтнүүдтэй уулзаж, гэрээ байгуулах чиглэл өгсөн. Ажлын даалгавар баталж өгөхөөр болсон юм. Ажлын даалгавар дээр 2019 оны хоёрдугаар улиралд багтаан нарийвчлан зургаа боловсруулна гэж заасан боловч зураг боловсруулж ирээгүй учраас гэрээ байгуулаагүй. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 134 дүгээр тушаалаар 407 км замыг улсын чанартай болгосны дараа буюу 2019 оны долдугаар сарын 2-нд Б.Энх-Амгалан сайд над руу утсаар ярьж, "Нөгөө "Страто" ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн нээлт болох юм байна. Манайх хамтран ажиллах санамж бичиг байгуулна" гэж хэлсэн. Үүний дагуу мэргэжилтэн Эрдэн-Очиртай хамт Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхайн дэргэд байдаг "Страто" ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн нээлтэд оролцож, санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичиг нь улсын чанартай замыг хатуу хучилттай болгох утгатай байсан. Гэрээ байгуулах үүрэг чиглэлийг тухайн үеийн сайд өгсөн. Миний хувьд хууль зөрчиж болохгүй гэдгээ хэлсэн" гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг.

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ.  Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан.

Гэвч шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 103.212.162.147

Дарханы замыг там болгож ,олонхүний ажил амьдралыг сүйтгэсэн ,Хариуцлага хүлээлгүй яюж бгаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.63

ANUSDI80955877

Avatar

Зика 2 цагийн өмнө 103.212.118.229

Дарханы зам олон хүний амь нас, энэ тухайн үед сайд басан Тендер зарласан Энхамгалангаас асууя. Мишээл томроод байдаг Дарханы зам 8 жил болж олон түмнийг хашраасан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж