Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд анх удаагаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 580 гаруй тамирчин оролцож,
- Мэргэжлийн (FPV)
- Сонирхгчдын (Commercial)
- Тоглоомын (TOY)
- Өөрөө угсрах (DIY)
- Хүүхдийн чөлөөт төрөл (12 хүртэлх нас) гэсэн таван төрөлд өрсөлдөж, 21 тамирчин шалгарч, аваргууд тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болж, “Dronecon” тугийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд гардуулан өгөв.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг "Drone industry insight" байгууллагаас гаргажээ.
Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гадны хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна.
- Дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулахаар болсон
- Дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