Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн улиралд агаарын бохирдол, утаанаас зугтаж, гадаад руу олноор аялдаг болсон. Үүнийг ч салбар яамнаас гаргасан тоон мэдээлэл баталж байна. Монгол Улсад 2024 онд 808.956 жуулчин ирж, 1.6 сая ам.долларын орлого оруулжээ. Харин 2024 онд Монгол Улсын 3.4 сая иргэн гадаад улсад аялсан байна.
Тодруулбал, монголчуудын гадаад улсад аялсан тоо 2020 онд 268.930, 2021 онд 121.188 байсан бол 2022 онд 324.467, 2023 онд нэг сая давж, 1.382.097 хүн гадаад руу аялсан бол 2024 онд давхардсан тоогоор 3.498.718 хүрчээ.
Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор гадаад руу аялах иргэдийн тоо хоёр саяар нэмэгдсэн гэсэн үг. Эсрэгээрээ дотооддоо аялсан хүний тоо нэг сая хүрэхгүй. Өнгөрсөн 2023 онд гэхэд 860-880 мянган хүн дотооддоо аялсан гэх тоо бий. Дотоодын аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар чанар, үйлчилгээнээсээ давсан өндөр өртөгтэй. Ямар сайндаа л хүмүүс "Тэрэлж явснаас Турк явсан нь дээр" гэж хошигнож ярихав дээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Монголд зочлох жил"-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Монголчууддаа "гологдсон" салбарын мөрөөдөл хэдэн жилийн дараа биелэх бол.
Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Харин өнөөдөр салбарын гүйцэтгэл 65 хувиар өсч, нэг сая жуулчин хүлээж авахад ойрхон болсныг салбарынхан онцолдог.
Гэвч Улаанбаатар хот амралт, зочид буудлын хүртээмж муутай, олон мянган жуулчин хүлээж авахад бэлэн биш байна.
Улсын хэмжээнд 492 зочид буудал, 486 дэн буудал, 922 жуулчны бааз бүртгэлтэй байдаг. Эдгээр нь нийт 35.560 ор хоногтой. Харин өвлийн улиралд 145 жуулчны бааз ажилладаг гэж бүртгүүлснээс 2023 онд 55 бааз л ажиллаж, 3500 ор хоногийн хүчин чадалтай байх жишээтэй. Мөн хоёр сая хүлээж авахад энэ салбарт ажиллах боловсон хүчний асуудал яригдана. Зочид буудалд 18.680, тур операторт 22.480, амралт жуулчны баазад 10.500, ресторан кофе шопт 14.280, салбарын бусад аж ахуйн нэгжид 14.280 хүн гээд нийт 88.700 хүн ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарын зорилт, бодит байдлыг тоон дүнгээр харьцуулахад л газар, тэнгэр шиг зөрүү гарч байна.
3,600.44






















































Холбоотой мэдээ