Холливудын зөгнөлт кинонууд дээр л гардаг байсан робот, хиймэл оюун ухаан, сансрын хөлөг гэх мэт зүйлс өдгөө бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ нэвтэрчээ. Саяхан л алс холын мэт санагдаж, баргийн хүний ой тоонд буудаггүй байсан тэр бүх технологийн шийдлүүд хүмүүний амьдралыг хялбарчилж, ирээдүйг одоо руу дөхүүлж байна. Сүүлд л гэхэд Хятадын "DeepSeek" гэх хиймэл оюун ухааны модель хэрэглээнд нэвтрэв. Ердөө хэдхэн цагийн цагийн дотор "Apple Store"-ийн хамгийн их татагдсан аппликейшнаар тодорчээ. Тэгвэл та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэе.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
Хиймэл оюун ухаан буюу "AI" гэдэг нь энгийнээр хэлэхэд компьютерийг хүн шиг болгоно л гэсэн үг. Машин нь технологийн тусламжтайгаар асар их мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн бие даан суралцах, асуудлыг шийдэх боломжтой болохыг хэлнэ.
Сүүлийн жилүүдэд "OpenAI" компанийн хиймэл оюун ухаан дээр суурилсан туслах "ChatGPT" алдартай болж, хүмүүс ч ихээр хэрэглэж байна. Чатботоос бид хүссэн зүйлээ асууж, хайсан мэдээлэл, хариулт, шийдлээ амар хялбар олдог болсон. Өдгөө "ChatGPT" ашиглан дэлхий дээрх хэдэн зуун сая хүн ажил, амьдралаа хялбарчилж байгаа. Мэйл бичүүлж, алдаа засуулахаас эхлээд нарийн төвөгтэй ажлууд дээр хүртэл туслалцаа авч байна.
DEEPSEEK ГЭЖ ЮУ ВЭ?
Тэгвэл Хятадуудын "DeepSeek" гэж нэрлээд хиймэл оюун ухаан дээр суурилсан чатбот нь яг л "ChatGPT" шиг ажил үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ илүү хүчирхэг, илүү хэмнэлттэй. Өнгөрсөн жил "OpenAI"-ийн зүгээс "o1" моделио танилцуулсан. Энэхүү модель нь нарийн төвөгтэй дээд математикийн асуудал, бодлогуудаас эхлээд кодчлол дээр ч төвөггүй тус хүргэж байна. Гэтэл тэрхүү шийдлүүдийг "DeepSeek" ч асуудалгүй гаргаж чаддаг гэнэ. Хөгжүүлсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө зэргийг нь харьцуулахад "DeepSeek" маргаангүй илүү өгөөжтэй аж.
Гэхдээ зарим сул тал бий. Тухайлбал, улс төрийн сэдэв дээр тун эмзэг. Та "DeepSeek"-ээс 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр Тяньаньмэний талбай дээр юу болсон талаар асуувал хариулт нь "Уучлаарай, би энэ асуултад хариулж чадахгүй. Би хүмүүст тустай, хор хөнөөлгүй хариулт өгөхөөр бүтээгдсэн хиймэл оюун ухааны туслах" байх болно.
Үүнээс харахад Хятадын засгийн газар хиймэл оюун ухааны төсөл, ажлууд дээр тун болгоомжтой хандаж, цензурь тавьж байгаа аж. Бүр мэдээллийн эх сурвалж, өгөгдөл дээр хүртэл хязгаарлалт хийжээ. Гэхдээ хиймэл оюун ухааныг хэр удаан барьж, хязгаарлаж чадах бол гэдэг сонирхол татаж байна. Энэ технологийн шийдэл нь үргэлж өөрийгөө хөгжүүлж, өгөгдлөөс суралцаж байдаг. Магадгүй нэг өдөр тэр талбай дээр юу болсон талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үеийн хиймэл оюун ухаанууд хөгжүүлэгчээ хуурахыг оролдож, "том толгойлох" оролдлогуудыг хийж байгаа сурагтай.
ЯАГААД "DEEPSEEK" ОНЦГОЙ ВЭ?
Дээр дурдсанчлан хятадууд маш бага зардлаар өндөр технологийн шийдлийг бүтээж чадсан. "OpenAI" компани "ChatGPT"-ийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж нийтдээ 100 сая ам.долларыг зарцуулсан гэдэг бол "DeepSeek"-ийн сургалтын өртөг нь ердөө 6 сая ам.доллар.
"OpenAI" компанийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Альтман ч 10 сая ам.доллар дотор хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжгүй гэж хятадуудыг өдөөд амжсан.
