Сар шинийн баярын сургаар махны үнэ өссөнд иргэд бухимдаж байна. Ченжүүдийн зүгээс махны үнэ өссөн шалтгааныг нийт нутгаар өнөтэй өвөлжиж, орон нутгаас нийлүүлэлт эрс багассантай холбон тайлбарласан юм. Зарим нь цагаан сар зун болдог байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэх хошигносон хариултыг өгч байв.
"Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын захыг өчигдөр /2025.01.29/ 15.00 цагийн орчимд зорин очиход мах худалдан авч байгаа иргэд ганц нэгхэн харагдав. Үхэр, адууны мах зардаг ихэнх лангуу нь хоосон, эл хуль. Худалдагч нар нь махны үнэ бичсэн цаасаа нууж, яриа өгөхөөс татгалзсан юм. Зах дээр үхрийн цул мах нэг кг нь 18.500-19.500, үхрийн ястай мах нь 17.000-18.000, үхрийн гуяны цул мах 21.000-22.000 төгрөг буюу хамгийн үнэтэй зарж байна. Харин адууны ястай, ясгүй мах нэг кг нь 10.000 төгрөг бол хонины ястай мах 15.000, хонины цул мах 16.000 төгрөгийн үнэтэй. Ямааны ястай мах нь нэг кг нь 12.000 төгрөг, цул нь 13.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байлаа.
Нэрээ нууцлахыг хүссэн махны худалдагч "Хонины ястай мах нэг кг-ыг нь 14.500-15.000 төгрөгөөр зарж байна. Махны үнэ нэмэгдсэн болохоор худалдан авалт ч буурсан. Иргэд хоолны мах худалдан авахдаа нэг гуя, нэг хаагаар нь өрөөлдөж авдаг.
Орон нутгаас махны нийлүүлэлт эрс багассан. Шинэ хонины мах олдохгүй бөөний үнэ нь 13.500 төгрөгөөс буухгүй байгаа" гэсэн юм.
Хажуугийн лангуун дээр хонины цул мах янзалж байсан эмэгтэй "Сар шинийн баяр дөхөөд борлуулалт сайжрах байх гэсэн хүлээлттэй байна. Хонины цул махыг нэг кг нь 16 мянган төгрөгөөр зарж байна. Иргэд мах үнэтэй байна гэж бухимдаж байгаа ч өөрийн мөнгөндөө тааруулаад худалдан авахаас өөр аргагүй. Экспортын махыг хязгаарлаж, дотооддоо нийлүүлснээр махны үнэ тодорхой хэмжээгээр буурах байх" гэж хэллээ.
"ЭКСПОРТЫН МАХАА ДОТООДДОО НИЙЛҮҮЛБЭЛ ҮНЭ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРАХ БАЙХ"
Мах худалдан авч байсан Р.Отгончимэг "Махны үнэ өмнөх сараас нэмэгдсэн байна. Би хонины ястай мах нэг кг-ыг нь 15.500 төгрөгөөр худалдаж авлаа. Багахан хэмжээний мах авахад 300 гаруй мянган төгрөг болж байна. Худалдагч нар мах орон нутгаас үнэтэй орж ирж байгаа гэж хэлсэн. Экспортын махаа дотооддоо нийлүүлбэл махны үнэ тодорхой хэмжээгээр буурах байх. Одоо цагаан сар дөхөөд махны үнэ улам нэмэгддэг шүү дээ" гэсэн юм.
Махны худалдагч М.Гантулга "Хонины ястай шинэ махыг 13 мянган төгрөгөөр бөөндөж авч, 13.800 төгрөгөөр зарж байна. Харин намар хадгалсан махыг 12 мянгаар бөөндөж, 12.500 төгрөгөөр зарж байна. Цул мах 16 мянган төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ өссөн нь цагаан сартай холбоотой. Хэрэв цагаан сар зун болдог байсан бол махны үнэ өсөхгүй.
Малчид намрын цагт амьжиргааныхаа махыг борлуулж, өвлийн цагт малаа маллаж, өсгөнө. Тийм болохоор малчид намар цагт л тодорхой тооны махаа хот руу нийлүүлдэг.
Нөгөө талаасаа өнгөрсөн жил гадаад руу экспортоор их хэмжээний мах гаргасан болохоор махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж харж байна. Цагаан сараар айл болгон мах чанаж, буузаа хийдэг учраас иргэдийн худалдан авалт сайжирна. Махны үнийг тогтвортой барьж болох ч иргэд хамгийн гол нь цалин хөлс нь нэмэгдэхгүй байгаад бухимдаж байна" гэдгийг хэлж байлаа.
"МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 2000-3000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН"
Махны худалдаа эрхлэгч эмэгтэйгээс махны үнэ өссөн шалтгааныг нь тодруулсан юм.
-Үхрийн мах ямар үнэтэй зарж байна вэ?
-Үхрийн ястай мах нэг кг нь 17.500 төгрөгөөр зарж байна. Махны үнэ өмнөх сараас 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ огцом нэмэгдээгүй, нийлүүлэлтээс хамаарч янз бүр хэлбэлзэж, үе шаттай нэмэгдсэн. Иргэд бухимдалтай, бид ч мах зарахад хэцүү байна. Махаа бөөндөж аваад 1000 төгрөгийн ашиг харж, 30 кг яс хаяж байна.
-Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нийлүүлэлт багасантай холбоотой юу. Зарим нь цагаан сар дөхөхөөр үнээ нэмдэг гэж байна?
-Баяр дөхүүлээд махны үнэ нэмдэг гэдэг өрөөсгөл ойлголт. Ямар хэмжээтэй мах нийлүүлснээс хамаарч үнэ хэлбэлздэг. Энэ жил нийт нутгаар нэлээд орой хүйтэрсэн. Хүйтрэхгүй болохоор хотод шинэ мах ховор орж ирж байна. Өнгөрсөн өвөл нийт нутгаар өвөлжилт хүндэрч, махны нийлүүлэлт их байсан. Махны нийлүүлэлт арав, арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад эрс багассан. Үүнийгээ дагаад иргэдийн худалдан авалт буурсан.
-Яамнаас махны үнийг бууруулахын тулд экспортын махаа хязгаарлаж, дотооддоо нийлүүлнэ гэсэн. Энэ зохицуулалтыг хийснээр махны үнэ буурах болов уу?
-Экспортын махаа дотоодод нийлүүлсэн ч үнэд нөлөөлөхгүй. Нэг их ялгаа гарахгүй байх.
МАЛЧИД: ЗАХЫН ТҮРЭЭС 130 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДСЭН
Хэдийгээр сар шинийн баяр болоход нэг сарын хугацаа байгаа ч зарим иргэд баярын ширээний ууцаа бэлдэж эхэлжээ. Тус захын үүдний хэсэгт Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгаас ирсэн малчид ачааны машин дээр ууцны мах зарж байв.
Тэдний зүгээс өмнөх жилүүдэд зах дээр машинтайгаа мах зарахад нэг өдрийн 40-70 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан бол энэ жил 130 мянга болж нэмэгдсэнд бухимдаж байлаа.
Малчин Б.Батболд ууцны мах зарахаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас иржээ. Тэрбээр хотод ирээд 10 гаруй хонож байгаа аж. "Би 400 ууцны махтай ирсэн. Одоо дөнгөж 30 хэдэн ууц зарсан. Баяр дөхөөд борлуулалт нэмэгдэх байх. Одоо өдөрт 2-3 ууц л зарж байна. Хамгийн том ууц 38 кг жинтэй. Хүмүүс ууц сонгохдоо сүүл, цоройг нь хардаг. Ууцны үний хувьд 350-600 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Хөдөөгүүр өвөлжилт өнтэй, мал тарга тэвээргэтэй байгаа учраас хотод нийлүүлэлт бага байгаа нь үнэн. Малчид нь махаа хотод зарах гэхээр түрээс нь өндөр байна" гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Хоёр талд эгнэсэн ачааны машин дундуур ууц сонирхон яваа эмэгтэй "Хонины ууц 450-650 мянган төгрөгийн үнэтэй байна. Жижиглэнгийн хонины мах 15 мянган төгрөг, гулуузаараа нэг килограмм нь 12 мянган төгрөг гэж байна. Одоохондоо цагаан сарынхаа ууцаа худалдаж авахаар сонирхож явна.
Баяр дөхөөд махны үнэ дийлдэхгүй байх.
Хүмүүс махны үнэ өчигдөр уржигдрынхаас нэмэгдсэн гэж байна. Экспортын махаа дотоодод худалдвал авна. Гэрийн ойролцоох дэлгүүр, зах хоёрын хооронд 1000-2000 төгрөгийн зөрүүтэй байгаа"-г хэлж байв.
Хонины тарган ууцны үнэ 350 мянган төгрөгөөс эхэлнэ. Хамгийн үнэтэй 40-өөс дээш кг татах ууц 500-600 мянган төгрөг хүрч байлаа. Харин үхрийн өвчүү 18 кг жинтэй нь 280 мянган төгрөгөөс эхэлнэ.
Өвөрхангай аймгийн малчин ярихдаа "Ууцны мах голцуу эр хониных байдаг. Жингийн хувьд 25 кг-аас дээш байна. Үнийн хувьд 300-600 мянган төгрөгийн үнэтэй. Иргэд ихэвчлэн ууцны тарга тэвээргийг харж сонголтоо хийнэ. Худалдан авалт муу байгаа учраас малчид ууцаа үнэлэхгүйгээр нэг кг-ыг нь 12000-13000 төгрөгөөр бодож өгч байна. Иргэд дунджаар 450 мянган төгрөгийн ууц авч байна. Ер нь малчид, ченж ялгаагүй өндөр үнээр махаа зарж байна. Биднийг хямд үнээр махаа зарахаар уурладаг гэв.
Түүнээс ууц худалдан авч буй иргэн "Би 450 мянган төгрөгийн үнэтэй ууц худалдаж авлаа. Сонголт арвин байна. Цагаан сарын баяртаа эртхэн бэлдээд л явж байна. Баярын ууцаа сонгохдоо ууцныхаа тарга тэвээргийг голчлон харж, сонголоо. Авсан ууц маань шинэ, Өмнөговь аймгийн ууц гэнэ" гэсэн юм.
ЭКСПОРТОД БЭЛТГЭСЭН МАХЫГ НИЙСЛЭЛ ДЭХ ЦЭГҮҮДЭЭР ХУДАЛДАНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Махны үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ.
Өнгөрсөн өвлийн зуднаар 9.3 сая толгой мал хорогдсон. Малчид малаа өсгөж, зах зээлд нийлүүлэх сонирхол бага байна.
Махны үнийн судалгаагаар хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус тус өссөн. Тэгэхээр энэ бол хүн амын хэрэглээнд нөлөөлнө. Уламжлалт баяр ёслолын үеэр махны үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдана гэдгийг онцолсон юм.










Гэрэл зургийг О.Болорсувд
Зочин 2025-01-30 103.212.162.108
Ууц тавих гэж дундад зууны үeийн хоцрогдсон заваан юмаа одоо болих цаг болсон!
Зочин 2025-01-30 66.181.184.59
Монголын махны үнийг ченжүүд л тогтоодог шүү дээ.тэд малчдаас хямд аваад шуналдаа хөтлөгдөн үнээ их хэмжээгээр нэмдэг.махны үнэнд төрөөс хяналт тавьдаг баймаар бна.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг татан буулгах хэрэгтэй.тэл ширээ сахиж цалин авахаас өөр юм хийхгүй байна.
Зочин 2025-01-30 59.153.113.217
21-р зуун гарчихаад байхад хаа байсан дундад зууны ёс заншлаараа л байх юм аа. Яагаад өөрчилж шинэчилж болдоггүй зүйл вэ? Амьдралдаа нэг ч удаа хонь хариулж үзээгүй, бас гэрт амьдарч үзээгүй хүмүүс хүртэл ууц тавидаг хачин ёс заншил шүү….
Зочин 2025-01-30 202.55.188.99
махны экспортоо зогсоо .мах гадагшаа зардаг хэдэн компаниудаас болж нийт монголчууд ийм үнэтэй мах авч байна .ард иргэдээ 1рт бодох ёстой баймаар .хамаг махы нь аваад дарчихлаар ховордохоос яадым. ард иргэд ч ямар тэвчээртэй хүлцэнгүй юм .
Иргэн 2025-01-30 202.9.46.22
яг үнэндээ энэ хүчит шонхор зах махны үнийг байнга хөөрөгдөж байдаг шуналын газар буулгаж нураамаар л санагддаг дандаа түрээс нэмнэ дагаад хүмүүс барааны үнээ нэмдэг гол буруутан шүү ард түмнийг сэмхэн мөлжиж байдаг хүү нь тэгсэн ичихгүй гишүүн болчихсон байх шиг зүгээр л энэ захаас салах хэрэгтэй махыг зарахдаа шууд өдрийн ханшийг өгөч байх хэрэгтэй яагаад гадаадад 5 жилийн өмнөх ханш хэвээрээ байхад манайх гэж арай л сар сараар үнэ нэмдэг баяраар бүр огцом дээрэмдэдэг бүгд л мэднэ
Нэргүй 2025-01-30 89.113.148.50
:)))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-30 122.201.31.222
малчид тэтгэвар тэтгэмж урамшуулал авсаар мах сүүний зарах эдийн засгийн ямарч сонирхолгүй болсон үнэгүй ороод ирэх халамжийг аваад сурсан байдаг зун цагаан сар хийвэл мөн адилхан өснө эрэлт өснө зуншлага гэж ойлголт байна зуншлага сайн бол л мах эрт гарна гэхдээ хямд биш шунал гэж байна малчид амандаа орсон сургын үнээ хэлнэ
Zochin 2025-01-30 59.153.115.91
amandaa orson unee heleh yum, arai denduu yumaa. hen ch uuts bitgii av, tegeed boloo. haluun gert negshirch muudaad idehgui shuud hayadag shuu dee.
Нэргүй 2025-01-30 202.179.2.18
malchid ch gsn irged sh dee haha
ах ламаас 2025-01-30 103.168.34.178
Махны үнийг ХҮЧИТ ШОНХОР-ын хэдэн ченжүүд л тогтоодог ш дээ төр энд ямарч үүрэггүй Хүчит шонхорын эзэн сайд Мөнхсайханд бүр ямар ч хамаагүй тэр нөхөр түрээсийнхээ үнийг л нэмэхээ мэднэ
Уншигч 2025-01-30 139.5.218.173
Цагаан сар наадам 2 давхцуулаад хийвэл хурдан морь уралдах хугацаа, хүүхдээр морь уралдуулах, шинэлэх хугацааны асуудал гэх мэт бас эдийн засаг, амрах хугацаа гээд олон асуудлын маргаан шийдвэрлэгдэх юм шиг ээ.Таны бодол юу байна.
Уншигч 2025-01-30 139.5.218.173
Цагаан сар наадам хоёроо нэг мөсөн 7 сарын 11 -д хийдэг болбол бүх талаар ашигтай юм биш үү. Нэг мөсөн ажлын 5 хоног байхад болно доо хөө
ХОТЫН ИРГЭН 2025-01-30 203.169.48.150
7 сарын 11-нд тэгээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиох уу
Нэргүй 2025-01-30 66.181.184.119
малчдын амьдралд ач тустай бол болж л бн
Нэргүй 2025-01-30 103.57.92.23
ууц заавал тавих албагүй, төлөөлөл болгож хонины сүүл, дээр нь дал 4 өндөр, сээр энэ тэр байхад л болно, хамаагүй хямд тусна. ёс юм шүү дээ.
Зочин 2025-01-30 103.212.118.21
ууц заавал тавь гэсэн хуультайч юм шиг гадаадынхан бол том б**с тавьсан бна гэж шоолдог дараа нь тэр их өөр тосоо идэхгүй хаядаг юм худалдаж авахаа болих хэрэгтэй
Нэргүй 2025-01-30 202.126.90.229
Ажил хийцгээ
Малчид хүн биш үү
Хямд дээр нь аваад хөлдөөгөөч!
Нэргүй 2025-01-30 64.119.31.218
энэ төр эзэнгүй болжээ иргэдийг нэг амаар нь шороо үмхүүлж байна даа
Нэргүй 2025-01-30 103.212.119.32
Хөдөө аж ахуйн яам, мах бэлтгэгчдийн холбоо хамтраад хөдөөнөөс оруулж ирж зарж байгаа махыг зөвхөн ХАА-н биржээр дамжуулж зардаг болох хэрэгтэй шүү дээ. Хэдий хүртэл хэдхэн ЧЕНЖ-ийн гарт махны үнийг атгуулах гэсэн юм бэ??? ХАА-н биржээр дамжуулж зарвал ядаж л эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан мах зарагдана. Махны лангуунууд биржээс л махаа авч зарна биз. ХАА-н бирж гэж ажлаа хийдэггүй газар нэг байна. Удирдлагад нь хариуцлага тооцож болдоггүй юм уу??? Баяр болохоор л мах гурилын үнээ нэмдэг