Грекийн алдарт Санторини аралд сүүлийн өдрүүдэд ойр давтамжтай 200 удаа газар хөдөлжээ. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригаас Ням гаригийн хооронд Санторини болон Аморгос арлын хооронд 200 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний дотор хамгийн хүчтэй нь 4.6 магнитуд байсан.
Иймд оршин суугчдыг олон нийтээр цугларахгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ сургуулиудыг өнөөдрөөс эхлэн хааж байна. Мөн Эгийн тэнгис дэх Анафи, Иос, Аморгос арлуудад сургуулиудыг хаах болжээ.
Санторини арал нь ойролцоогоор 3600 жилийн өмнө галт уулын дэлбэрэлтийн үеэр үүссэн бөгөөд байгалийн үзэмжид нь татагдаж олон мянган жуулчин байнга зорьдог газар юм. 20 мянга орчим оршин суугчтай Санторини нь жуулчдын дунд алдартай тул "Инстаграмын арал" ч гэж нэрийдэх нь бий. Гэвч газар зүйн байршлын хувьд тус арал нь хэд хэдэн хагарлын шугам дээр оршдог тул газар хөдлөлт цоо шинэ зүйл биш юм. Газар хөдлөлтийн эрсдэл байсан ч 3.4 сая хүн жил бүр Санторини арлыг зорьдог.
Хамгийн сүүлийн үеийн чичирхийллийн улмаас учирч болзошгүй эрсдлийг үнэлэхээр бүс нутгийн Онцгой байдлын хороо Ням гаригт хуралджээ. Өнөөдөр дахин нэг удаа хуралдахаар товложээ.
Санторини арал нь сүүлийн 400 мянган жилийн хугацаанд 100 гаруй удаа дэлбэрч байсан Европ дахь хамгийн идэвхтэй галт уулын талбайн нэг болох Грекийн галт уулын нумын нэг хэсэг юм. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлтийн идэвхжил галт уулын идэвхжилтэй холбоогүй болохыг эрх баригчид мэдэгджээ. Эсрэгээрээ энэ нь дээр дурдсанчлан тектоник хөдөлгөөнтэй холбоотой аж. Өмнө нь 2011, 2012 онд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байсан ч галт уул дэлбэрээгүй.
Санторинид хамгийн сүүлд 1956 оны долдугаар сарын 9-нд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ үеэр 25 метрийн өндөртэй цунами болсон бөгөөд 53 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаж байжээ.
0 сэтгэгдэл