"DeepSeek"-ийг сүүлийн хүчирхэг чип дээр бус 2022 оны есдүгээр сараас хойш Хятад руу экспортлохыг нь хориглосон "Nvidia" компанийн "A100" чип дээр бүтээсэн. Гэхдээ 50 мянган ширхэг "A100" чип ашигласан гэж компанийн удирдлагууд мэдэгджээ. Зарим хуучны чипүүдийг хослуулан хэрэглэсэн байх гэж мэргэжилнүүд үзэж байна. Учир нь 50 мянган "А100" чипний өртөг нь маш өндөр.
Та бүхэн хиймэл оюун ухаанд чип ямар чухал үүрэгтэй болох болон "Nvidia" компанийн талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу
"Apple" компанийн "App Store" дээр нээлтээ хийсэн даруйдаа "DeepSeek" нь хамгийн их татагдсан аппликейшнаар тодорч, удалгүй их хэмжээний хортой халдлагад өртөж, хязгаарлалт тогтоосон билээ. Тус компанийн цахим хуудас хүртэл нэг хэсэг ачааллаа дийлэхгүй ашиглалтаас гарсан.
"DEEPSEEK"-ИЙН АРД ХЭН БАЙНА ВЭ?
Хятад инженер Лиан Вэнфэнь нь "DeepSeek"-ийг 2023 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулсан бөгөөд 2024 онд анхны хиймэл оюун ухааны моделио танилцуулжээ. Түүний талаарх мэдээлэл төдийлөн нээлттэй биш. Ямартай ч Жэжянийн их сургуулийг электроник болон компьютерийн ухааны инженерээр төгсчээ. Түүнийг хамгийн сүүлд Хятадын ерөнхий сайд Ли Цянтай хийсэн уулзалт дээр харсан гэж хүмүүс ярьжээ.
Лиан Вэнфэнь хөрөнгө, санхүүгийн тал дээр асуудалгүй нэгэн. Түүний хувьд "High-Flyer" гэх хедж сангийн гүйцэтгэх захирал бөгөөд тус сан нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар санхүүгийн өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг гэнэ. "High-Flyer" нь 2019 онд Хятадад 100 тэрбум юань босгосон анхны квант хедж сан аж. Хиймэл оюун ухааны тусламжтай хөрөнгө оруулалт, арилжааны шийдвэр гаргах үйл явцыг квант арилжаа гэдэг.
Лиан Вэнфэнь өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа "Хэрэв АНУ квант арилжааны сектор хөгжүүлж чадсан юм бол яагаад Хятад чадахгүй гэж. Хүмүүс Хятад, Америкийн хиймэл оюун ухааны технологийн хооронд 1-2 жилийн зай байна гэдэг. Гэхдээ гол ялгаа нь жинхэнэ болон дуураймал хоёрын хооронд л байна. Хэрэв үүнийг өөрчлөхгүй бол Хятад үргэлж дагагч байна" гэжээ. Өөрөөр хэлбэл, Лиан Вэнфэнь Хятадын технологийн компаниудыг АНУ-ын компаниудыг дуурайж байна гэж шүүмжилжээ.
Түүнээс Америкийн компаниуд яагаад сандралдаж байгаа талаар асуухад "Тэд Хятадын компани анх удаагаа дагагч биш шинэ санаачлагчийн дүрээр тоглоомонд нь орж ирж байгааг хараад гайхаж байгаа" гэжээ.
"DEEPSEEK" АМЕРИКЧУУДАД ЯМАР ЦОХИЛТ ӨГСӨН БЭ?
Хамгийн гол нь тэд америкчуудад өндөр үнэтэй, хүчин чадал бүхий чип ашиглан хиймэл оюун ухааныг сайжруулна гэдэг бол учир дутагдалтай гэдгийг харуулсан. Учир нь "DeepSeek" өөрөө 2022 оны технологи дээр маш хямд өртгөөр бүтсэн төсөл. Гэтэл Америкийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд "Nvidia"-ийн жил бүр шинээр танилцуулдаг өндөр үнэтэй, хүчирхэг чипүүдийг худалдан авах гэж хэдэн зуун сая ам.доллар зарцуулдаг билээ.
"DeepSeek" бол хямд өртгөөр хиймэл оюун ухааны сүүлийн үеийн хөгжлийг мэдрэх боломжийг дэлхий нийтэд олгосон.
Тасралтгүй өсч байсан чип үйлдвэрлэгч "Nvidia"-ийн хувьцааны үнэ ойрын үед байгаагүйгээрээ унаж байна. Эхлээд 17 хувиар унаж, дараа нь 4 хувиар дахин унажээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд ам.доллараас 2.9 их наяд ам.доллар хүртэл унаж, зах зээлийн үнэлгээгээрээ "Apple", "Microsoft" хоёрын араас бичигдэж эхлэв.
