Европчуудад хөрш гэж үгүй

Европчуудад хөрш гэж үгүй

Европчуудад хөрш гэж үгүй

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2024 оны тайлангаа саяхан нийтэлсэн билээ. Тайланд дурдсанаар Европ тив 2024 онд 747 сая жуулчин хүлээн авч, хамгийн олон хүн аялсан бүс нутаг болжээ. Covid-19 цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж буй нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч гэлээ нутгийн иргэд үүнд таагүй хандаж байна.

Тодруулбал, Европын олон оршин суугч хэт их аялал жуулчлалаас болж хөрш айл гэж үгүй болсныг хэлэх болжээ. Айл хөршийн холбоо үгүй болсноор аливаа асуудал тулгарах үед хандах хүнгүй хэцүү байдгийг ч зарим нь учирлаж байна.

Испани, Португалийн орон сууцны барилгад оршин суугчдын дийлэнх нь жуулчид байна.

Тухайлбал, Португалын нийслэл Лиссабоны төв хэсэгт амьдардаг Мариа өнгөрсөн жил хөрш айл үгүйн улмаас хүнд байдалд оржээ. Түүний хорт хавдартай нөхөр гэртээ унаж бэртэх үед Мариад хандах хүн олдоогүй аж. Эргэн тойронд нь дандаа жуулчид байсан тул онцгой байдал руу залгаж, тусламж эржээ. Гэсэн ч мөн л жуулчдын хөл хөдөлгөөнөөс болж ихээхэн хугацаа алдсан байна.

Лиссабоны оршин суугч Алекс хэлэхдээ “Их хачин. Би ийм том хотын төвд амьдардаг атал надад нэг ч хөрш байхгүй гээд төсөөлөөд үз дээ. Сүнстэй газар амьдардаг мэт л байна. Олон хүн харагдах ч гэлээ хэнийг нь ч танихгүй. Элсэн чихэр ч юм уу ойр зуурын хэрэглээний зүйл хэрэг болоход тогших хаалга ч алга. Нийгэмших гэдэг зүйл алга болсон учир би нүүхээр төлөвлөж байгаа” гэжээ.

Айл хөршийн холбооноос гадна жуулчдын дэггүйтэл оршин суугчдын тэвчээрийг барах болов.

Барселонд 10 гаруй жил амьдарсан Эстер шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилдэг жуулчдын үдэшлэгийг урт хугацаанд тэсч тэвчжээ. Аргаа барахдаа үдэшлэгийг тараахыг уриалж дуудлага өгсөөр орон нутгийн цагдаа нар ч түүнийг андахгүй болсон аж. Жуулчдын дэггүйтлийн ул мөр байшингийнх нь эргэн тойронд хагархай шил, хог, хүний өтгөн, шингэн болж үлддэгийг тэр хэлж байна. Тэр бүү хэл биеэ үнэлэгч дагуулж ирэх, марихуан үнэртүүлэх зэргээр олон нийтийг тавгүйтүүлдэг гэв.

Лиссабоны ойролцоо амьдардаг Жоао Повоа сүүлийн жилүүдэд өөрийгөө зочид буудалд амьдарч буй мэтээр л мэдрэх болжээ. Үнэнийг хэлэхэд түүний нөхцөл байдал зочид буудлаас дор аж. Учир нь зочид буудлын өрөө тасалгаанууд дуу чимээг хангалттай тусгаарладаг бол хуучны хийцтэй орон сууны барилгууд тиймгүй. Аль 18 дугаар зууны үед баригдсан модон барилга жуулчдын дуу чимээг тусгаарлаж дийлдэггүй гэх.

Нөхцөл байдал хүнд байлаа ч оршин суугчид санааны зоргоор нүүж суух боломжгүй. Яагаад гэвэл Лиссабонд орон сууцны үнэ өндөр. Үүний зэрэгцээ улам хумигдаж буй нийгмийн дунд өв уламжлалаа алдалгүй авч үлдэхийг оршин суугчид хичээж байна.

Майте Мартин болон түүний хөршүүд Барселон хотын Эйксампл хороололд амьдардаг. Мартины хувьд 2000 онд гэр бүлийн хамтаар энд нүүж иржээ. Тэр насан туршдаа амьдрах газраа оллоо гэж сэтгэн байраа тохижуулахад бүхнээ зориулжээ. Гэсэн ч түүний амьдардаг 120 айлын орон сууцыг тэр чигт нь жуулчны гэст хаус болгон хувиргах тухай мэдээ барилгын эзнээс төд удалгүй ирсэн байна.

Оршин суугчид үүний эсрэг тэмцсэн тул шүүх асуудлыг шийдвэрлэх хүртэл орон сууцыг өөрчлөх ажлыг зогсоов. Шүүхийн шийдвэр гарах хүртэл тус барилгад 33 айл байрлаж байжээ. Энэ хугацаанд жуулчид болон оршин суугчдын хооронд ер бусын соёлын мөргөлдөөн хүртэл гардаг байв.

Оршин суугчдын тэмцэл зөвхөн цөөн хэдэн хүнээр хязгаарлагдаагүй. Лиссабоны 6600 гаруй оршин суугч саяхан орон сууцны хороололд жуулчдын гэст хаус барихыг хориглох асуудлаар санал асуулга явуулжээ.

Үүнээс гадна өөр бусад хотод эсэргүүцлийн жагсаал, мэтгэлцээн зэргийг ч өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Тухайлбал, испаничууд өнгөрсөн оны аравдугаар сард "Бид аюулд орлоо. Аялал жуулчлалыг бууруул" гэсэн уриа лоозонтойгоор эсэргүүцлээ илэрхийлжээ. Сан Себастьян хотод “Аялал жуулчлалын эсрэг аравдугаар сар” нэртэй цуврал мэтгэлцээн, яриа хэлэлцээ болон бусад арга хэмжээ ч болсон байна.

Эцэст нь хэлэхэд, зорин ирж буй хүмүүсийн тоонд гол асуудал байгаа юм биш. Харин хотууд оршин суугчдаасаа илүү аялагчдад зориулсан зохицуулалттай болсон нь иргэдэд таалагдахгүй байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-28 203.23.199.221

Улаанбаатар яг ийм болсон. Гэхдээ жуулчид биш, аймаг сумдаас ирсэн үнэтэй гар утас, ганган машин унаж шүлсээ хаясан бүдүүлэг нөхдөөр дүүрсэн хот.

Avatar

санаа 2025-01-28 202.9.40.227

ингэхэд жуулчид гэж хэн бэ ?

Avatar

Өвгөн Балдан 2025-01-28 59.153.112.83

Аймшигтай санагдчихлаа. Даяаршлийн ч үр дагавар байж мэднэ. Нөгөө бидний сайрхан магддаг өндөр хөгжилтэй, соёлтой нийгэмд болж байгаа үзэгдэл шүү дээ. Манайхан урьдчилан харж байгаа болохоор ийм гамшигт хүрэхгүй арга замаа олчих бизээ.

Avatar

Нэргүй 2025-01-28 45.117.35.2

Bid nar ch gesen hyataduudiin huld daragdaad suireh biz. Tiimees hytadaas olon juulchin avah hereggui.

Avatar

Тэнэг өмбүүхэн минь ээ 2025-01-28 139.5.218.248

Аялалаар ирсэн тухайн жуулчин нь гэмт хэрэгт холбогдох, зөвшөөрөлгүй ажиллах, зугтаах зэрэг зөрчил гаргавал Аялал Жуулчлалын Яам нь тухайн Тур баазын аялалын зөвшөөрөлийг нь хурааж гэрээг нь цуцалчдаг учраас хоолноосоо салахгүйн тулд хариуцсан жуулчидаа яс тоогоор нь хянаж үйлчилж байгаад буцааж авчрахыг илүүд үздэг юм аа Хятадын компаниуд.. Тэрнээс биш жуулчид ирнэ гэхээр л дураараа тэнээд оргож босоод ажил төрөл хийчдэг гэдэг тэнэг бодолоосоо салж үз..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж