Нарны шил бол бидний нүүр, нүдийг нарны хүчтэй гэрлээс хамгаалах гол хэрэгсэл. Гэхдээ бидний бодож байгаагаас илүү давуу тал нарны шилэнд бий болов уу?
Хүний нүдний хүүхэн хараа хүчтэй гэрэлд шууд хариу үйлдэл үзүүлдэг. Цасан дээр туссан гялбаа хүртэл нүдэнд сөргөөр нөлөөлдөг. Тийм ч учраас Гималайн уулчид хар шил зүүдэг. Эндээс харвал хамгаалалт нь хар шилний гол үүрэг.
Энгийн хамгаалах үүргийг давуулан биелүүлсэн гоёмсог шилнүүд хаа сайгүй элбэг бий. Тоо томшгүй олон нарны шилний цуглуулгаараа алдартай Элтон Жон энэ мөчид санаанд орж байна. Түүнд ягаан линзтэй зүрхэн хэлбэртэйгээс эхлээд олон янзын сонирхолтой, тансаг шил бий.
Тэгвэл хар шил хэзээнээс хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч, сонирхлыг нь татаж эхэлсэн бол?
Түүх сөхвөл хар нүдний шил эртний Ромоос гаралтай. Тодруулал, эртний Ромын эзэн хаан Нерон гладиаторуудын тулааныг үзэж байхдаа нарнаас хамгаалах зорилгоор нүдэндээ өнгөлсөн эрдэнийн чулуу барьдаг байжээ. Цаг үеийг арай наашлуулбал, Канад болон Аляскийн алс нутагт эвэр, эсвэл халимны ясаар хийсэн жижиг хөндлөн зүсэлттэй цасны шил зүүдэг байв. Ийм шилийг зүүгээд ан гөрөө хийхэд цасанд ойсон нарны гэрлээс нүдээ хамгаалж чаддаг байжээ. Үүний зэрэгцээ нарийн хөндлөн зүсэлтүүд нь бууны овоо хараатай ижил үүрэг гүйцэтгэдэг байв. Нарийн нүхээр анчид олзоо илүү төвлөрч хардаг аж.
Харин 12 дугаар зууны Хятадад шүүгчид нэр төрөө хадгалах, сэтгэл хөдлөлөө ил харуулахгүйн тулд утсан кварц линзтэй нарны шил зүүдэг байв.
Венецид эрт цагаас нааш нүдний шил үйлдвэрлэдэг байснаараа алдартай. Нүдний шил хийх арвин дадлага туршлага нь одоог хүртэл үргэлжилсээр байна. Венецийн язгууртнууд 18 дугаар зуунд гар тольтой төстэй харагдах, яст мэлхийн хүрээтэй ногоон өнгийн шилийг нүдэндээ барьдаг байв. Энэ төрлийн шилийг Венецийн сувгаар завьтай аялагчид болон завьчид нарны туяанаас нүдээ хамгаалах зорилгоор өргөн хэрэглэдэг байв.
Удалгүй нарны шил кино урлагтай холбогдож эхэлсэн. Яагаад гэвэл студийн хиймэл гэрэлтүүлэг маш хүчтэй байдаг тул кино жүжигчдийн нүд амархан мууддаг байжээ. Тиймээс кино жүжигчид нүдээ хамгаалахын тулд зориудаар будсан нүдний шил зүүж эхэлсэн аж.
Тэдгээр жүжигчид алдар нэрд хүрэхийн хэрээр олон нийтийн арга хэмжээнд хүртэл мөнөөх шилтэйгээ ирэх нь моод болов.
Энэ нь нүдний шил хувь хүний нууцлаг шинж чанарыг илэрхийлнэ гэж үзэх болсонтой холбоотой. Мэдээж тэдний гадаад төрх энэ салбарт нэн чухал. Шүтэн бишрэгчдээсээ нуугдахын тулд нүдний шил зүүдэг байсан Грета Гарбо зэрэг алдартан олон. Хар шилтэй дүр төрх нь олны сэтгэлд хоногшсон хамгийн алдартай хүмүүсийн нэг бол Одри Хепберн. Түүний энэ дүр төрх загварын өндөр мэдрэмжийг илэрхийлдэг билээ.
Хэт ягаан туяаны хамгаалалтай хамгийн анхны шил 1939 онд АНУ-д бий болжээ. Энэ нь АНУ-ын армийн Агаарын корпусын нисэх онгоцоор патентлагдсан “Ray-Bans” шил байв. “Ray-Bans” шилний хэлбэр нь аль ч өнцгөөс гэрлийн тусгалыг сааруулдаг давуу талтай. Дэлхийн хоёрдугаар дайны үед Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Дуглас Макартур уг шилийг зүүдэг байсан нь хожим түүнийг тодорхойлох гол зүйл болсон юм. Тухайн үеийн зургуудыг харвал сайн чанарын оёдолтой дүрэмт хувцас, цэрэг малгай, хар шил зэрэг нь хослоод сэтгэл татам эрийн дүрийг илэрхийлэх аж.
Хар нүдний шил 1920-иод оны сүүлчээс улам бүр түгээмэл хэрэглэгддэг нэмэлт хэрэгсэл болжээ.
Улмаар 1960, 1970-аад онд хамгаалах хэрэгсэл гэхээсээ илүү загварлаг шинж чанар давамгайлж эхэлжээ. Загварын салбарын гол төлөөлөгчдийн нэг Жаклин Кеннеди гэх мэт алдартнууд онцгой том хэмжээтэй нарны шилийг зүүдэг болов. Алдартнуудын хувьд нарны шил бол салгаж ойлгохын аргагүй дагалдах хэрэгсэл. Ялангуяа зарим хүний хувийн зан чанарыг тодорхойлоход нарны шил зайлшгүй нэг хэсэг нь болжээ. Тухайлбал, “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын хувьд нарны шил нь хүчтэй аураг тодорхойлдог хэрэгсэл.
Орчин цагийн нарны шилний загвар, хэлбэр хэмжээ юунд ч баригдахгүй, тоолж баршгүй болжээ. Гудамжинд, машин жолоодохдоо, далайн эрэгт, теннис тоглохдоо гээд амьдралынхаа цаг мөч бүрт хүмүүс нарны шилээр гангарч байна. Цаашилбал, нүдний харц, сэтгэл санааны байдлыг ил гаргалгүйгээр бусдыг сонжих, ажиглах боломжийг олгодог.
Эцэст нь хэлэхэд, эртний Ромоос Холливуд хүртэл урт замыг туулахдаа нарны шил нь хүмүүсийг хурц гэрлээс хамгаалахын зэрэгцээ бусадтай хэт ойртож дотносохгүй, догь байдлаа хадгалахад нь тусалдаг хэрэгсэл болтлоо хувьсан өөрчлөгджээ.
Нэргүй 2025-01-29 202.131.225.242
Ray-Bans биш “Ray-Ban" гайхалтай бренд, зүгээр л чанар.