Германд төгсөгчдийн өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Германд төгсөгчдийн өдөрлөг болно

Монгол Улсын хэтийн хөгжилд гадаад хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой залуусын үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч тэднийг хэрхэн сургаж бэлдэх, улмаар ажлын байрны мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулах шаардлага өссөөр байгаа билээ. Улс орны хөгжилтэй хобоотой энэ асуудлыг хэлэлцэх үүднээс “Монгол-Германы Гүүр” ТББ энэ сарын 9-10-ны өдрүүдэд “Германд төгсөгчдийн өдөрлөг – 2010” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийг угтан өнөөдөр Гадаад харилцааны яаманд Хэвлэлийн бага хурал болж “Монгол-Германы Гүүр” ТББ-ынхан хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд 1999 онд байгууллагдсан ТББ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон ирээдүйд төлөвлөж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тав дахь удаагаа зохигдох “Германд төгсөгчдийн өдөрлөг” нь 2011 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны 20 жилийн ойг угтаж буйгаараа онцлогтой бөгөөд ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Гёте Институт зэрэг байгууллагууд ивээн тэтгэж байна.

Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд “Хөгжлийн хамтын ажиллагаанд оруулж буй германд төгсөгчдийн хувь нэмэр” сэдэвт бага хурлыг зохион байгуулах бөгөөд Германд төгсөгчдийн цахим хуудсыг  танилцуулах ажээ.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа жилээс жилд өргөжин тэлж буй тухай, мөн ирэх жилүүдэд мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн чиглэлд түлхүү анхаарах асуудлуудыг бага хурлын үеэр авч хэлэлцэх болно. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн, эзэмшиж буй оюутан залуусуудыг улс, орныхаа бүтээн байгуулалтад татан оролцуулах “Зөгийн Үүр” хөтөлбөрийг баталсан нь ХБНГУ-тай энэ чиглэлээр хийх ажлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болсон гэнэ. Өдөрлөгийн үеэр Германд суралцах хүсэлтэй залуучуудад зөвлөгөө өгөх, төгсөж ирэгсдийг ажлын байрны мэдээллээр хангах болон бусад чиглэлээр залуусын танилын хүрээ, мэдлэгийг тэлэх ажлуудыг хамтад нь зохион байгуулахаар  болжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж