Дэлхий дахин тойрог эдийн засагт шилжиж байна

Дэлхий дахин тойрог эдийн засагт шилжиж байна

Дэлхий дахин тойрог эдийн засагт шилжиж байна

Үнэт эдлэл, хувцас, хүнсний хог хаягдал гээд бүхий л салбарууд "тойрог эдийн засаг"-т анхаарлаа хандуулах болжээ. Энэ нь үрэлгэн байдлаа багасгах замаар санхүүгийн үр өгөөжийг хүртэх нэгээхэн арга юм. "Тойрог эдийн засаг"-ын хэлбэрээр ажилласнаар дэлхий дахин 2030 он гэхэд 4.5 их наяд ам.долларын ашиг хүртэх боломжтой гэж "Goldman Sachs" фирм мэдээлжээ.

Тэгвэл "тойрог эдийн засаг" гэж юу вэ?

Үүнийг дугуй, тойрог, циркуляр, дугариг эдийн засаг гэх зэргээр нэрлэж байна. Энгийнээр хэлбэл, энэ нь хог хаягдлыг хамгийн бага хэмжээнд байлгаж, бүтээгдэхүүнийг дахин ашиглах, засварлах, дахин боловсруулах үйл явц юм. Хог хаягдлыг дахин боловсруулалгүй шууд хаядаг бол үүнийг шугаман загвар гэнэ. Тэгэхээр "тойрог эдийн засаг"-т шилжье гэвэл одоо байгаа системдаа бага зэрэг, аажим өөрчлөлт оруулах бус бүхэлд нь өөрчлөх учиртай аж.

"Тойрог эдийн засаг" нь гурван зарчимтай. Эдгээр нь хог хаягдлыг арилгах, бүтээгдэхүүн, материалыг хамгийн өндөр өртөгөөр эргэлдүүлэх, байгалийг нөхөн сэргээх гэсэн гурван зарчим юм.

Хятадын "Deartree" компани энэ зарчимаар ажилладаг. Тус компани нь албан тасалгааны хуучин тавилгыг худалдан авч, засварлаад, түүнийгээ "Microsoft", "Tencent", "Starbucks" зэрэг дэлхийн томоохон компаниудад зарах, эсвэл түрээслүүлдэг. Харин Голландын "De Clique" компани кофены шаар зэрэг хүнсний хог хаягдлыг цуглуулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад зардаг.

Дэлхийн томоохон хотууд хүртэл "тойрог эдийн засаг" системд шилжихийг зорьж байна. Тухайлбал, Глазго хот 2045 он гэхэд, Амстердам 2050 он гэхэд энэ системд шилжсэн байхаа амлажээ.

"Тойрог эдийн засаг"-ийг бүрэн төгс хэрэгжүүлэх нь нэг талаасаа сэтгэлгээний өөрчлөлт болно.

АНУ-ын үнэт эдлэлийн "Sonalore" компани ер бусын бизнесийн загвар ажиллуулж, ижил үйл ажиллагаа эрхэлдэг бусад бизнес эрхлэгчдээ донсолгож байна. Хэрэглэгчид тус компаниас худалдан авсан бүтээгдэхүүн нь таалагдахаа больвол очоод солиулж болно. Компани бүтээгдэхүүнээ буцааж авахдаа алтны зах зээлийн үнээр тооцох аж. Гэхдээ 15 хувийн шимтгэл тооцно.

Ийм загвар нь тансаг зэрэглэлийн цаг, машин зэрэг өндөр үнэтэй бүтээгдэхүүнд хамгийн тохиромжтой аж. "Тойрог эдийн засаг" загвараар бизнесээ амжилттай өргөжүүлье гэвэл, үнэ цэнтэй суурь хөрөнгө, ил тод, шударга үнэ, дахин борлуулах үр ашигтай механизм гэсэн гурван зарчмыг баримтлах шаардлагатай.

Хүмүүс нэг үеэ бодвол тогтвортой байдалд маш их санаа тавьдаг болсныг бизнес эрхлэгчид онцолж байна. Залуус бүтээгдэхүүн худалдаж авахдаа илүү гүн гүнзгий судалж, эх үүсвэр, нийлүүлэлтийн сүлжээнийх нь талаар асуудаг, худалдан авсан зүйлийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг жинлэдэг болжээ.

Мэдээж сүүлийн үед яригдах болсон нэг томоохон сэдэв бол хуучин хувцас. Хуучин хувцасны зах зээл 2028 он гэхэд дэлхийн хэмжээнд 350 тэрбум ам.долларт хүрч, хурдацтай өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Энэ жилийн тухайд хуучин хувцасны зах зээл 264 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

"Тойрог эдийн засаг" аргаар ажиллаж буй компаниудын тоо мэдэгдэхүйц өсч байгаа. "Goldman Sachs" фирмийн мэдээлснээр энэ онд 150 орчим компани энэ зах зээлд нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд 875 компани болжээ. Эдгээр компани дундаас эдийн засгийн үнэлгээгээрээ тэргүүлж буй томоохон төлөөлөгч нь Сингапурт төвтэй үйлдвэрлэгч "SMC" корпораци юм. Тус компани аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Мөн Хятадын "Lenovo" компани жагсаалтад багтжээ.

"Тойрог эдийн засаг" нь нүүрстөрөгчгүй ирээдүй, биологийн олон янз байдлын алдагдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг дэлхий дахины хөрөнгө оруулагчид, корпорациуд, улстөрчид улам бүр хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, Европын холбооноос гаргасан хэд хэдэн журам нь "тойрог эдийн засаг" загварыг дэмжсэн, шаардсан утгатай байдаг.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн 2024 оны Хүнсний хог хаягдлын индексийн тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд өдөр бүр нэг тэрбум хоол хүнс хаягдаж байна. Энэ бол зах зээлийн доголдол, байгаль орчны ч доголдол. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр 700 сая гаруй хүн өлөн зэлмүүн өдөр хоногийг туулж байна. "Тойрог эдийн засаг" загварыг хэрэгжүүлэх хамгийн боломжтой салбаруудын нэг бол хүнс.

Үнэн хэрэгтээ энэ загварыг олон салбарт ашиглаж болно гэдгийг үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид нотлон харуулж буйг дээр дурдсан билээ. Технологи болон ил тод байдлын тусламжтайгаар уламжлалт салбаруудад энэ сэтгэлгээг суулгах нь жинхэнэ сорилт бөгөөд боломж гэдгийг тэд онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж