Ирэх сард цаг агаар тогтуун байх тул амралтын өдрөөр болон хамт олон, найз нөхөд, жуулчидтай хамт зочлох боломжтой орон нутаг, үндэсний болон олон улсын фестивалиудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ҮНДЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР
Маргааш буюу хоёрдугаар сарын 1-3-ны хооронд жуулчдын ихээр сонирхдог "Түмэн тэмээ"-ний баяр Өмнөговь аймагт болно. Тус баяр нь говийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг бөгөөд уламжлал болж 26 дахь жилдээ зохиож байгаа учир өргөн хүрээг хамардаг байна. Өмнөх жилийн тэмээний баярын үйл ажиллагаанд долоон аймгийн 20 гаруй сумын тэмээчин 400 гаруй тэмээтэйгээ, дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин оролцож байж. Энэ жил оролцогчид өнгөрсөн оноос олноор зорин ирэх төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолсон байна. "Түмэн тэмээ"-ний баярын хөтөлбөрийг дараах зургуудаас харна уу.
“Бурхантын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 1,2-ны өдөр зохион байгуулна. Хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн уг наадам нь өвлийн спорт, уламжлалт баярыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах зорилготой.
Энэ хүрээнд мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-2 өртөөнд, мөсөн сурын харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Дархан айс дрифт-2025” сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын уралдааныг Дархан-2 өртөөний дэргэд байрлах мөсөн талбайд зохион байгуулахаар болжээ.
Мөн мөсний загасчлалын “Дархан цом-2025” улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг дээрх өдрүүдэд Дархан сумын гуравдугаар багийн нутаг, "Түшиг-Уул" ХХК-ийн хиймэл нуурт зохион байгуулах аж.
"Мөсөн харваа 2025" фестиваль Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болно. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус фестивальд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын өнцөг булан бүрээс харваачид оролцож, онч мэргэнээ сорин өрсөлдөх аж. Мөсний сурын харваа нь эрт үеэс уламжлан өвлөгдсөн төдийгүй орчин үед ч хөгжсөөр байгаа юм.
"Улаанбаатарын өвлийн наадам" хоёрдугаар сарын 15, 16-нд болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар” өвлийн наадмыг зохион байгуулах аж.
Тус наадмын зорилго нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрем спорт, аяллын төрлүүдийг нийслэлийнхэндээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх гэжээ.
Наадмын үеэр төрөл бүрийн үйлчилгээнээс гадна мөсөн сурын харваа, мөсний шагай, снөүбоард зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна.
Дотоодын төдийгүй гадаадын иргэдийн нүдийг хужирладаг "Нүүдэлчин өвлийн фестиваль" 16-23-нд Улаанбаатарт болох тов гарчээ. Одоогоор хөтөлбөр болон бусад мэдээллийг гаргаагүй. Аялал жуулчлалыг дэмжих, монгол орноо сурталчлан таниулах, хүүхэд залууст өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болдог тус фестиваль нь өргөн хүрээг хамардаг онцлогтой.
“Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болно.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 24 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Улаанбаатар олон улсын явган алхалтын өвлийн фестиваль мөн ирэх сард болно. Тодруулбал, өвлийн явган алхалтын фестиваль дараах хоёр маршрутын дагуу зохион байгуулагдана. Үүнд:
- Хоёрдугаар сарын 15-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс-Жавхлант өртөө хүртэл
- Хоёрдугаар сарын 16-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Скай резорт” цанын бааз хүртэлх маршрутаар алхана.
0 сэтгэгдэл