Хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Лос Анжелес хотноо "Crypto.com" аренад болж байна. Наадмыг комедиан Тревор Ноа хөтлөн явуулж байна. Лос Анжелесын аймшигтай гал түймрийн дараах сэргэн босголтын үеэр болж буйгаараа энэ удаагийн наадам онцлог. Тийм учраас наадмын үеэр түймэрт хохирсон урлаг соёлынхонд тусламж үзүүлэх, үүнд чиглэсэн хөрөнгө босгох зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Тайзнаа уран бүтээлээ толилуулах уран бүтээлчдээс дурдвал, Билли Эйлиш, Стив Уондер, Крис Мартин, Жон Леженд, Шерил Кроу, Сабрина Карпентер, Шакира нар байна.
Наадмын шагналтнууд эхнээсээ дуулиан шуугиантайхан тодорч эхлээд байна. Эндээс онцлууштай нь, дуучин Бейонсе “Cowboy Carter” цомгоороо "Шилдэг кантри цомог", поп сенсацийн эзэн гэгддэг Сабрина Карпентер "Шилдэг поп вокал цомог" шагналуудын эзэн тус тус болов. Карпентерын хувьд хэд хэдэн номинацид нэр дэвшиж, анхны Грэмми нь сенсацитай эхэлж байна.
Мөн домогт Битлз хамтлаг "Now and Then" дуугаараа "Шилдэг рок уран бүтээл" шагнал хүртэж, Грэммийн найман удаагийн ялагч боллоо. 1980 онд нас барсан талийгаач Ленноны бичсэн эл дууг Пол Маккартни хамтлагийнхаа хамгийн сүүлчийн дуу гэж нэрлэсэн юм. Шагналыг Жон Леннон, Йоко Оно нарын хүү Шон Оно Леннон гардан авчээ.
АНУ-ын ерөнхийлөгч агсан Жимми Картер “Last Sundays In Plains: A Centennial Celebration” аудио номоороо Грэммийн шагналыг хүртэв. Тэрээр шагналд нэр дэвших үедээ 100 настай байснаараа Грэммийн түүхэн дэх хамгийн өндөр настай нэр дэвшигч болсон юм. Өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч тэр Грэммийн түүхэн дэх хамгийн өндөр настай ялагч гэсэн алдрын эзэн болж байна.
Шагналтнууд болон уран бүтээлчдээс гадна жил жилийн наадамд анхаарал татсан элдэв үйл явдал нэгээр тогтохгүй болдог. Энэ жилийн тухайд реппер Канье Уэст болон түүний эхнэр Бианка Ценсори нарыг шагнал гардуулах ёслолоос хөөж гаргасан явдал байлаа. Учир нь Бианкагийн нэвт гэрэлтсэн тунгалаг даашинз олны эгдүүцлийг төрүүлсэн аж. Гэвч сүүлд нь эх сурвалж мэдээлэхдээ "Түүнийг хөөж гаргаагүй. Тэр шагналд нэр дэвшсэн хүн шүү дээ. Улаан хивс дээгүүр алхчихаад машиндаа суугаад яваад өгсөн" гэжээ.
Холбоотой мэдээ