Өнгөрсөн бямба, ням гаригуудад
Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намын хороод дотоод сонгуулиа
явуулж, намын хорооны нийт гишүүдийнхээ 3/1-ийг ротацид оруулан шинээр
сонгосон. Харин одоо аймгуудын намын хороонд шинээр сонгогдсон
гишүүдийг батламжлах, намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-нд нэр
дэвшигчдийг сонгох хурлууд эхлээд байна. Өчигдөр Хэнтий аймгийн
Ардчилсан намын хорооны хурал болж, “Цагаан шонхор холдинг”-ийн
ерөнхийлөгч Ч.Энхтайваныг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд сонгожээ.
Гүйцэтгэх зөвлөл гэдэг нь ҮЗХ хуралдахаас бусад үед намын удирдах эрх
мэдлийг хэрэгжүүлдэг, МАХН-ынхаар бол Удирдах зөвлөл гэсэн үг, 21
гишүүнтэй. Хэнтий аймгаас Ардчилсан намын ҮЗХ-нд сонгуультай есөн
гишүүний гурвыг нь намын дүрмийн дагуу ротацид оруулснаас Нийслэлийн
захирагчийн орлогч Да.Ганболд, А.Энх-Амгалан нар өрсөлдөгчгүйгээр дахин
сонгогдсон байна. Харин УИХ-ын гишүүн, “молекул” хочит Батж.Батбаярын
хүү Б.Батбилэгийн оронд Хэнтийн Ардчилсан намын хорооны гишүүн
н.Хүдэрбаатар гэдэг залууг ҮЗХ-нд шинээр сонгожээ.
Харин нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын
хорооны сонгууль нэлээд ширүүн болж өнгөрчээ. Тус дүүргээс Ардчилсан
намын генсек Д.Эрдэнэбат, Иргэний хөдөлгөөний О.Магнай хоёрыг ҮЗХ-нд
шинээр нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ нь Нийслэлийн Ардчилсан намын
дарга С.Эрдэнийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг тус дүүргээс шахах тактик
болов. Өмнө ч С.Эрдэнэ дарга өөрөө “мөнгө өгдөггүй нөхдүүдийг намаас
шахна” гэдэг үгийг намынхандаа нэг бус удаа хэлж байсан гэдэг. Харин
О.Магнай өмнө нь Сонгинхайрхан дүүргийн Ардчилсан намын хороон дээр
нэрээ дэвшүүлээд унасан. Тиймээс Баянгол дүүргийн Ардчилсан намаас
ҮЗХ-нд дахин нэр дэвшихийн тулд 10 сая төгрөг төлсөн гэх яриа бий.
Нийслэлийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ саяхан
тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ “Х.Тэмүүжин гишүүн
Баянголоос дахиж нэр дэвшихгүй, тойргийнхоо мөнгийг өөр тийш нь
шилжүүлээд явсан” гэж улаан цайм гөрдсөнөөс үзсэн ч Д.Эрдэнэбатыг
Багануураас шилжүүлж, О.Магнайн хамт тус дүүргээс ҮЗХ-нд нэр
дэвшүүлэхээр болсон нь цаанаа зорилготой бололтой. Хэрвээ Х.Тэмүүжин
гишүүн дүүргээсээ ҮЗХ-нд сонгогдож чадахгүй бол УИХ-ын сонгуульд энэ
тойргоос нэр дэвших эрхгүй болох юм. Дугаар шилжих мөчид Баянгол
дүүргийн Ардчилсан намын хорооны сонгуулийн дүн гарчээ. Намын хорооны
105 гишүүнээс 35 нь Х.Тэмүүжин гишүүний төлөө саналаа өгсөн байна.
Түүнтэй хамт өмнө нь дүүргийн намын дарга байсан н.Батдорж гэгч мөн
ҮЗХ-ноос хасагджээ. Тэдний оронд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн
дарга Д.Эрдэнэбат, Иргэний хөдөлгөөний О.Магнай нар ҮЗХ-нд сонгогдсон
байна. Харин Сүхбаатар, Хан-Уул зэрэг нийслэлийн бусад дүүрэг, аймгуудын
Ардчилсан намын хороодын хурал ирэх амралтын өдрүүдэд болох юм байна.
Б.ЗАЯА