Увс аймгийн Хяргас нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан “Prius-30” загварын суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт буюу /2025.01.26/ Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан зургаан зорчигчтой суудлын автомашин нуурын эргээс 300-400 метр зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг Онцгой байдлын алба хаагчид таван метрийн гүнээс татан гаргасан аж.
Осол болсон газар Увс аймгийн төвөөс урд зүгт 140 км, Малчин сумын төвөөс урд зүгт 20 км зайтай юм байна.
Тухайн ослын улмаас зорчигчид бэртэж, гэмтээгүй гэдгийг ОБЕГ-аас хэллээ. Түүнчлэн Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Зочин 2025-01-28 202.126.91.97
Улаангом Наранбулаг хооронд Хяргас нуур байдаггүй юм.