Шри Ланка улс эдийн засгийн хямралын дараа хэвийн байдалдаа орж эхэлсний илрэл болох зарим шийдвэрийг гаргаж байна. Тодруулбал, тус улс хоёрдугаар сарын 1-нээс зарим автомашины импортын хоригийг сулруулах болжээ. Өөрчлөлтийн хүрээнд автобус, ачааны машин, нийтийн тээврийн хэрэгслийн импортыг сэргээхийг зөвшөөрч, бусад тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг аажмаар цуцлах төлөвтэй байна.
Гэвч валютын ханш суларсан, татвар өндөр зэргээс шалтгаалаад тээврийн хэрэгслийн үнэ өссөн тул шинэ машин авах боломжтой хүн цөөн байна.
Шри Ланка улс 2022 онд гадаад валютын хомсдолд орсноор түүхэндээ анх удаа зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Улмаар 22 сая хүн амтай улсад түлш, хоол хүнс, эм тарианы хомсдол үүсч, үймээн самуун дэгдсэн. Тухайн үед засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, ерөнхийлөгч Готабая Ражапаксаг түлхэн унагасан юм.
Олон улсын валютын сангаас 2.9 тэрбум ам.долларын тусламж авахаар тохиролцсоноор тус улсын санхүү сайжирч, эдийн засаг аажмаар сэргэж байна.
Тээврийн хэрэгслийн импортын хоригийг цуцлах тухай мэдэгдэл нь шинэ машин эсвэл микроавтобус худалдаж авахыг олон жилийн турш хүлээсэн иргэдийн дунд шуугиан тариад байна. "Тээврийн хэрэгслийн импорт нь засгийн газрын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй автомашины санхүүжилт, дилерийн орлого, автомашины үйлчилгээ болон бусад холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын байр бий болгоно" гэж Коломбо хотод төвтэй эдийн засгийн судалгааны төвийн дарга Муртаза Жафиержи хэлжээ.
Автомашины томоохон үйлдвэргүй тус улс бараг бүх автомашинаа импортолдог бөгөөд ихэнх нь Япон, Энэтхэг зэрэг орноос ирдэг. Одоо хятадын цахилгаан машиныг түлхүү сонирхох болжээ. Автомашины импортыг хориглосноор хуучин автомашины үнэ огцом үсч, зарим загвар нь өмнөхөөсөө хоёр, гурав дахин үнэтэй болсон байжээ.
Холбоотой мэдээ