Эрс тэс уур амьсгалтай Монголд гадаа талбайн спортын төрлүүд хөгжихөд зарим талаараа учир дутагдал бий. Өвөлдөө Сибирийн хүйтэн урсгал орж, зундаа хуурай байдаг учир жилийн дөрвөн улирал тогтмол хичээллэнэ гэдэг амаргүй. Тиймээс монголчуудад дасан зохицох, өөр шийдэл хайх сорилт гарч ирдэг.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүр өвлийн улиралд гадаа талбайн дээд лигээ амрааж, футзалын лигээ эхлүүлдэг. Энэ жил ч уламжлал ёсоор футзалын ордонд шинэ лиг арван багтай, хоёр тойргийн тоглолттой эхэлж, уран тансаг тоглолт, чадварлаг тоглогчдоор үзэгчдийн, хөгжөөн дэмжигчдийн хараа, сэтгэлийг булааж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд футзалын дээд лигийн ээлжит тойргийн тоглолтууд болсоноос гадна олны танил эрхмүүдийн үзүүлэн тоглолт болжээ.
Лигийн тоглолт эхлэхээс өмнө тус холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганбаатараас зарим зүйлийг тодруулав. Тэрбээр энэ жилийн футзалын лигийн талаар ярихдаа "Энэ жил лиг маань арван багтай, маш өрсөлдөөнтэй болж байна. Тоглолт бүрт л ордон дүүрэн үзэгчид үзэж байна. Мөн шууд дамжуулалт тогтмол явж байгаа. Өнөөдөр олны танил эрхмүүдийн шоу тоглолт болох гэж байна. Мэдээж үйлчилгээ дэлхийн жишигт нийцэж байгаа" гэв.
М.Ганбаатар сүүлийн үед холбоонд нь үүсээд буй санхүүжилтийн талаар тодотгон "Өнөөдөр холбоонд шүүмжлэх асуудал олон бий. Хөлбөмбөгийн холбоо одоо өөрөө санхүүжилтээ хуваарилдаг биш бусад клубууд, гишүүн холбоодын төсөл, санал дээр үндэслэн санхүүжүүлдэг болох шинэ дамжлагатай болно. Энэ жил футзалын шигшээ багийг олон улсын тэмцээн уралдаан хүлээж байгаа" гэлээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэд байрлах футзалын ордонд амралтын өдрүүдээр гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолт, үзэгчдээр дүүрэн байв. Амралтын өдөр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөж, лигийн тоглолт үзэж буй хүмүүс олон харагдсан. Хүүхэд багачууд ч талбай дээрх тамирчдын ур чадвар, гоол, гоолын баярыг ихэд шохоорхон даган дуурайж, хөлбөмбөгт дурлах шалтгаанаа олох шиг.
Энэ үеэр үзэгчдийн сэтгэгдлийн сонссон юм. Ж.Ууганбатын хувьд сүүлийн жилүүдэд футзалын лигийг эрчимтэй үзэж, "дурласан" бөгөөд Эрхэс багийн фанат гэнэ. Тэрбээр "Эрхэс багийн залуучуудыг би дэмждэг юм. Би өөрөө волейболын спортод их дуртай, үздэг. Харин сүүлийн үед футзалын лигийг үздэг болоод байна. Жилээс жилд л залуучуудын ур чадвар сайжирч, лигийн өрсөлдөөн ширүүсч байгаа харагдах юм" гэлээ. Түүний хувьд амралтын өдрүүдийг тэсэн ядан хүлээж, футзалын лигийн тоглолтоо ирж үздэг аж.
Өндөр, хурдан хэмнэлтэй, жижиг зайд асар их хурд, хүч, чадвар шаарддаг, олон гоолтой энэ төрлийн хөлбөмбөг Ж.Ууганбатын сонирхлыг ихэд татжээ. Уйдах ч, хараа салгах ч зав байдаггүй гэв.
Энэ өдрийн эхний тоглолт футзалын олон жилийн түүхтэй Улаанбаатарын Мазаалайнууд болон ҮБХИС-ийн Зөгийнүүд багийн хооронд эхэлж, үндсэн цагт 5-3 гэсэн харьцаатай Мазаалайнуудын ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтод Э.Отгонбаяр хет-трик толилуулж, ордоныг шуугиулав.
Үүний дараа олны танил эрхмүүдийн үзүүлэн тоглолт эхэлсэн. Монголчуудын сайн мэдэх реппер "OG Bro" буюу Н.Эрхэмбаяр, жүжигчин Лууяа буюу Э.Лувсанцэрэн, Б.Буянтогтох, О.Анхсүх, волейболын шигшээ багийн тамирчин Г.Хонгорзул, дуучин "Sanaa" буюу З.Санаа, нийгмийн сүлжээнд од болоод буй Хоронзон гишүүн буюу Д.Дөлгөөн, Монголд олон жил хөлбөмбөг тоглож буй Мизүхо Сасаки тэргүүтэй эрхмүүд оролцсон юм. Ширүүн өрсөлдөөнтэй, лигийн өндөр темптэй тоглолтын дараа үзэгчдэд инээд, хөөр бэлэглэсэн басхүү багахан тэмцэлтэй, зугаатай үйл явдлуудтай энэхүү арга хэмжээ олны анхаарлыг ихэд татаж байлаа. Тус тоглолтод улаан өмсгөлтэй "Technozone" баг цагаан өмсгөлтэй "Soole" багийг 4-3 гэсэн харьцаатай хожсон юм.
Тоглолтын дараа жүжигчин Лууяа "Арван жилдээ хөлбөмбөг нэг их тоглодоггүй байлаа. Сая амьсгаа задраад бүр багтрах гэж байна. Өрсөлдөгч баг сайн байлаа. Надад бол толгойны тоглолт хэрэгтэй юм байна. Яг ийм уур амьсгалд өмнө нь хөлбөмбөг тоглож байсангүй. Өөр содон, гоё мэдрэмж авлаа" гэлээ. Тэрбээр тэмцээнд оролцох урилгаа авсаны дараа тоглолтын өмнөх өдөр "Youtube" дээр төрөл бүрийн техник харж, бага сага хууралт сурсан аж.
Лууяа үргэлжлүүлэн "Лигийн тоглолтууд маш гоё болдог юм байна. Би өөрөө юманд их улаардаг, шатдаг төрлийн хүн. Сая жаахан шунаж тоглолоо. Дахиад удаан тоглосон бол шатахаар юм байна" гэжээ. Түүний хувьд дараа жил дахин урилга өгвөл хүлээн авч, өрсөлдөгч багийнхаа хаалганд гурван гоол оруулна гэдгээ амлав.
Мөн энэхүү тоглолтын их завсарлагаанаар үзэгчдийн дундах хөгжөөнт тэмцээн болж, шагналтнууд тодорсон.
Энэ өдрийн сүүлийн тоглолт Эрхэс болон Номадик Хантерс багуудын хооронд болж, эвийн гэрээгээр өндөрлөжээ. Тус тоглолтын өмнө Номадик Хантерс багийн хаалгач Т.Серлан "Энэ жилийн лигийн өрсөлдөөн, зохион байгуулалт сайжирчээ. Үүнийг харахад сайшаалтай байна. Манай баг ч сайн бэлдсэн. Санасан хэмжээндээ тоглолтоо гаргаж байна. Бэлтгэлийн үр дүнгээ л тоглолтдоо гаргах хэрэгтэй явна. Багт шинээр ирсэн залуучууд маань ч багтаа уусч, сайн тоглолтоо гаргаж байна. Угаасаа өмнө нь лигт тоглож байсан туршлагатай учир дасах гэж хугацаа орсонгүй" гэжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 45.38.15.80
Тавантолгой түлш-ийг Хүрэлсүх болон түүний найзууд хувааж идээд, Улаанбаатарыг хорт хийнд умбуулж, 1,5 их наяд төгрөг зувчуулан, 5000 хүн амь насаа алдлаа. Тэр амьд гэрч болон М.Ганбаатар хөлбөмбөгийн холбоонд очжээ. Хэзээ нэгэн цагт эдгээр хулгайчуудтай хариуцлага тооцогдоно. Бурханаас ч айхгүй, идэж ууж байгаад үйлийн үрдээ орооцолдоно гэдгийг мэддэггүй юм байх даа, амь сахиусаа даатгадаг лам нар нь хэлж өгөөгүй л юм байх даа, өрөвдөлтэй хүмүүс…