Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин суугчтай. Нам гүмхэн энэ газрыг "Энэтхэгийн шатрын тосгон" гэж 2000-аад оны эхээр алдаршуулжээ. Эндэхийн айл бүрт дор хаяж нэг хүн шатрын спортоор хичээллэдэг. Тосгоны гудамжаар явбал автобусны буудал, хүнсний дэлгүүрийн гадаа, тоглоомын талбайд гэх мэт хаа сайгүй хүмүүс шатар тоглож байдаг.

"Тосгоны 6000 оршин суугчийн 4500 гаруй нь буюу 75 хувь нь чадварлаг тоглогчид" гэж Мароттичалын шатрын холбооны ерөнхийлөгч Жон хэлэв.

Тус тосгоны оршин суугч 15 настай Говришанкар Жаяраж л гэхэд Энэтхэгийн шилдэг 600 шатарчны тоонд багтдаг. Энгийн шатарчидаас ялгаатай нь тэр нүдээ боож байгаад, шатрын хөлгийг сэтгэлдээ төсөөлөн тоглодогоороо алдартай. Шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг Энэтхэгийн хувьд Говришанкар Жаяраж бол нэр хүндийг нь улам өсгөх нэгээхэн тоглогч юм.

Мароттичал тосгон 40 жилийн өмнө архины донтолт, мөрийтэй тоглоомын хямралд нэрвэгдэж, олон гэр бүл сүйрлийн ирмэгт тулж ирээд байв. 1970-аад онд Мароттихалын гурван өрх хувийн хэрэгцээнд зориулж согтууруулах ундаа үйлдвэрлэдэг байжээ. Гэвч 1980-аад оны эхээр тосгон хууль бус архи үйлдвэрлэх томоохон төв болсон юм. Энэ үед тогтмол орлогогүй атлаа архинд донтсоноос болж олон гэр бүл ядууралд нэрвэгдэв.

Тус тосгоны оршин суугч Чаралиил Унникришнан 1980-аад оны сүүлээр цөллөгөөс нутагтаа эргэж ирэх хүртэл энэ байдал үргэлжилжээ. Тосгоны байр байдал түүний ундууцлыг төрүүлсэн тул эхэндээ архи үйлдвэрлэдэг газрууд, тоног төхөөрөмжийг устгах гэх мэт арга хэмжээ авчээ. Ядуу буурай ард иргэдэд үйлдвэрлэлээ дахин эхлүүлэх боломж төдийлөн олдоогүй нь аз болжээ.

Үүнийхээ дараа тэр оршин суугчдыг шатарт "уруу татаж" эхэлсэн байна.

Тэр энэ талаар ярихдаа "Шатар биднийг нэгтгэсэн. Бид энэ тухай байнга ярьж, архи уухын оронд тоглох гэж цугладаг болсон" гэжээ. Удалгүй шатрын хөлөг ширтэн суух хүмүүс тосгон даяар хаа сайгүй харагдах болсон байна. Өдгөө 67 настай Унникришнаныг Мароттихалын оршин суугчид бидний аврагч, бидний хаан гэж нэрлэдэг аж.

Дашрамд дурдахад, шатар нь донтолт, сэтгэл зүй, танин мэдэхүйн асуудлыг эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тоглоом гэдгээрээ дэлхий дахинд алдартай. Тухайлбал, Испанид донтолтын эсрэг нөхөн сэргээх хөтөлбөрт шатрыг багтаасан байдаг. Мөн Их Британийн шоронгуудад хоригдлуудын хоорондын зөрчилдөөнийг арилгах, хүчирхийллийг бууруулах, харилцааны ур чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шатрын клуб ажиллуулах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж