Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг анх бөөр шилжүүлэн суулгаснаар 2006 онд хийж эхэлсэн байдаг. Мөн 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 онд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ төрлийн хагалгааг гардан хийдэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2011 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төв буюу тасгийг байгуулж, олон хүнд элэг, бөөр, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж, амьдрал бэлэглэж ирсэн. Эл эмчилгээний шинэ технологийг анх нэвтрүүлэхэд гадаад харилцаа, сургалт, хөрөнгө оруулалт гээд олон давааг давсан талаар эмч мэргэжилтнүүд онцолдог. Монгол Улсад одоогоор донороо хүлээж буй 1040 иргэн байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлсэн юм. Энэ асуудлыг хөндөн сурвалжиллаа.
"МИНИЙ ХУВЬД ДОНОР БОЛНО ГЭДЭГ БУЯНТАЙ ҮЙЛС ГЭЖ БОДДОГ"
“Титэм” хамтлагийн ахлагч Л.Тайванбаттай ярилцлаа.
-Та анх ямар оноштойгоор өвдөв. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх хүртэл амаргүй давааг давсан байх?
-Би 2005 онд чихрийн шижин өвчнөөр оношлогдож, 10 гаруй жил явсан. Сүүлдээ бөөрний архаг дутагдалд орж, хоёр бөөр маань ажиллагаагүй болсон. Тэгээд л хүндрэлүүд эхэлсэн дээ. Биеэр битүү хаван гүйгээд л…Хүн огт бие засахгүй болохоор шингэн нь биеэр тарж хаван болдог юм билээ. Тэр шингэнийг диализын аппаратанд орж, цусыг нь шүүж гадагшлуулдаг. Би 2016 оноос тэр аппаратанд орж, 2018 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Ер нь бөөрний өвчнөөр шаналж байгаа хүмүүс диализын аппаратанд маш өндөр үнэтэйгээр ордог байсан. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг хүмүүс муугаар хэлж л байдаг юм. Мань мэтийн улс энэ хүнийг бурхан шиг тахиж, шүтдэг. Учир нь энэ хүн өндөр үнээр ордог эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдэж өгсөн. Ингэснээр олон хүний амь насыг аварсан гэж боддог юм.
-Диализын аппаратанд хэдэн төгрөгөөр ордог байсан бэ?
-Энэ аппаратанд нэг удаа орохдоо 180 мянган төгрөг төлдөг байсан. Зарим нь долоо хоногт гурван удаа орох шаардлагатай болно. Тэр болгонд мөнгөө төлж чадахгүй бол улсынх ч бай хувийн эмнэлэгт орох боломжгүй.
Миний хувьд 2018 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон. Энэ бас их аз.
Би кадавраас донор авах гэж дөрвөн удаа эмч нарын үзлэгт орсон. Донорын хагалгааны оочер дараалал болоход эмнэлгээс холбогддог юм билээ. Тухайн үед нэг дор 50-60 хүн цугларч, тэндээс хоёр хүнийг нь хагалгаанд оруулдаг. Би хагалгаанд орохын тулд бүх нарийн шинжилгээг заавал өгөх шаардлагатай болсон. Тэгж яваад шөнийн 04.00 цагаас хагалгаандаа орсон. Би хэзээ ч наркозод орж үзээгүй. Зүгээр л унтаад босоод ирсэн юм шиг мэдрэмж төрсөн.
-Хагалгааг нь ямар эмч удирдсан бэ?
-Тэр үед П.Батчулуун эмч, Д.Баян-Өндөр эмч нарын бөөрний мундаг эмч, мэргэжилтнүүд ажиллаж, хагалгаа маань амжилттай болсон.
-Ихэнх хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг гадаадад хийлгэхийг илүүд үздэг. Таны хувьд энэ хагалгааг эх орондоо хийлгэжээ. Та бол Монгол эмч нартаа бүрэн итгэж гэж ойлгож болох нь ээ?
-Монголд энэ төрлийн мэс заслыг нутагшуулсан алтан гартай эмч нар үнэхээр гайхамшигтай. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын баг гэхэд 30-40 хүний бүрэлдэхүүнтэй байх жишээтэй. Бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг бүрэлдэхүүн нэг хүн шиг болж, ажилладгийг харсан. Энэ чадварлаг хамт олонд баярлаж явдаг юм. Надад ямар нэгэн айдас байгаагүй. Би өвдсөн байхдаа ч айдаггүй байсан. Ээлж нь ирж байгаа юм байна. Бүх зүйлд зоригтой, хийморьтой байна шүү гэж өөрөө өөрийгөө зоригжуулж байлаа. Би сүүлдээ эмчийн мэргэжил эзэмшиж байхгүй юун дуу хуур гэж боддог юм билээ. Эмч мэргэжилтнүүд гэдэг чинь нийгэм цаг үедээ эрүүл мэнд, аз жаргал бэлэглэж, нарны гэрэл шиг илчээ цацруулж явдаг хүмүүс байдаг юм байна.
-Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орохын тулд дугаараа хүлээж буй хэчнээн хүн байгаа бол?
-Маш их байгаа. Диализын аппарат нь маш өндөр даралтаар цусыг цэвэршүүлж, эргэлтэд оруулдаг. Тийм өндөр даралтад орж байгаа хүний зүрх ямар байх вэ. Миний зүрх их муу байсан. Эмч нар “Л.Тайванбатын зүрх дийлэхгүй юм байна” гэж хэлдэг байсан. Би тийм зүйлийг зөндөө харж байсан учраас өөрийгөө бурхны орон руу явчих л юм байна гэж боддог байлаа. Одоо тэр бодол арилж, сайхан болсон. Ямар ч хүн сэтгэлзүйгээ өндөр байлгах хэрэгтэй юм билээ. Өвдсөн ч гэсэн өөрийгөө байнгын бэлтгэлтэй байлгаж, сайхан зүйл болно гэдэгт үргэлж итгэж байх хэрэгтэй. Гэхдээ хий хоосон лам, бөө, есүс бурхандаа мөргөхийн оронд бодит зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй. Ачтай буянтай эмч нар дэргэд нь байж, цаг наргүй ажилладаг юм шүү. Манай Эрхтэн шилжүүлэх хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасаг гэж өрөвдөлтэй өрөө байдаг юм билээ. Элэг, бөөрний тасаг нь өөд өөдөөсөө харсан гурав, гуравхан ортой. Диализын аппаратанд өмнө ордог байхад 20, 30-уулаа том зааланд ордог байсан. Тэгсэн чинь маш жижиг хоёр өрөө эмч нарын өрөөгөөр тусгаарлагдсан. Одоо харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хажууд маш том төв барьж байна. Шинэ төв хурдан ашиглалтад ороосой гэж залбирч сууна.
-Таны хувьд тухайн үед сэтгэлзүй ямар байв?
-Гэр бүлийн нэг хүн л өвдөхөд эдийн засгийн хувьд хүнд тусдаг. Өөрийн мөнгө дуусахад ах дүү, хамаатан садангийн дэмжлэг авна. Сэтгэлзүйгээр бүхнийг даван туулдаг гэж боддог. Бидний дунд эрхтнээ донор болгож өгөх болов уу гэсэн хүмүүс маш их байгаа. Яагаад гэвэл тэд “Би хэзээ нэгэн цагт бөөртэй, элэгтэй болно” гэсэн найдвартайгаар амьдарч байгаа. Диализын аппаратанд долоо хоногийн гурван өдөр орохдоо дөрвөн цагаар орно. Тэр өндөр даралттай эмчилгээг хийлгэхдээ огт хөдөлж болохгүй. Эрүүл хүнд дусал залгуулаад удаан суухаар яадаг билээ. Тэрэнтэй адил хуруу шиг том хоёр гуурс биедээ оруулна. Донор байхгүй болно гэж байхгүй байх гэж найдаж байна. Миний хувьд донор болно гэдэг буянтай үйлс гэж боддог. Амьдрах итгэл тээж буй хүмүүсийн итгэл найдвар нь алга болно. Нийгэмд үүссэн асуудлаас болоод доо кадавр донор нэг ч ирээгүй. Яахав тухайн өвдсөн хүний ар гэр, ахан дүүс донор болж байна. Кадавр донор нь ах дүү, төрөл садан цөөтэй, цус нь таарахгүй хүмүүст маш хэрэгтэй байдаг юм. Энэ донор маш чухал. Би хагалгаанд ороод найман жил болж байна. Жин нэмж болохгүй, хоолны дэглэм сахих үүрэг хүлээж авсан хүн дээ. Өвдөж үзсэн хүний хувьд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдгийг хэлье. Ухаан гэдэг чинь бүх юмыг эргэцүүлж, зөвөөр бодож, ойлгож байхыг хүсье.
СТАТИСТИК: ӨНГӨРСӨН ЖИЛ 10 ХҮНД БӨӨР, 4 ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байжээ. Үүнээс хойш 2024 оны байдлаар 375 иргэнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Түүнчлэн нийт 451 хүнд элэг, 34 хүнд ясны чөмөгний үүдэл эс шилжүүлэн суулгажээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ гэх мэтээр эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг байна. Харин Донорын тухай хуульд зааснаар "Амьгүй донор" гэдэг нь тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлдэг.
Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5 сая /3,500,000/ төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн юм.
Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад гэнэтийн ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсан 2018 оноос хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй байна. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгох хүсэлтийг зөвшөөрсөн аж.
Сүүлийн хоёр жилийн статистикийг харвал:
- 2023 онд хоёр донороос дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг
- 2024 онд таван донороос 10 хүнд бөөр, дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.
ДОНОРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ 2582 ХҮН ЦАХИМААР ГАРГАЖЭЭ
Донорын зөвшөөрлийн хүсэлтийг Монгол Улс анхлан нэвтрүүлээгүй бөгөөд дэлхийн олон улсад донорын карт гэдэг нэршлээр ашигладаг байна.
Ирээдүйд эс, эд эрхтний донор болох хүсэлтээ өгснөөр донорын карттай болж байгаа гэсэн үг. Хэрэв иргэн тус картаа цаасаар авахыг хүсвэл хэвлэх боломжтой бөгөөд шаардлагагүй тохиолдолд цахим хэлбэрээр байх аж.
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДААД 25 ЖИЛ БОЛЖ БАЙНА
Донорын тухай хууль анх 2000 онд баталсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийж, Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-аас баталсан байдаг. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн.
Донорын тухай хуульд 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч тус хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэн хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 17-нд Донорын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталсан байдаг. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж өгсөн нь онцлог гэдгийг хууль санаачилагчид тодотгосон байдаг. Мөн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж үзсэн байна. Ингээд Донорын тухай хуульд заасан зарим зүйл заалтыг онцлон хүргэж байна.
Донорын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
- хууль, хүний эрхийг дээдлэх;
- хүмүүнлэг, энэрэнгүй байх;
- ялгаварлан гадуурхахгүй байх;
- аюулгүй байдлыг хангах;
- хүний эмзэг мэдээллийг хамгаалах;
- авлагагүй, сайн дурын байх.
Орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно:
- Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байна.
- Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
- Донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно.
- Цусны донорт дараахь ерөнхий шаардлага тавигдана:
- Цусны донор нь өөрийн эрүүл мэндийн байдлыг үнэн зөвөөр мэдэгдэх;
- Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан донор сонгох шалгуур үзүүлэлттэй танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх.
Эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрчилж болно:
- Цус, эс, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр хангагдах;
- Донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах;
- Донорын эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан хүндрэл нь цус сэлбүүлэх, эс, эд эрхтнийг шилжүүлэх ажилбарын технологийн заавар зөрчигдсөнөөс үүссэн нь тогтоогдсон бол донор цус сэлбэсэн, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгасан буруутай этгээд, байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлэх;
- Донор нь цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулах болон бусад даатгалд хамрагдах;
- Амьд донор эрхтнээ өгсний дараа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.5-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох;
- Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно.
- Эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ иргэн өөрчилж болно.
Донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна:
- Энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан, сэтгэцийн хувьд эрүүл, 21 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна.
- Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авна:
- Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
- Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
- Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
Хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно:
- Донор, реципиентийн эс, эд, эрхтний тохироог үзэх, донороос авсан эс, эд, эрхтнийг шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн баг гүйцэтгэнэ.
- Шилжүүлэн суулгах эс, эд, эрхтнийг амьгүй донороос авах бөгөөд хэрэв амьд донороос авах бол эс, эдийн тохироо нь нийцсэн, эмгэг өөрчлөлтгүй, гэр бүлийн гишүүнээс авна.
- Хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.
- Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглахыг зөвшөөрнө.
- Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйг тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрнө.
- Үр хөврөлийг эцэг, эхээс нь бусад хүмүүст ашиглахыг хориглоно.
Б.АЛТАНТУЛГА: ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРУУДААС 72 ХҮНД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН
Сурвалжлага бэлтгэх үеэрээ бид Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулгатай уулзаж, Донорын тухай хууль хэрэгжсэнээр хэчнээн хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан болон бусад асуудлыг тодруулсан юм.
-Донорын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэчнээн хүнд эрхтэн шилжүүлэн суулгав. Уг хуульд УИХ гурван удаа гар хүрч шинэчилсэн. Хуулийг шинэчилснээр давуу тал үүссэн гэж ойлгож болох уу. Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болсон. Тулгарч байгаа бэрхшээл юу байна вэ?
-Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан байдаг, 2012, 2018, 2022 онуудад шинэчлэн баталсан. Хамгийн сүүлд шинэчлэн батлахдаа донорын насны доод хязгаар 25 байсныг 21 болгож өөрчилсөн. Мөн тархины үхэлтэй донор болсон тохиолдолд ар гэрт нь оршуулгын тэтгэмж болох 3.5 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар дамжуулан олгодог болсон .
Монгол Улсад хамгийн анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Ингэснээр 2006 онд бөөр шилжүүлэн суулгасан анхны мэс засал амжилттай болсон. Ингэж Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах түүх эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг болон бөөр шилжүүлэн суулгах баг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, шөрмөс шилжүүлэн суулгах баг тус тус ажиллаж байна.
Мөн Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах баг 2018 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс гадна Эх, хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг бас бий.
2006 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 383 хүнд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг 298 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Хавдар судлалын үндэсний төвд 170 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн бол тус эмнэлэгт ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 33 хүнд хийсэн байна.
Харин 2018 оноос хойш амьгүй буюу тархины үхэлтэй доноруудаас 72 хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан. Тэднээс 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан.
Эс, эд эрхтэн суулгах эмчилгээг амьд болон амьгүй буюу тархины үхэлтэй донороос хийдэг. Амьд донорын хувьд Донорын тухай хуулийн дагуу гэр бүлийн гишүүн байна гэж заасны дагуу эмчилгээг хийдэг.
Харин гэр бүлийн гишүүд дунд тухайн хүнд тохирох донор олдохгүй тохиолдолд амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээх жагсаалтад оруулдаг. Энэхүү жагсаалтад одоогийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1040 гаруй иргэн байна. Энэ жагсаалт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хүлээлтэд байгаа эдгээр иргэдээс донороо хүлээх явцад жилд 10 орчим хүн нь нас бардаг. Учир нь иргэдийн амьгүй донорын тухай мэдээлэл хомс байдлаас амьгүй донор олдохгүй байх тохиолдол гардаг.
-Амьгүй донор гэдгийг тодруулахгүй юу. Ямар тохиолдолд амьгүй донор гэж үзэх вэ. Мөн Монгол Улсад хийгдэж байгаа донорын эмчилгээ нь дэлхийн түвшинтэй харьцуулахад хаана нь явна?
-Амьгүй донор буюу тархины үхэлтэй донор гэдэг нь тархины үйл ажиллагаа бүрэн зогссон үеийг хэлнэ. Тархины эс бусад эсээс онцлогтой буюу нэгэнт гэмтсэн бол эргэж сэргэдэггүй, эмчилгээ хийх боломжгүй байдаг. Шалтгаан нь осол, тархины цус харвалт зэргээс үүдэлтэй. Тархины үхлийг тусгай багаж, үзлэгээр тусгай баг хоёр удаа тодорхойлдог. Ингэсний үндсэн дээр гэр бүлд нь хүсэлт тавьдаг. Гэр бүл нь зөвшөөрсөн тохиолдолд эмчилгээг хийдэг.
Монгол Улс донорын эмчилгээний тухайд бусад улстай харьцуулахад өндөр хөгжилтэй орны хэмжээнд гэж гарсан. Уг хөгжлийг донорын эмчилгээнд орсон хүмүүсийн амьдрах чадварыг үнэлж гаргадаг.
Монгол Улсын энэ чиглэлийн эмчилгээг хийдэг эмч, мэргэжилтнүүдийн хувьд чадварлаг, гадаад улсад мэргэжил дээшлүүлж байдаг. Цаашид хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дээрх арга хэмжээний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийг барихаар төлөвлөж, төсвөө батлуулан ажил нь үргэлжилж байгаа. Донорын тухай хуулийг дахин шинэчлэх шаардлага үүсч байгаа энэ чиглэлээр холбогдох хүмүүстэй ярилцаж байгаа.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон өндөр өртөгтэй мэс заслын дагуу тодорхой хувийг ЭМД-аас үлдсэн хувийг тухайн эмчлүүлэгчээс гардаг зохицуулалт бий.
Харин хавдар оношлогдсон хүнд 100 хувь үнэ төлбөргүй буюу Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь төлбөрийг гаргадаг. Иргэд гадны өндөр өртөгтэй улсад эмчлүүлэхгүйгээр эх орондоо энэ төрлийн эмчилгээг хийлгэх санхүүгийн нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж хэлж болно.
ДОНОРЫН СИСТЕМ ДЭЛХИЙ ДАХИНД
Дэлхий даяар ойролцоогоор 157,553 эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2022 онд хийсэн байна. Энэ тоо 2023 онд 172,397 болж өсчээ. Эд эрхтний донорын зарчмууд нь хууль эрх зүйн орчин, соёлын итгэл үнэмшил, эрүүл мэндийн бодлого зэргээс шалтгаалан улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Гадаадын улс орнуудад мөрдөгдөж буй үндсэн зарчмуудыг танилцуулж байна.
- Зөвшөөрлийн системүүд
Ил тод зөвшөөрөл – Энэ нь хувь хүмүүс өөрсдөө эрхтэний донор болохоор бүртгүүлэхийг хэлнэ. Ингэхдээ улс орон бүрт өөр өөр хэлбэрээр байдаг. Тухайлбал, АНУ-д тухайн иргэн урьдчилж донороор бүртгүүлэх юм уу жолооны үнэмлэх дээрээ сонголтоо зааж өгсөн байдаг. Харин Германд тухайн хүн нас барахаасаа тодорхой зөвшөөрөл өгсөн тохиолдолд л донор болохыг нь зөвшөөрдөг.
Таамагласан зөвшөөрөл – Энэ нь зөвшөөрлийн нэг хэлбэр боловч ил тод зөвшөөрлөөс үл ялиг ялгаатай. Тухайн хүн тусгайлан татгалзаагүй л бол хүн бүр хандивлагч гэж үзэхийг таамагласан зөвшөөрөл гэдэг. Испани улс нь эрхтэний донорын хамгийн өндөр хувьтай улсуудын нэг бөгөөд татгалзаагүй тохиолдолд иргэн бүрийг донор гэж тооцдог. Харин Франц улс 2017 онд журамдаа өөрчлөлт оруулж, татгалзсан өргөдөл гаргаагүй л бол иргэд автоматаар хандивлагч гэж тооцогдох болжээ.
- Гэр бүлийн зөвшөөрөл
Зарим оронд иргэн өөрөө донороор бүртгүүлсэн ч эцсийн шийдвэрийг гэр бүлийн гишүүд нь гаргаж болдог. Жишээ нь, Япон, Өмнөд Солонгост энэ зарчим ажилладаг.
- Хуваарилах бодлого
Зарим улс тодорхой шалгуурын дагуу эрхтэн хүлээн авагчдыг эрэмбэлдэг. Жишээ нь, Израиль улсад өмнө нь эрхтэний донороор бүртгүүлсэн, эсвэл гэр бүлийн гишүүд нь эд эрхтэнээ хандивлаж байсан хүмүүс шилжүүлэн суулгах мэс засалд нэн тэргүүнд хамрагддаг. Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсад эмнэлгийн яаралтай тусламж, эд эсийн нийцэл, хүлээлгийн хугацаа зэргээс шалтгаалаад эд эрхтнүүдийг хуваарилдаг.
- Эрхтэн худалдаалахтай холбоотой ёс зүйн хамгаалалт
Олон улс оронд эд эрхтнийг худалдаалахыг хориглодог хатуу хууль байдаг. Тухайлбал, Энэтхэг улсад хүний хүний эд эрхтэнийг худалдаалахыг хуулиар хориглодог. Гэсэн ч ойр дотны хүмүүстээ эд эрхтэн хандивлахыг зөвшөөрдөг. Харин Иранд амьд хандивлагчид нөхөн олговор авч, хууль бус худалдааг багасгадаг өвөрмөц зохицуулалттай.
- Шашин ба соёлын асуудал
Зарим улс оронд эд эрхтэний донорын систем шашин, соёлтой гүн гүнзгий холбогддог. Жишээ нь, Саудын Арабт Исламын хуулиар эрхтэн хандивлахыг зөвшөөрдөг боловч шашинтай холбоотойгоор олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа нь хязгаарлагдмал.
NEWS TEAM
Нэргүй 22 минутын өмнө 192.82.92.204
Батчулуун эмч бол хүнлэг сэтгэлтэй маш сайн эмч шүү.
Хүрэлбаатар Д. 55 минутын өмнө 59.153.114.108
Найдваргүй гэх нь буруу. Найдлагагүй гэх нь зөв,, гарчигаа зөв бичээч…
1234 1 цагийн өмнө 202.5.202.32
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулга гэгч энэ нөхрийн матаасаар Батчулуун эмч буруудсан вм.
Нэргүй 31 минутын өмнө 66.181.182.34
Яг л монгол хүний зан лаа ! Шашингүй олон үе өнгөрөхөөр буян, нүгэлийг ялгахаа больдог. Буян хийсэн нэгэндээ ата архаад хор найруулж, матаас хийдэг. Хууль шүүх нь зөв буруугий нь тогтоохын оронд албан тушаалтайгийн талд шийдвэр гаргадаг !
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.189.39
хатуу хяналтын дор эрхтэн шилжүүлэх процессыг зөвшөөрөх ёстой. Харалган шийдвэрээс болж хорвоог орхигсдын тоог ч их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Донорын хуулиа дахин цэгцлээч
Нэргүй 2 цагийн өмнө 64.119.29.60
oroldoj bolohgui sedweer oroldood het tuilshirwal yu boldgiig zowlon uzsen hun l helj ugnu. Ter neg heseg humuus hichneen hunii amidrah naidwariig ugui hiisnee medeh bolu
dr 3 цагийн өмнө 203.98.76.176
эрхтэн шилжүүлэх процессийн талаар маш сайн мэдээлэл өгсөн байна. Монгол улсад энэ тогтолцоог бий болгохын тулд Батчулуун эмчийн үүсгэж бий болгосон алба маш сайн ажиллаж байгаа
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.255
Адгийн хулгайч х***а манж зулбасгууд угаадс цутг2лна шдэ.