Хүүхдийн цэцэрлэг гэж том асуудал

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн цэцэрлэг гэж том асуудал

Хотын газрын айлуудын ихэнх нь хүүхдээ сургуульд ортол нь гэрээр хүмүүжүүлэх цаг зав, боломж муутай байна. Хууль ёсоор эх хүүхдээ төрүүлээд жил хагасын дараа илүүдээ гэхэд хоёр жил болоод л ажилдаа орох болдог. Ингээд ажилдаа явсан хойгуур нь хэн хүүхдийг нь асарч бөөцийлж, амьдралын наад захын хэвшилд сургах вэ гэдэг асуулт ургана. Эмээд нь даатгах, асрагч хөлслөх, цэцэрлэгт өгөх гэдэг гурван хариулт байх бөгөөд олонх эцэг, эхчүүд нийгмийн үйлчилгээг сонгодог.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насны боловсролын систем их өөрчлөгджээ. Урьд өмнө ясль, цэцэрлэгүүд барилга байшин, ахуй нөхцөлөөрөө ч адилхан байсан бол өдгөө зэргэлдээ хоёр цэцэрлэг тэнгэр газар шиг ялгаатай болж. Хүүхэд чинь өглөө бүр цэцэрлэгтээ баяр хөөртэй явдаг байгаасай гэж хүсвэл та аль сайныг нь л сонгох хэрэгтэй болно.

Хүүхдийн цэцэрлэг ийм байх учиртай

Хүүхдийн цэцэрлэг сургуулийн өмнөх насны багачуудыг саатуулах, чийрэгжүүлэх, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй газар юм. Цэцэрлэгүүд сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөрөө ялгарч болно. Орчин нөхцөл нь эрүүл ахуйн тодорхой шаардлага хангасан байхын дээр чийрэгжүүлэх хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Цэцэрлэг бол хүүхэд саатуулахаас гадна багачуудыг хөгжүүлэх газар. Цэцэрлэгт тоглох болон биеийн тамираар чийрэгжүүлэх цогцолбор, багачуудын урлан, бяцхан театр, бассейн одоо үед бол компьютерийн хэсэг заавал байх ёстой юм. Цэцэрлэг хүүхдийн бие бялдар, сэтгэл санааны хөгжилд санаа тавьдаг боловч оюун ухаан болон урлаг-гоо зүйн тал дээр гол анхаарлаа хандуулна. Сувилалын цэцэрлэгүүд ч гэсэн хүүхдийг асарч сувилаад зогсохгүй тодорхой хөтөлбөрийн дагуу төлөвшүүлэх, хүмүүжүүлэх сургалтын чиг үүрэгтэй байдаг. 

Цэцэрлэгийн төрөл болон сулан ба давуу тал

Ерөнхийдөө цэцэрлэгийг улсын, хувийн гэж ангилж болно. Чухам ямар цэцэрлэг вэ гэдгээсээ болоод нэг ангид байх хүүхдийн тоо, сургалтын хөтөлбөр, хоолны чанар, тоглоом наадгай тэр бүү хэл дотоод уур амьсгал нь хүртэл харилцан адилгүй байдаг. Улсын цэцэрлэг гэдэг бол бидний бага насаа өнгөрөөсөн газар. Ийм цэцэрлэгийн нэр хүнд эрхлэгчээсээ шууд хамааралтай байдаг. “Чухам тэр цэцэрлэгт л хүүхдээ өгөх минь” гэж эцэг эхчүүд хэдэн сар жилээр хөөцөлдөж гүйнэ. Улсын цэцэрлэг гадаа тоглуулахаас гадна дуу хөгжим, биеийн тамир, зураг гэх мэт батлагдсан сургалтын хөтөлбөртэй.

Улсын цэцэрлэгийн сайн тал:

•   Зардал тун бага гарна. Сар бүр хоолны мөнгийг нь төлөөд байхад л хангалттай.

•   Гэрт ойр. Эмч нар 20 минутаас илүү явахааргүй байрлалтай цэцэрлэгт хүүхдээ өгөхийг зөвлөдөг. Дээр нь ойр хавийн хүүхдүүд тэр цэцэрлэгт явдаг болохоор амралтын өдрөөр тэдэнтэйгээ тоглож, найз нөхөд болох боломжтой.

Улсын цэцэрлэгийн сул тал:

•  Нэг анги нь хэтэрхий олон хүүхэдтэй, 30-35 хүүхэд байх нь энүүхэнд. Хичээл дээр багш нь юу ч ойлгохгүй будилж суугаа бяцхан шавиа тэр бүр анзаараад байхгүй. 

•  Хүүхэд бүртэй тулж ажиллах ямар ч боломжгүй. Багш ерөнхийд нь л харж хандана. 

•  Хоолны цэсэнд нь элдэв амттан огт байхгүй. Бас хүүхэд өгсөн хоолонд нь дургүй эсвэл идэхгүй гэвэл дараагийн хоол болтол хоосон явна.

Улсын цэцэрлэг

1.  Улсын сайн цэцэрлэгт орохын тулд оочер дугаар хүлээх хэрэг гарна. Магадгүй та хүүхдээ гурван настайд тийм цэцэрлэгт өгөхөөр шийдсэн бол төрөнгүүт нь л хөөцөлдсөн дээр. Хэтрүүлж байгаа юм огтоос биш. Бүр хэд хэдэн сайн цэцэрлэгт зэрэг дугаар авсан ч болно.

2.   Цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарийг судла. Ихэнх улсын цэцэрлэг найман цаг эсвэл 24 цагаар ажилладаг. Хэрвээ ангийнх нь багш арай эрт ирж авахыг шаардвал үгийг нь сонсох хэрэггүй. Багш нь хувийнхаа сонирхлыг илэрхийлж байгаа болохоос хууль ёсны ажиллах хугацаа нь өөр шүү дээ. 

3.  Нэг ангид хичнээн хүүхэд байгааг судлаарай. Сургуулийн өмнөх боловсролын хуулиар нэг ангид хоёр багш, 25 хүүхэд байх учиртай юм.

Хувийн цэцэрлэг

1.    Юун түрүүнд гэрт тань ойрхон байвал зүгээр. Хэдий сайн цэцэрлэг байгаад ч гэрээс чинь машинаар хагас цаг явдаг газар бол дэмий.
 
2.    Хууль ёсоор ийм үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалга. Бас цэцэрлэгийн байрны талаарх бүх бичиг баримтыг үз. Хэрвээ түрээсийн байртай бол түрээслэгчтэй ямар гэрээ байгуулсныг хар. Жишээ нь, гэрээндээ хүүхдийн цэцэрлэг ажиллуулна гэж зааж уу, хэдий хугацаатай түрээсэлсэн байна гэдгийг нь мэдэж ав. Хүүхдээ өгөхдөө ч та гэрээ байгуулж, бүхнийг ягштал тусгаарай. Илүү зардал гаргахгүйн тулд гэрээндээ “төлбөр нэмэгдэхгүй” гэдэг утгатай заалт заавал оруул.

3.    Хоолны цэстэй нь танилц. Байр, тоглоом, тоглоомын талбайг сайн үзэж, багш нарынх нь зан аашийг танд. 

4.    Цэцэрлэг сургалтын ямар хөтөлбөртэйг асуу. 

5.    Бас багш нарынх нь мэргэжлийн төвшин, төгссөн сургууль, ажлын туршлагыг нэмж лавла. Сайн цэцэрлэг бол ийм асуултад торохгүй хариулна. Дуу хөгжим зэрэг зарим хичээлийг мэргэжлийн хүн заах эсэхийг нь мэд. 

6.    Мөн эмч, сувилагчтай эсэх тэд нар нь хэдэн цагаар ажиллахыг асуу.

7.    Тус цэцэрлэг хэдэн жил ажиллаж байгааг мэдээрэй, манай нөхцөлд  таван жил болчихсон бол тогтвортой гэсэн үг.


Бэлтгэсэн Г.Баярцэцэг.

Зохиогчийн эрх: "Үндэстний тойм" сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж