Өмнөд Солонгосын Бусан хот дахь "Гимхэ" олон улсын нисэх онгоцны буудалд Мягмар гаригийн /2025.01.28/ орой "Air Busan" компанийн онгоц шатсан. Онгоцонд байсан 176 хүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн ч долоон хүн гэмтэж, бэртжээ. Нэгэн зорчигчийн хэлснээр "Airbus A321" онгоцны арын хэсгийн тээшний тавиураас шажигнах чимээ гарч эхлээд удалгүй утаа гарсан аж.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцын дүнгээр зөөврийн цахилгаан банк буюу "powerbank"-аас болж гал гарсан байж болзошгүй байна.
Өмнөд Солонгосын Тээврийн яамны харьяа Нисэх, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөлийн удирдлагууд Пүрэв гаригт цагдаа, гал унтраах алба, Шүүхийн шинжилгээний үндэсний албаныхантай уулзаж, хамтарсан шалгалтаа хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцжээ. Мөн Францын Иргэний нисэхийн аюулгүй байдлын мөрдөн байцаах, дүн шинжилгээний товчооны мөрдөн байцаагчдын баг мөрдөн байцаалтад туслахаар Пүрэв гаригийн үдээс хойш ирээд байна. Онгоц үйлдвэрлэгч "Airbus" нь Францын Тулуз хотод байрладаг учир ийн Францаас төлөөлөгчид ирсэн аж.
Онгоцны далавчнуудад ойролцоогоор 20 мянган литр түлш хадгалагдаж байгаа тул хоёрдогч дэлбэрэлт болох вий гэсэн болгоомжлол бий.
Зөөврийн цахилгаан банк, гар утас, зөөврийн компьютер, электрон тамхи зэрэг төхөөрөмжүүдийн лити-ион батерей нь агаарын тээврийнхний санаа зовоосон асуудал болсон. АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаанд 2024 онд эдгээрээс үүдэлтэй 78 агаарын осол бүртгэгджээ. Энэ нь 2016 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 2025 он гарсаар хоёр ч осол гарсан тул тус улсын Тээврийн яам хямд өртөгтэй агаарын тээврийн компаниудад хандаж, ашиг орлогоос илүү аюулгүй байдлыг чухалчлахыг уриалж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123
нисэх буудлууд дээр повер банкаа үлдээгээд буусан нисэх буудлаасаа ижил банк аваад явдаг сүлжээ байгуулмаар юм байна даа