Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн төвд байрлах Үндэсний Хангеул музейд Бямба гаригийн өглөө 08:40 цагийн үед гал гарчээ. Эрх баригчид гал гарснаас хойш 50 минутын дотор нэгдүгээр зэрэглэлийн онцгой байдлын дохио өгч, 262 гал сөнөөгчийг илгээсэн байна. Улмаар дөрвөн цаг орчмын дараа буюу 12:30 цагийн орчимд галыг унтраажээ.
Галын улмаас нэг гал сөнөөгч шархаджээ. Харин музейн олдворууд гэмтээгүйг албаны хүмүүс мэдээлэв.
Гал гуравдугаар давхраас эхлээд дөрөвдүгээр давхар луу хурдацтай тархжээ. Музейн үйл ажиллагаа өргөтгөлийн ажлын улмаас түр зогссон байсан. Тиймээс барилга дотор байсан барилгын материал сэлтүүд галыг унтраахад саад болсон аж. Барилгын талбайд гагнуур хийх үеэр үүссэн очноос болж гал гарсан байж магадгүй.
Өргөтгөлийн ажил эхэлснээс хойш эд өлгийн зүйлсийг тусад нь хадгалж байжээ. Зарим олдвор музейдээ үлдсэн байсныг галын дараа ойролцоох Солонгосын үндэсний музейд шилжүүлэн, хамгаалалтад авсан байна. 2014 онд байгуулагдсан тус музей нь Солонгосын хэл бичиг, соёлын ач холбогдлыг сурталчлах зорилготой.
0 сэтгэгдэл