Лондончуудын чөтгөрийн тойрог

Лондончуудын чөтгөрийн тойрог

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Лондончуудын чөтгөрийн тойрог

Лондон хотын төв хэсэгт байрлах эзгүй сүмд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван хүн амьдарч байна. Тэд үйл ажиллагаа нь зогссон үл хөдлөх хөрөнгийг хамгаалагч гэсэн нэрийн дор сар бүр төлбөр төлж амьдардаг. Ингэхдээ тухайн бүсийн ердийн түрээсээс хамаагүй бага үнэ төлдөг аж.

Тус сүмийг "Live-in Guardians" гэх компани хариуцдаг. Энэ компани нь Их Британи даяарх эзэнгүй үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцдаг. Үүнд, сургууль, номын сан, паб зэрэг янз бүрийн үл хөдлөх багтана. Дээрх гурван хүнтэй ижил маягаар хамгаалагч болж амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгааг "Live-in Guardians"-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Артур Дьюк хэлэв. Ялангуяа 30, 40 гаруй насныхан энэ маягаар амьдрах хандлагатай байна.

Амьжиргааны өртгийн хямрал нь ийм байдлыг үүсгэж буй. Хүмүүс хямд амьдрах арга зам хайж байна.

Мэдээж ашиглагдаагүй удсан үл хөрөнгөд амьдрах амаргүй. Оршин суугчид нь хуулийн дагуу хамгаалалт авах боломжгүй. Ундны усны цорго байхгүй, тааз нь цоорхой, элдэв аюулд өртөмтгий гээд сөрөг тал ихтэй. Гэсэн ч түрээсийн үнэ нь хямд учир хамгаалагч болж амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Люк Уильямс сүүлийн зургаан жилийн хугацаанд энэ маягаар амьдарч, олон мянган фунт стерлингээ хэмнэж чаджээ. Өдгөө 45 настай тэрбээр хотын зүүн хэсэгт байрлах хуучин оффист амьдардаг. Тэр нь цагаан самбар, гар ариутгагч бодисоор дүүрсэн асар том, нээлттэй талбай аж. Уг нь Уильямс технологийн компанид төслийн менежер хийдэг бөгөөд цалин ч сайн авдаг. Гэвч түрээсийн зардал "галзуурал" гэж хэлэхүйц хэмжээнд байсан тул хамгаалагч болохоос өөр арга байсангүй.

"Санхүүгийн байдал мэдээж чухал. Үүний зэрэгцээ би сонирхолтой амьдралын хэв маягт дуртай" гэж тэр хэлжээ.

Ашиглагдахаа больсон барилгад хамгаалагч маягаар амьдрах энэ хэв маяг 1980-аад онд Нидерландад анх эхэлжээ. Ийм газрууд нь уран бүтээлчид, хөгжимчид гэх мэт хүмүүсийг цаг ямагт татсаар ирсэн. Учир нь энэ төрлийн хүмүүст уран бүтээлээ хийх тусдаа уужуу орон зай хэрэгтэй байдаг нь дамжиггүй.

Их Британи даяар хамгаалагч маягаар амьдарч буй 13500 гаруй хүн байна. Өнгөрсөн жил 50 мянга орчим хүн хамгаалагч маягаар амьдрах хүсэлт гаргасан нь 2022 онтой харьцуулахад 66 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ эрэлт хэрэгцээ нь 20 жилийн өмнө анх үйлчилгээ нэвтэрснээс хойших хамгийн оргил үеийг илэрхийлнэ. Анхандаа 20 гаруй насныхны сонирхлыг хамгаалагчийн амьдрал татдаг байсан ч сүүлийн жилүүдэд 30+ насныхан түлхүү сонирхох болжээ.

Covid-19 цар тахлын дараа Лондон хотод түрээсийн үнэ нэмэгдсэн аж. Хувийн орон сууцны түрээс өнгөрсөн жил 11.5 хувиар өсч, сарын 2220 фунт стерлинг болжээ. Харин Лондон дахь нийтийн байрны сарын дундаж түрээсийн үнэ 993 фунт стерлинг байна.

Эзэнгүй үл хөдлөхийн хамгаалагч болж амьдрахыг анхандаа богемийн амьдралын хэв маяг гэж дэгжинээр нэрлэсэн байсан. Гэвч энэ нь сүүлдээ орон сууцны хямралын шинж тэмдэг болж хувирсан юм.

Лондонд 2019 оноос хойш хамгаалагчийн амьдралаар амьдарч буй Госс энэ өөрчлөлтийн талаар ярьжээ. Түүнийг анх Челси дүүрэгт хамгаалагчаар амьдардаг байхад хөршүүд нь ихэвчлэн шинэ нөхөрлөл хайсан залуус байв. Тэд хамтдаа үдэшлэг зохион байгуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөж, заримдаа дээрэмчний хөлөг онгоц дээр байгаа мэт л зугаатай байдаг байжээ. Хүмүүс тэнд байх гэж л зориуд сонголтоо хийсэн мэт санагддаг байж.

Гэвч 2021 оноос байдал өөрчлөгдөж эхэлжээ. Энэ үеэс мөнгөө хэмнэхийг хүссэн 30+ настангууд нэмэгдэж эхэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд ашиглалтын зардлаас шалтгаалаад хамгаалагчдын түрээс ч нэмэгдэх болжээ. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчид "Энэ бол эмзэг бүлгийнхэнд зориулсан эцсийн арга, аврах сал биш Харин хүмүүсийн найз нөхөдтэй болох, мөнгөө хуримтлуулахад нь туслах нэг арга байх ёстой юм" гэж хэлж байна.

Лондончуудын энэ амьдралыг "чөтгөрийн тойрог" гэж "CNN" агентлаг нэрийджээ. Орон сууцны үнэ өндөр байгаа тул тэд урьдчилгаа төлбөр цуглуулах зорилгоор түрээсийн байранд гацаж байна. Гэвч 2023 онд хийсэн дүн шинжилгээг харвал Лондонд дундын байр түрээсэлдэг дундаж орлоготой хүн үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөрт хангалттай хүрэлцэхүйц мөнгө цуглуулахад 20 орчим жил шаардлагатай ажээ. Лондон дахь байшин эсвэл орон сууцны дундаж үнэ арваннэгдүгээр сард хагас сая фунт стерлинг болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж