Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж буй. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн.
Боловсролын яамнаас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 40,622 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна.
Тэдний 70 орчим хувь буюу 31,370 сурагч эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эрт илрүүлгийн дүн мэдээнээр нэгдүгээр ангийн сурагчдын дунд шүдний өвчлөл хамгийн их гарчээ. Тодруулбал, шүдээ үзүүлсэн 30,346 хүүхдийн,
- 23,908 нь шүд цооролттой,
- 25,832 нь шүдээ хангалттай сайн угааж чаддаггүй
- 5,831 нь шүд гажигтай гэж оношлогджээ.
Түүнчлэн нүдний үзлэгт хамрагдсан 24,310 хүүхдийн 15.2 хувь нь холын хараа муу, 6 хувь нь ойрын хараа муу гарсан бол 21 хувь нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн дүн гарчээ.
Эдгээр үзүүлэлтийг харахад Монгол Улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна.
Дашрамд дурдахад, эцэг эхчүүд өрхдөө бүртгүүлж өөрсдөө хүүхдээ үзлэгт хамруулах боломжтой юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалараа иргэд үнэ төлбөргүй өөрийн насны багцад харьяа болон заасан эмнэлгүүдэд очиж үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Эрт илрүүлэгт хамрагдах иргэд сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн бол урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана.
Хүүхдүүдээ үзлэгт хамруулах иргэд өрхдөө хандах бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх бол өрхийн эмчийн зөвлөгөөний дагуу цаг авч үзүүлнэ.
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ШҮДИЙГ АРЧЛАХ ЗӨВЛӨМЖ:
- Хүүхдийн шүдийг 6 нас хүртэл нь та өөрөө угааж өгөх хэрэгтэй байдаг. Түүнчлэн 6-8 нас хүртэл шүдээ угаахад туслах хэрэгтэй бөгөөд 9 настайгаас нь эхлээд хүүхдийн шүдийг бие даан угаалгаж сургах хэрэгтэй
- Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах
- Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаана
- Нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй
- Сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал
- Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжилийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.
- Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.
Зочин 10 минутын өмнө 66.181.161.12
Чихэр өгөхгүй бол уйлаад байдаг юм, уурлаад байдаг юм гээд зарим эцэг эхчүүд юу ч мэдэхгүй жаахан хүүхдэд 1, 2 настай байх үеэс нь эхлээд чихэр өгөөд байх юм. Чихрийн хэт их хэрэглээ нь зөвхөн шүдний өвчлөл гэлтгүй хүүхдийн эрүүл мэнд болон хэвийн өсөлт хөгжилд нь асар хортой нөлөө үзүүлж байгаа юм. Хүүхдийн чихрийн хэрэглээ, түүнээс үүсэх эрүүл мэндийн хохиролд эцэг эхчүүд 100 хувь буруутай.