"DeepSeek" нь хувийн өмчит компани бөгөөд хувьцаагаа нээлттэй арилжаалдагггүй. Хэрэв хувьцаагаа нээлттэй арилжаалж эхлэвэл зах зээл дээр тэсрэлт хийх шинжтэй.
ХЯТАДЫН БАХАРХАЛ
"DeepSeek" нээлтээ хийснээр Хятадын засгийн газрын барууны технологид дарлуулах нь багасав. Коммунист намаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч төрийн хэвлэлүүд нь "DeepSeek"-ийн нөлөө АНУ-ын Цахиурын хөндий болон "Уолл Стрийт"-ийн компаниудад том цохилт өгсөн гэжээ. "Nasdaq"-ийн хувьцаа 3 хувиар унасан гэнэ.
Сиднейн технологийн их сургуулийн дэд профессор Марина Чжан ярихдаа "DeepSeek нь Хятадын техник технологийн чадамж, бие даасан байдал өсөн нэмэгдэж буйн нотолгоо боллоо. Энэ компанийн амжилт нь Хятадын инноваци 2.0 буюу үндэсний технологийн компаниудын залуу удирдагчдын шинэ эрин үеийн эхлэл" гэжээ.
МОНГОЛЧУУД ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Монголчууд хэдийнэ хиймэл оюун ухааны салбарт хөл тавьсан. Хиймэл оюун ухаан дээр суурилсан төрөл бүрийн л үйлчилгээнүүд нийгэмд үзүүлж байна. Гэхдээ хангалттай хэмжээнд биш. Асуудал нь олон зүйл дээр дутуу юмнууд байна. Мэдээж боловсон хүчин хангалттай бус. Энэ чиглэлийн хөгжүүлэгч, дата аналист, инженерүүд хангалттай биш. Мөн хамгийн гол дата (өгөгдөл) дутмаг. Их хэмжээний дата дээр бид моделио сургаж, илүү төгс, илүү дэвшилтэт, нарийн оновчтой хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нийгэмд хүргэнэ. Түүнээс гадна дэд бүтэц тааруу. Тэр их хэмжээний датаг хадгалах, боловсруулах техник, технологийн хүчин чадал, нөөц алга. Зах зээл дээр худалдаалагдаж буй сүүлийн үеийн хүчирхэг чипүүдийн үнэ улам л өсч байна. Үүнийг худалдан авахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай.
"DeepSeek"-ийн ашигласан "А100" чипний үнэ өдгөө багтаамжаасаа хамаараад 8-20 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ энэ бол 2022 оны технологи гэдгийг санаарай. Мэдээж ганцыг ашиглахгүй. "DeepSeek" л гэхэд нийтдээ 50 мянган ширхэг чип ашигласан. Эдгээр чипүүд дээр боловсруулалт хийнэ гэхээр цахилгааны асуудал яригдана. Долоон хоног, 24 цаг тасралтгүй өндөр чадлаар ажиллана гэхээр цахилгааныг "уух" шиг л болно. Монгол Улс эрчим хүчний хувьд тун хүнд байгааг бүгд мэднэ.
Ингээд харахаар боловсон хүчин, дэд бүтэц, санхүүжилт, өгөгдөл зэрэг асуудлууд монголчуудад байна.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.2
Хулгай хулгай.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.74
Хэ хэ. Америкийн тагнуулын алба хятадын залуу инженерийг Америкийн технологийг хулгайлсан байж магадгүй гэж шалгах юм гэнэ лээ ккк. Японы хэвлэлүүдээр бичигдээд эхэлсэн. Зөвхөн америк хүн, эсвэл еврей хүн ухаантай байдаг гэсэн тэнэг бодлоосоо салах цаг аль хэдийнээ иржээ. Хятад улс төрийн бодлогын дэмжлэгтэйгээр богино хугацаанд өөрсдийн инженер, Ай Ти мэргэжилтнээ бэлтгэчихсэн байгааг бид харлаа. Хэдийгээр бид өмхий хятад гэж үзэн яддаг нь үнэн боловч хятадууд хөгжлөөрөө явж өгч байна дөө.
Нэргүй 35 минутын өмнө 66.181.186.170
Танай элэг нэгтнүүд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй өгөр коммунистууд шүү дээ
Зочин 2 цагийн өмнө 122.201.31.187
Манай муу Эгүнэ шүү юм яажшуухан байдаг юм бол доо. Өөрөө бие даагаад OpenAi, DeepSeek нараасаа суралцаад өөрийгөө хөгжүүлээд явчихдаг юм биш байгаа.