Хавдрын улмаас өдөрт 14 иргэнээ алдаж байна

Хуучирсан мэдээ: 2025.01.30-нд нийтлэгдсэн

Хавдрын улмаас өдөрт 14 иргэнээ алдаж байна

Хавдрын улмаас өдөрт 14 иргэнээ алдаж байна
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын байдлаар ХСҮТ-өөр долоо хоногт дунджаар 3800-4000 хүн үйлчүүлж, өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна гэсэн харамсалтай тоо гарчээ.
Түүнчлэн 2023 оны байдлаар хавдрын нийт 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээг эмч мэргэжилтнүүд танилцуулсан.
Тухайлбал, нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байдаг аж. Ингэхдээ 60 орчим хувь нь хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг гэжээ. Учир нь нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон бөгөөд үүний 85 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна. Хорт хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг. Дээрх тоо баримтаас харахад улсдаа ганцхан хавдрын гэх тодотголтой эмнэлгийн ачаалал таазандаа тулжээ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ тооцооллыг ДЭМБ-ийн тооцоолол бий.

"ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА"

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөл /ЭМДЕЗ/-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн тогтоолоос шалтгаалан хорт хавдартай иргэд хохирч байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байсан. Тодруулбал,

ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн, хордлого тайлах эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны болон холбогдох бүх зардлыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ хэмээх тогтоол хэрэгжихгүй байна гэж үзжээ.

Түүнчлэн “Төлбөрийн нь төр хариуцах эмийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4-т хэрэв “Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” хэмээн заасан нь хорт хавдрыг даван туулагч иргэдийг ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн байгууллагад авлига үүсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэж буй юм. Энэ талаар,

Хуульч, өмгөөлөгч Н.Баттогтох:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т “Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийн төр хариуцна” түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д ‘Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмнэлгийн эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна” гэж тус тус заасан байдаг. Эдгээр хуулиудаас харвал хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр 100 хариуцах юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр хуулиуд хөрсөн дээрээ бууж байна уу гэвэл үгүй. Иргэн А өнөөдөр хорт хавдраар оношлогдоод харьяа эмнэлгийн байгууллагатаа очлоо гэхэд эмнэлгийн байгууллагын ажилтан урдаас нь таны өвчнийг үзэх өнөөдрийн тоо гүйцсэн байна, тиймээс таныг эмчлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ингээд иргэн А-г буцаадаг. Иргэн мэдээж хуульд заасан заалтуудыг үзүүлнэ. Энэ үед эмнэлэгийн ажилтан зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4 буюу“Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг  харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” журмыг үзүүлдэг. Монголд хуулиас илүү давсан журмаар эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна гэв.

ХАВДРЫН ДАРААХ ХИМИ, БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХАРИУЦНА

ЭМДЕГ-ийн мэдээлснээр хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлэгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой юм байна. ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн,

  • Хордлого тайлах эмчилгээ
  • Эм
  • Эмнэлгийн хэрэгсэл
  • Эмчийн үзлэг
  • Сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ
  • Хоолны болон холбогдох бүх зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ гэж заажээ.

Хорт хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй, иргэдэд санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг. Иймд хавдрын өвчлөлтэй иргэдийн эмчилгээ, эм тарианы чанарыг сайжруулах, төр хариуцахаар хуульд тусгасан төлбөрийн нөхцөлийн араас хяналт, дүгнэлт хийж ажиллах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж