Нисэх онгоцны "хөшигний ард"

Нисэх онгоцны "хөшигний ард"

Нисэх онгоцны "хөшигний ард"

Гадаадын цагаач ажилчид Японы нисэх онгоцны буудлын "хөшигний ард" бүгдийг гялтгануулж байна. Тодруулбал, Кансай олон улсын нисэх онгоцны буудал бусад орны нэгэн адил ажиллах хүчний хомстолтой тэмцэж иржээ. Мөн "Covid-19"-ын хөл хорио тавигдсанаас хойш жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдаж буй тул нөхцөл байдал улам дордох хандлагатай байлаа. Улмаар тус нисэх онгоцны буудал нь гадаадын цагаачдыг ажилд авах шаардлагатай болохыг ойлгосон байна. "NHK" агентлаг саяхан нисэх онгоцны буудлын амин сүнс болсон ажилчдын талаар сурвалжилжээ.

Тухайлбал, зорчигчдын хэзээ ч харж байгаагүй ч цэвэрхэн, тухтай аялах боломжийг нь бүрдүүлж өгдөг хамт олны талаар мэдээлсэн юм.

ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ХУРДАН

Хавайгаас ирэх нисэх онгоц газардаж, зорчигчид буусан даруйд цэвэрлэгээний багийнхан дараагийн нислэгт бэлдэж шуурхай ажиллана. Тэдэнд дэмий үрэх цаг байхгүй. Учир нь онгоцны компаниуд нисэх онгоц саатахаас сэргийлэн ажил бүрт шаардагдах хугацааг зааж өгч, хатуу баримталдаг байна. Тодруулбал, олон улсын нислэг хийх онгоцыг 30-60 минутын хооронд цэвэрлэдэг бол дотоодын нислэг ердөө 12 минутын хязгаартай байдаг аж.

Цэвэрлэгээний багийн зарим гишүүн зорчигчийн суудлаас дэр, хөнжил, чихэвчийг нь хураан авч, цэвэрлэгээнд илгээх хооронд бусад гишүүд га тогоо, ариун цэврийн өрөөг цэвэрлэж харагдана. Тэд нийт 240 суудлын халааснаас элдэв хогийг гаргаж, алга болсон сэтгүүл, аюулгүй ажиллагааны картыг сольж, ширээ, цонх зэрэг булан тохойг арчиж, ариутгадаг. Эцэст нь цаг хугацаандаа цэвэрлэгээгээ хийх гэж яаравчлан, онгоцны шалыг тоос сорогчоор соруулснаар ажил дуусдаг байна.

Кансай нисэх онгоцны буудлын мэдээлснээр, АНУ-ын чиглэлд нисч буй онгоц хамгийн их хугацааг шаарддаг байна. Учир нь терроризмын эсрэг арга хэмжээ авахын хүрээнд зорчигчийн суудал бүрийг салгаж, аюултай материал байгаа эсэхийг шалгадаг байна.  Цэвэрлэгээний баг тус бүр долоон гишүүнтэй. Гэхдээ нислэгийн тоо, онгоцны хэмжээнээс хамаарч хэд хэдэн баг нэг дор ажиллах үе нэлээдгүй гардаг аж.

ӨӨРЧЛӨЛТ

Осакагийн нисэх онгоц цэвэрлэх компанийн мэдээлснээр, таван жилийн өмнө нийт ажилчдын 22 хувийг гадаад ажилчин эзэлж байсан бол одоо 66 хувь болжээ. Энэхүү өөрчлөлт нь "Covid-19" тахлын улмаас үүссэн гэж тус компани онцолсон юм. "K Ground Expert" нисэх онгоц цэвэрлэгээний фирмийн захирал Шибатани Кунимицү хэлэхдээ, тахлын үеэр тус компанид ажил олдохгүй байсан тул дотоодын ажилчид нь ажлаасаа гарсан бөгөөд хөл хорио тавигдсаны дараа эргэн ажилдаа ороогүй байна. Мөн шинэ төгсөгчдийг татах боломжгүй байснаар ажиллах хүчний хомстолд оржээ. Ажилчдын эрэлт нэмэгдсэн ч "Covid-19"-ын хүнд дурсамжуудыг мартаж чадахгүй байсан япончууд нисэх онгоц цэвэрлэнэ гэдгээс эмээж байсан бололтой гэж Шибатани үзсэн юм.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ, "Цагийн ажилчдын цалинг нэг цагийн 1250 иен буюу 8 ам.доллар хүртэл өсгөсөн ч бид ажиллах хүчний хомстолд орж байсан. Зөвхөн Японд ажиллаж, амьдардаг гадаадууд л бидний дуудлагыг хүлээн авдаг" гэв. Гадаад оюутнууд одоо тус компанийн тулгуур болж байна гэж Шибатани онцолж байна.

Тэд ихэвчлэн Непал, Филиппин, Шри Ланка, Мьянмар зэрэг Азийн орнуудаас ирсэн бөгөөд Осака мужийн их дээд сургууль, техникийн сургуульд суралцдаг аж.

ТУЛГАРАХ СОРИЛТУУД

Мэдээж хэрэг, нисэх онгоц цэвэрлэх бол заавар зөвлөмж хэрэгтэй. Дасгалжуулагч Сакамото Шинго хэлэхдээ, ажилтнууд үндсэн ажлаасаа тусдаа нисэх онгоцны буудлын тоо томшгүй олон дүрмийг санаж байх хэрэгтэй.

"Нэгдүгээрт, хүмүүс хориотой бүсийн онцгой шинж чанарыг санаж байх хэрэгтэй. Шалан дээр унасан бал үзэг шиг энгийн зүйл нь ажилчдыг санамсаргүйгээр унаж бэртэхэд хүргэдэг. Эсвэл салхинд хийсч, онгоцны хөдөлгүүрт шингэж гэмтэл учруулж болзошгүй. " гэж Сакамото хэлжээ. Түүнчлэн, зорчигчдын хаяхаа мартсан бичиг цаас, хэрэглэсэн гарын тос зэрэг зүйлсийг цэвэрлэгчид цуглуулж, тодорхой хугацаанд хадгалдаг байна. Энэ нь зорчигчийн хувьд чухал байсан зүйл мартагдсан байж магадгүйн үндсэн дээр түр хугацаанд хадгалахыг хэлнэ.

ХЯЗГААРЛАГДМАЛ АЖЛЫН ЦАГ

Визний хуулийн дагуу гадаадын оюутнууд долоо хоногт 28 цаг л ажиллах боломжтой. Нисэх онгоцны буух цаг ихэвчлэн хойшлогддог тул компаниуд ээлжийн хувиараа уян хатан тавьдаг. Энэ нь мөн ажилчид ажиллах цагаа хэтрүүлэхгүй байхад дэмтэй байдаг. Түүнчлэн, амралтын өдрөөс гадна цагаач ажилчдын ажлын нэг өдөр таван цаг байдаг аж. Үүний үр дүнд дараагийн цэвэрлэх ээлжийг хүлээн авах баг шаардлагатай болдог тул цагийн ажилчны тоо 1.4 дахин нэмэгджээ. Харин тус ажилдаа дуртай, туршлагатай болсон гадаад оюутнууд эх орондоо буцах эсвэл Японы бусад компанид ажилд орох зэрэг сонголтыг хийх боломж олддог байна.  Компанийн захирал Шибатани хэлэхдээ, "Цар тахлын дараа манай компанид тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол ажилчдыг авч үлдэхэд хүндрэлтэй болсон явдал юм" гэв. Олон гадаад оюутан ажилчин нэгээс хоёр жил тутамд солигддог. Бусад нь, тухайлбал, үндсэн ажилчин болон тусгай мэргэжилтэй ажилчны визтэй хүмүүс хэр удаан үлдэх нь тэдний сонголт юм.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛ

Ажиллах хүчний хомсдолын нэг шалтгаан нь цалин юм. Нислэгийн цэвэрлэгээг агаарын тээврийн компаниуд төлдөг. Гэвч өнгөрсөн 15 жилийн хугацаанд нисэх онгоц цэвэрлэгээний салбарт олон компаниуд өрсөлдөх болсон тул цалингийн хэмжээ бага байхаас аргагүйд хүрдэг. Нисэх онгоцны цэвэрлэгээний үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ихэвчлэн "туслан гүйцэтгэгч" хэлбэрээр гүйцэтгэдэг. "NHK" агентлагийн сурвалжилсан "K Ground Expert" компанийн хувьд хоёр жил тутамд цалингаа нэмсэн ч гарааны цалин Осака мужийн дундаж цалингаас бага хэвээр байна.

Японы Зам тээврийн яамнаас хоёр жилийн өмнө салбарын тогтвортой байдлыг судалж, ажиллах нөхцөлийг сайжруулах саналыг нэгтгэх зорилгоор шинжээчдийн баг бүрдүүлжээ. Одоог хүртэл шинжээчдийн баг судалгаагаа үргэлжлүүлж буй. Хөдөлмөрийн бодлогын чиглэлээр мэргэшсэн Риккёгийн их сургуулийн профессор Шуто Вакана хэлэхдээ, үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд хууль эрх зүйн дэмжлэг шаардлагатай гэв. Тэрбээр "Засгийн газар цалин нэмэхэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд агаарын тээврийн компаниудын төлж буй гэрээний төлбөрт стандарт үнэ болон хамгийн бага үнийг зааж өгөх нь үр дүнтэй гэж би бодож байна" гэсэн юм. Мөн "Ажилчид нь үйл ажиллагаагаа цаг тухайд нь аюулгүй байлгах ур чадвар эзэмшсэн ч цалин хөлсний хэмжээ бага байвал эдгээр пүүсүүдийн нөхцөл байдлыг тогтвортой гэж нэрлэх боломжгүй" гэж онцолжээ.

Ноцтой хэрэг гарсны дараа биш, харин одоо нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд ярилцах ёстой гэж тэрбээр үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж