Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй М23 босогчид Хойд Киву мужийн нийслэлийг эзлэн авснаар дор хаяж 700 хүн амь үрэгдэж, 2800 хүн шархдаад буй НҮБ мэдээллээ. Босогчид цаашаа Өмнөд Киву мужийн нийслэл Букаву руу хөдөлжээ. Тэдний замд саад болохын тулд Конгогийн арми Гома болон Букаву хооронд хамгаалалтын шугам тавиад байна. Букавуг хамгаалахын тулд олон зуун энгийн сайн дурынхан элсчээ.
Хохирогчдын тоог гаргахдаа Ням гаригаас Пүрэв гариг хүртэлх тоон мэдээлэлд үндэслэжээ. Тиймээс амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэхээр байна.
Конго улсын зүүн хэсэгт үүссэн мөргөлдөөн 1990-ээд оноос эхэлсэн ч сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй хурцадсан. Талууд мөргөлдөөний шалтгааныг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Угсаатны М23 бүлэглэл цөөнхийн эрхийн төлөө тэмцэж байна гэж мэдэгдсэн бол Конго улсын засгийн газар тэднийг зүүн бүсийн ашигт малтмалын асар их баялагт хяналт тогтоохыг эрмэлзэж байна гэжээ.
Конго улсын Гадаад хэргийн сайд Терезе Кайиквамба Вагнер "Руандачууд манай улсыг хууль бусаар эзэлж, дэглэмийг өөрчлөхийг санаархаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Руандагийн ерөнхийлөгч Пол Кагамег олон арван жилийн турш шийтгэлгүй явууллаа. Олон улсын хуулийг зөрчсөнийх нь төлөө түүнд хариуцлага хүлээлгэхгүй байна" гэжээ.
Харин Руандагийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж, "Мөргөлдөөнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүйн тулд л Руанда цэрэг байрлуулсан" гэжээ.
НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр Руанда улс өнгөрсөн онд М23 босогчдын бүлэгтэй хамтран Конго улсын зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулжээ.
Холбоотой мэдээ