Хөдөлгөөнийхөнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэлэнгэ аймгийн  Түнхэл тосгонд энэ сарын 2-нд гарсан “Пураам” алтны компанийн текник хэрэгсэл  рүү хэсэг хүмүүс буудсан хэрэгт холбогдох мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын  дөрвөн цагдаагийнхан баривчлан саатуулаад байгаа. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Алтны компаний техник рүү гал нээсэн хэргийг шалгах явц ямар шатандаа яваа бол. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Байгаль орчноо  хамгаалах, алтны компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоох  зорилгоор “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүн Ц.Мөнхбаяр бусадтай бүлэглэн, галт зэвсэг хэрэглэж, компанийн техник рүү буудсан  болох нь тогтоогдсон. Иймд Ц.Мөнхбаяр болон “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнийг сэжигтнээр  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байна. Тэднийг эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээж, устгасан, бусдын амь насанд  заналхийлсэн гэсэн үндэслэлээр шалгаж  байна.

-Ц.Мөнхбаярыг хаанаас баривчилсан юм бэ?

-Цагдаагийнхан түүнтэй утсаар холбогдож, уулзаад энэ талаар нэлээд нухацтай ярилцсан. Тэр үед Ц.Мөнхбаяр Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад хариу ирүүлэхийг шаардаж байсан. Ингээд  хамт буудсан гэх гурван хүний байгаа газрыг  Ц.Мөнхбаяраар заалгаж  очсон юм.

-Тэд хэдэн удаа буудсаныг тогтоосон уу?

-Компанийн машин техник, трактор, цахилгаан үүсгүүр рүү гээд нийт 22 удаа  буудсан байна лээ. Хэргийн газраас 16 ширхэг сумны хонгио, 66 ширхэг сум олдсон.

-Тэдний хэрэглэсэн бууг хурааж авсан гэсэн. Ямар төрлийн буу байсан бэ?

-Скиз маркын нэг буу, сайга маркийн хоёр бууг хураан авсан. Эдгээр буу тэдний өөрсдийнх нь эзэмшилд байдаг юм билээ.

-Хамгаалалтын хүмүүс рүү буудсан гэх мэдээлэл байна?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул нарийн хэлж мэдэхгүй байна. Тэнд хүний амь нас хохирч болох байсан эсэхийг мөрдөн байцаалтын явцад тогтооно.

-Тэдний гэм буруутай нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах вэ?

-Эрүүгийн хуулиндаа бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээсэн, устгасан, бусдын амь насанд заналхийлсэн бол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог. Гэхдээ одоогоор ийм хариуцлага тооцно гэсэн шийдвэрт хүрээгүй. Мөрдөн байцаалтад байна.
 
-Тэд одоо хаана байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байна. Тэднийг хорьж цагдаагүй.   Батлан даалтад гадуур шалгаж байгаа.

-Хэрвээ төрийн өндөрлөгүүд шаардлагыг нь хүлээж авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлж, дахин галт зэвсэг хэрэглэж болзошгүй гэж тус хөдөлгөөнийхөн хэлж байсан?

-Тэдний тэмцлийг хориглох эрх байхгүй. Гэхдээ галт зэвсэг хэрэглэнэ гэдэг ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Энэ нь ямар нэг байдлаар хүний амь насанд аюул учруулахад ойрхон байдаг. Ийм зүйлийг дахин давтахгүйн төлөө цагдаагийн байгууллага ажиллана. Дуртай болгон нь гал нээдэг дураарай зүйл байж болохгүй.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж