"Дулаахан байх уу, цатгалан байх уу?"

"Дулаахан байх уу, цатгалан байх уу?"

"Дулаахан байх уу, цатгалан байх уу?"

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны үнийн хэтийн төлөв, судалгаанаас үзэхэд АНУ-ын хэрэглэгчид хүнсний хамгийн наад захын хэрэглээ болох өндгөө өндөр үнээр худалдан авч байна. Энэ нь одоо гарч буй шувууны ханиад, инфляцитай холбоотой бололтой. Тухайлбал, 2025 онд өндөгний үнэ 20 хувь нэмэгдэж буй бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар нэмэгдсэнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэхдээ энэ нь дан ганц өндөг бус худалдагч, худалдан авагч нарт тулгамдаж буй Дэлхийн эдийн засгийн асуудлын нэгээхэн хэсэг юм.


Дэлхий дахинаа хамгийн өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүнд өндөг, үхрийн мах болон жүржийн шүүс орж байна. АНУ-ын хувьд зарим муж шувууны ханиадыг тойрч чадсан ч хэд хэдэн мужид уг ханиад гарч өнгөрсөн оны арваннэгээс арванхоёрдугаар сарын хооронд өндөглөх боломжтой 17.2 сая тахиа хорогджээ. Энэ нь 2024 он шувууны ханиаднаас болж хорогдсон нийт шувууны тал нь гэхэд болно. Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, арван ширхэг А зэрэглэлийн өндөгний дундаж үнэ арваннэгдүгээр сард 3.65 ам.доллар байсан бол дараа сард нь 4.15 ам.доллар болсон байна.

Энэ нь 2023 оны мөн үеэс 36 дахин хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Америкийн өндөгний зөвлөлийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эмили Метз "Муу мэдээ хүргэхийн тулд биш, гэхдээ бид хэсэг хугацаанд ийм байдалтай байна. Шувууны ханиад дарагдах хүртэл өндөгний нийлүүлэлт бага байх болно" гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 20 сарын хугацаанд өндөгний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Наад зах нь баярын өдрүүдээр эрэлт нэмэгдэж буй нь өндөгний үнэ нэмэгдэх гол шалтгаануудын нэг болж байгаа бололтой. Зарим хүнсий дэлгүүр нэг удаад худалдан авах өндөгний хэмжээг тогтоож байгаа нь худалдан авагчдын дунд үүнийг нөөцлөх шаардлагад хүргэж байгаа аж.  Шувууны ханиад үргэлжилж байгаа цагт өндөгний үнэ өндөр хэвээр байх болно. Тус өвчний тархалт нь одоогийн байдлаар Калифорни, Индиана, Өмнөд Каролина болон Охайод бүртгэгдээд буй. Энэ он гарснаас хойш 8.3 сая тахианы тоо толгой хорогдсон нь уг өвчин тархсан цагт өндөг үнэ нэмэгдэхээс гадна цаашилбал иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж магадгүй. Үйлдвэрлэгч болон өндөгний бөөний худалдаачид ч сүүлийн саруудад үнээ эрс нэмсэн байна. Нью-Йоркт том хайрцагтай өндөгний бөөний үнэ 10 ширхэг нь 7.24 ам.доллар болж өссөн бол Баруун дундад 6.84 ам.доллар болж өсчээ. Харин Калифорнид хайрцагтай арван ширхэг өндөг 8.35 ам.доллар болж буурчээ. Энэ мэт дийлэнх мужид гарсан шувууны ханиадны улмаас хүнсний дэлгүүрүүд хохирч байна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдэгдэв.

АНУ төдийгүй Их Британид ч өндгөөр дутахгүй хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй. Улмаар илүүдэл хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалдаг нийтийн хүнсний зах зээл зарим дунджаас доош орлоготой айл өрхүүдийн гол сонголт болж байна.

Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр халаалт, хоол идэхийн аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрсэн гэр бүлүүдэд туслах зорилгоор Виган хотод "The Bridge at leigh" гэх дэлгүүр нээгджээ.

64 настай Анн Молинекс хэлэхдээ олон хүмүүс "The Bridge at leigh" гэх мэт дэлгүүрүүдээр хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн зардагт нь дуртай байдаг бол сарын төгсгөлд амьжиргаагаа залгуулахад нь тусалдаг гэх гэр бүл ч байдаг аж. Тус дэлгүүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дороти Боукерын хэлснээр, энэ санаачилга нь хүнсний хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд тусалж байна."The Bridge at leigh" төслийн зорилго нь жил бүр 2 ам.доллар төлж, дэлгүүрийн гишүүнчлэлийн картаар хямд худалдан авалт хийхийг хүсдэг 5000 орчим гэр бүлийн долоо хоног тутмын хүнсний зардлыг нь бууруулах явдал юм. Боукер хэлэхдээ "Хүмүүс тэмцэж байна. Дулаахан бай эсвэл цатгалан бай гэдэг шиг сонголттой үлдсэн хүмүүсийн хувьд хүнсэндээ бага мөнгө зарвал үлдсэн мөнгөө өөр зүйлд зарцуулж болно шүү дээ" гэв. Түүнчлэн, ямар ч өөрчлөлт ороогүй хаягдсан хүнсний бүтээгдэхүүнийг ялган авч, маш хямд үнээр худалдаалдаг байна.

"The Bridge at leigh"-ыг анх хоол, хүнсний бараа бүтээгдэхүүнийг жижиг сагсанд хийж худалдаалдаг байсан кафенаас санаачилжээ. Өдгөө тус дэлгүүрээр өдөрт 200 орчим хүн үйлчлүүлж, долоо хоногийнхоо хүнсийг бэлтгэдэг болсон байна.

Өөр нэгэн судалгаанаас харахад шинэхэн ургацын бүтээгдэхүүн зардаг зах, худалдааны төвүүдийн орлого муудаж байгаа аж. Тухайлбал, Австралийн залуу үеийн худалдан авагч нар цаг заваа хэмнэхийн тулд ойролцоох супермаркетаасаа долоо хоногийн хэрэгцээгээ хангахыг илүүд үздэг болжээ. Мельбурн хотын "Queen Victoria" захад 12 жилийн турш лангуу ажиллуулж буй Шейн Аартс хэлэхдээ "Олон хүмүүсийн хувьд оршин суугаа газрынхаа хүнсний зах руу явна гэдэг жижиг дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлнэ гэсэн үг. Одоо хүмүүс өөрөөр дэлгүүр хэсдэг болсон. Тэд тав тухтай байдлыг илүүд үздэг болсон" гэв. Харин тус лангууны яг эсрэг талын лангууг ажиллуулах Ивет Виталоне хэлэхдээ "Залуучууд орж ирсэн ч томоох худалдан авалт ийдэггүй болсон. Тэд жижиглэнгээр, цөөхөн тооны зүйлс л худалдан авдаг" гэжээ. Тус улсын хувьд томоохон хүнсний захад лангуу түрээсэлдэг хүмүүс нь удам дамжсан худалдаачид. Мөн тухайн лангуу нь ажиллуулдаг гэр бүлийнхээ санхүүгийн ганц орлого аж.

Гэвч цар тахал гарснаас хойш инфляци даган лангууны түрээс өндөр болж, худалдаалдаг бараа бүтээгдэхүүний үнэ нь өсөхөөс өөр аргагүй болсон гэдэгт худалдаачид санал нэгдэж байлаа.

Нөхрийнхөө хамт "Queen Victoria" зах дээр "Steve’s Farmer"-ыг ажиллуулдаг Женни Луо одоо цагт хувиараа бизнес хийх маш хэцүү болохыг хэлж, таван хүүхдээ гэр бүлийн бизнесээсээ холдуулах шийдвэрт хүрчээ. Тэрбээр хэлэхдээ "Түрээсийн төлбөр нэмэгдэж байна. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөхийн хэрээр манай хүүхдүүдийн хэн нь ч энэ ажлыг авахыг хүсэхгүй байгаа. Тиймээс тэднийгээ цалин сайтай ажил олж хийгээсэй гэж хүсдэг" гэсэн юм. Мөн "COVID-19-өөс хойш зах дээр хүн ирэхээ байсан. Зүгээр л тэдэнд тохиромгүй санагддаг байх" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж