Нэгдүгээр ангийн жаалд дэм хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийн жаалд дэм хэрэгтэй

Хүүхэд нь нэгдүгээр ангид орох анхны өдрийг эцэг эхчүүд сэтгэл хөдлөн, тэсэж ядан хүлээдэг билээ. Тэр өдөр үзэж өнгөрсөн хичээл, шинэ найз нөхөд, нэг ангийнхан, завсарлагаанаар юу хийснийг нь асууна. Энэ хооронд ээж нь хүүхдийнхээ зулайг илэн байдаг. Хэрэв болдогсон бол хүүхэдтэйгээ нэг ширээнд суух байсандаг аа. Сургуулиас авч болох элдэв халдвар эцэг эхчүүдийг үнэхээр их айлгадаг. Сургуулийн хоолны газрын хоол хүнс эргэлзээтэй санагдана. Ямартаа ч гэрийнх шиг биш. Ер нь тэгээд хүүхдээ өдөржин тэнд юу хийж байгааг хянаж чадахгүй болсондоо бяцхан харамсана. Бидний бэлтгэсэн зөвлөгөө танай сургуулийн амьдралын бодит болоод хийсвэр аюулуудаас сэргийлнэ.

Зөв сурахуй

Нэгдүгээр ангийн хүүхдийн тухайд хамгийн хэцүү хичээл нь тоо бодож алим, савх тоолох явдал биш. Харин бичих. Үсэг, үг, өгүүлбэр бичих, самбараас үг, өгүүлбэр хуулж бичих аль аль нь адилхан их хэцүү. Тэр олон тахир махир дүрсийг яаж тогтоох болж байна вэ? Тогтоолоо ч гэсэн яг бичих болохоор яагаад нямбай “ж” үсэг биш харин олон хөлтэй мангас шиг юм болчихдог билээ? Хүүхдийнхээ анхны бичсэн анхны мөрийг хараад дуугаа өндөрсгөх хэрэггүй шүү. Муухай бичиж яриад огт болохгүй ээ. Түүний оронд маш сайн байна, би лав анх бичихдээ долоон дор байсан, хоёр долоо хоногийн дараа гэхэд чи яг л Цэцгээ багш шигээ бичнэ гэж мөрийцсөн ч болж байна гээрэй. Танай хүүхэд урьд нь огт хийж байгаагүй зүйлээ хийж сурч байна. Тэгэхээр таны магтаал, мөн өөртөө итгэх итгэл амьдралын энэ үед тун чухал. Нэгдүгээр ангийн сурагчийн хувьд хоёрдахь хүнд хичээл нь тухайн хүүхдийн бэлтгэлийн түвшин болоод сонирхлоос хамааран математик юм уу уншлага байх болно.  Хэрэв танай хүүхэд дөнгөж 6 настай байхдаа дуртай үлгэрийн номоо ямар ч хүндрэлгүй уншаад сурчихсан нэгэн бол одоо алим хасаж, нэмэх тал дээр тусламж хэрэгтэй болно. Гэтэл дөнгөж сая л уншиж сурч байгаа бол биеэ аль байдгаараа унших гэж хичээнэ. Тиймээс 6 настай хүүхдийн тухайд тасралтгүй унших хугацаа 8 минутаас хэтэрч болохгүй бөгөөд харин 7-8 настай хүүхдийн хувьд энэ үзүүлэлт 10 минут байдаг юм. Харин тасралтгүй бичих хугацаа хичээлийн эхэнд 2 минут 40 секунд, хичээлийн сүүлээр 1 минут 45 секунд байна. Гэрийн даалгавар хийлгэх үед ч энэ хугацааг баримтална. Бяцхан сурагчийн ажлын үр дүн яг л таны ажлын өдөр шиг хоногийн хуваарьт захирагддаг. Нэгдүгээр хичээл сургалтын процесст дасах зохицох үед таардаг бол харин хоёрдугаар хичээл ажлын чадавхийн ид оргил үетэй давхацдаг байна. Нэгдүгээр ангийн сурагчийн анхаарал төвлөрөх хугацаа нэг их урт биш учир гуравдугаар хичээлээс эхлээд ажиллах чадвар буурч, харин дөрөвдүгээр хичээл гэхэд дотоод нөөц нь бараг шавхагдана. Тиймээс хичээл ч бас хүнд хэцүүгээсээ хамааран энэ схемд захирагдах ёстой. Бичлэгийн хичээлийг хоёрдугаар цагт оруулж, нэг ба дөрөвдүгээр цагт хамгийн хөнгөн таницуулах маягийн хичээлүүдийг оруулж өгөх хэрэгтэй.

Гэрийн даалгавар

Нэгдүгээр ангийн сурагч өдөржингөө сургууль дээр байсан бол гэртээ ирэнгүүтээ халуун хоол идэж бас амрах ёстой. Гэрийн даалгаварыг 15-16 цагийн хооронд хийх нь хамгийн тохиромжтой. Гэртээ ирэнгүүт нь суулгаад даалгаварыг нь  хийлгэж болохгүй. Хүүхэд амарч амжаагүй байх ба ажлын чадвар энэ үед бараг нойл болсон байна. Гэрийн даалгаварыг бас их оройтуулан хийлгэж болохгүй. Бичих хичээл их нямбай байхыг шаарддаг. Ядарсан хүүхэд буруу бичих нь элбэг. Өдөр хийснээс илүү удаан суух, эсвэл унтах гэж яаран тэгэх ингэсхийгээд оромдож мэднэ. 15 минут тутамд суудлаа сэлгэх, 30 минут тутамд завсарлаж, энэ үеэр хөгжимтэй дасгал хийж ч болох юм. Энэ нь эрүүл мэндийг бэхжүүлээд зогсохгүй ядаргааг ярилгаж, биеийг нь суллаж, ажиллах чадварыг нь сэргээж өгнө. Гэрийн даалгаварыг хийлгэхдээ хамгийн хэцүүгээс нь эхлэн “цэрэг маягаар” шудрах хэрэггүй. Дасан зохицох хугацааг санаарай. Хэцүү биш, бас цаг бага зарах даалгавраас эхлээрэй. Түүнийг түргэн хийхийн хэрээр нэгдүгээр ангийн сурагч маань өөртөө итгэж эхэлнэ. Үүний дараа арай хэцүү хичээлээ барьж авна. Харин ажлын ерөнхий чадвар буурах үед буюу хамгийн сүүлд бас нэг хөнгөхөн даалгавар хийлгэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд хэт их ачааллаас болж нурмайхгүй харин ч хичээл хийх амархан юм байна гэдэг итгэлтэй ширээнээс босно. Хичээлийн анхны жилд эцэг эхчүүдийн үндсэн зорилт нь хүүхдээ далан таваар буулгаж авах бус харин сэтгэл санааг нь өргөх явдал.

Амрахуй

Цэвэр агаарт өнгөрүүлэх цаг, гадаа гарч зугаалах, тоглох зэрэгтэй холбоотой асуудал их гардаг. Хүүхдэд гадаа гарах цаг гарахгүй юм, эсвэл хамт гарах хүн алга, эсвэл бидэнд зав алга гэх мэт гомдлыг эцэг эхчүүд цөөнгүй ярьдаг. Та бүхэн хэдэн зуун шалтаг шалтгаан тоочсон ч хариулт нь ганцхан. Юу гэвэл танай хүүхэд гадаа заавал гарч тоглох ёстой. Бага ангийн сурагч өдөрт 3-3.5 цаг гадаа тоглож зугаалах учиртай. Хэрэв хүүхэд их сулбагара бас ядарлаа гэж гомдоллох аваас агааржуулалт сайтай орчинд өдрийн цагаар хагас цаг унтуулаарай. Хэрэв та хүүхдээ спортын ямар нэг секцэд явуулдаг хоол идсэнээс хойш 40 минутын дараа л спортоор хичээллэж болно гэдгийг санаарай. Харин унтахаас хоёр цагийн өмнө оройн хоолоо идвэл зохино. Ингэвэл нойргүйдлээс хамгаалж, тайван бус муу нойртой унтах зэргээс сэргийлнэ. Хэрэв танай хүүхэд их хөдөлгөөнтэй болохоор өлсөнө гэж үзвэл унтахаас хагас цагийн өмнө аяга сүү, жижиг талх, эсвэл багахан жимс өгч болно. Унтахын өмнө 15-20 минут алхвал сайн. Хэрэв тийм боломж үгүй бол хүүхэд унтах орчныг агааржуулах тал дээр анхаараарай. Нэгдүгээр ангийн сурагч доод тал нь 9 цаг унтах ёстой.

Зөв хувцаслах нь

Олонх сурагч 9 сарын нэгэнд шинэхэн форм өмсдөг. Үүнд маргашгүй сайн талууд бий. Зиндаа, ялгарал үгүй болсноор ямар нэг сөргөлдөөн үүсэхээс сэргийлнэ. Тэгээд ч эцэг эхчүүдийн хувьд хувцсанд зарцуулах мөнгө чамгүй хэмнэгдэнэ. Сургуулийн формыг эсэргүүцэгчид аль ч формын нэг багагүй дутагдлыг мартжээ. Юу гэвэл сургуулийн формын дизайн болоод оёдол тийм ч төгс биш. Нэг л “ерөнхий хэмжээтэй” учир ихэнхдээ нэгдүгээр ангийн сурагчийн хөдөлгөөнийг боогдуулж, биед аятай биш байдаг. Формын материал ч ариун цэвэр тал дээр муугийн зэрэгцээ натураль бус байх нь элбэг. Хэрэв тухайн сургууль форм байхгүй тохиолдолд хөвөн даавуу гэх мэт натураль материалтай хувцас өмсгөх нь илүү дээр. Тэгвэл завсарлагаанаар тоглож наадахдаа нэг их хөлрөхгүй. Хэрэв форм нь синтетик пиджактай бол та дотуур нь хөвөн даавуун цамц өмсгөж өгөөрэй. Формын гутал гэж байхгүй шүү дээ. Нэгдүгээр ангийн сурагчид сургуульд явах болон гадаа тоглохдоо өмсдөг гуталны зэрэгцээ “солионы” гутал зайлшгүй хэрэгтэй. Наадаг түгжээтэй буюу үдээсгүй, оёдол цөөтэй, натураль материалтай, хөнгөн, хөлд эвтэй гутал байх ёстой. Ул нь гөлгөр шалан дээр гулгахааргүй арзгартай бас зөөлөн байвал зүгээр. Хүүхэд ийм гутал өмсвөл хөл нь хөлрөх юм уу холгохгүй. Хэрэв “наадаг түгжээтэй” гутал бол хүүхэд гутлаа тайлах солиход амархан болно. Ийм гутал эвтэй бас төвөггүй. Учир нь үдээсийг зарим томчууд хүртэл түргэн чанга үдчихэж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр хүүхэд маш удаан бас хамаг анхаарлаа төвлөрүүлэн үдсэнээс бусад хүүхдүүдийн доог тохуу болж мэдэх талтай. Эсвэл их хурдхан үдлээ ч арван хормын дараа тайлагдсан үдээсэндээ бүдэрч, дахиад л зогсон үдэх гэх мэтээр үргэлжилнэ. Та төсөөлж байна уу? тэгэхээр “аавынх шиг гоё” гэхээсээ илүү эвтэй гутал сонгож өгөөрэй.

Бэлтгэсэн А.Гэрэл

Зохиогчийн эрх: "Үндэстний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж