Оны эхэнд нүүрсний үнэ буурч, Хятадын эдийн засаг саарч, инфляци есөн хувьтай болсон нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.
-Төсвийн зардал, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнэ, зудын хүндрэл зэргээс шалтгаалж инфляци 9 хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Он гарснаас хойш Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл ямар дүр зураг ажиглагдаж байна?
-Монгол Улсын эдийн засаг импорт болон түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байдаг нь 2025 онд ч ялгаагүй тийм л байна. Инфляци 9 хувьд хүрсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Төсвийн зардлын тэлэлт, суурь үнийн өсөлт ялангуяа цахилгаан, дулааны үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байна. Цаашид ч мөн ялгаагүй үнийн өсөлтийг өдөөх болно.
Учир нь эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг өсгөж, улмаар хэрэглээний үнийг нэмэгдүүлэх нөхцөл нь болдог. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байдлын нөлөө ч их хэвээр үргэлжилнэ. Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хятадад нийлүүлж байгаа нүүрсний үнийн бууралт нь манай экспортод сөрөг нөлөөлөхөөр байна.
Энэ нь гадаад худалдааны тэнцэл алдагдалд орох магадлалтайг харуулж байгаа. Ингэснээр хүн амын худалдан авах чадвар инфляци, үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага орлоготой өрхүүдэд уг хүндрэл мэдэгдэхүйц нөлөөлөх эрсдэлтэй. Энэ байдал нь бид дунд, урт хугацаандаа төсвийн сахилга баттай байх, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг илтгэж байна.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцааны ногдол ашиг тараасан. Ирэх сараас мөн дахин ногдол ашиг өгч магадгүй гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Удахгүй дөрөвдүгээр сарын 1-нээс цалин нэмнэ гэж байгаа. Энэ бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, эдийн засагт савлагаа үүсгэх эрсдэлтэй юу?
-Энэ байдал эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Тухайлбал, 1072 хувьцааны ногдол ашиг тараах нь иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээл дээрх эрэлт өсөхөд хүргэдэг. Цалин нэмэгдүүлэх нь ч мөн адил шалтгааныг өдөөнө. Эдгээр эрэлтийн шинжтэй өсөлт нь инфляцийг өдөөх эрсдэлтэй. Энэ байдал нь 1072 хувьцаа нь хувьцааны шинжийг агуулаагүй, эдийн засгийн харилцааны шинжгүй халамжийн шинжтэй байгаа учир дээрх эрсдэлийг дагуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, богино хугацааны үнэ өсөлтөд хүргэх эрсдэлийг бий болгоно гэсэн үг. Тиймээс үнийн өсөлтийг хянах зохицуулалтуудыг хийж, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй.
"ЗЭЭЛ АВЧ БУСДЫГ СОХРООР ДУУРАЙХ НЬ ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛДАГ"
–Монголчууд цагаан сар дөхөхөөр цалин, тэтгэвэр, аппликейшн гэхчлэн хэрэглээний олон төрлийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд маш их дарамт авдаг. Энэ нь эргээд тухайн жилдээ өрхийн эдийн засагт нөлөөлөх, өрийн дарамттай байх гээд олон сөрөг зүйл дагуулдаг. Тэгвэл бид баяр ёслолыг санхүүгийн дарамт багатай тэмдэглэхэд эдийн засагчийн хувьд та юу гэж зөвлөх вэ?
-Цагаан сар гэлтгүй аливаа баяр ёслолыг санхүүгийн дарамт багатай тэмдэглэх нь л зөв зохистой зүйл гэдгийг хаана хаана аа ойлгох хэрэгтэй.
Иргэд санхүүгээ төлөвлөж, зардлаа эрэмбэлэхээс эхлэх. Энэ бол хамгийн эхний алхам. Мөн зээл авч баяр ёслол тэмдэглэхгүй байх, бусдыг сохроор дурайж хэт өндөр бэлэг сэлт өгөх гэж санхүүгийн хүндрэлд орохгүй байх зэргийг бодолцох нь зөв.
Цагаан сар тэмдэглэх гэж зээл авах нь богино хугацааны шийдэл мэт санагдавч, урт хугацаанд өрийн дарамт үүсгэдэг. Зээл авахын оронд, бага багаар хуримтлал үүсгэж, баярын зардлыг хуримтлал дээрээ тулгуурлан зохицуулахыг хичээх хэрэгтэй. Ер нь бол санхүүгийн төлөвлөлт сахилга батыг амьдралын хэвшил болгох хэрэгтэй.
–Инфляци өссөн, төгрөгийн ханш суларсан, иргэдийн худалдан авах чадвар буурсан гээд ирэх хавар бол эдийн засгийн эргэлт саарсан дүр зураг ажиглагдаж байна гэж зарим эдийн засагч дүгнэж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна.
-Эдийн засгийн харилцаа бодлогыг зөв зохицуулж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн хоорондын харилцан уялдаатай хамтын ажиллагааг сайжруулах нь юу юунаас илүү чухал. Энэ нь төрийн мөнгө санхүүгийн бодлогыг зөв уялдаатай хэрэгжүүлэхээс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт, иргэдийн худалдан авах чадварын муу болох зэргээс хамгаалсан бодлогыг сангийн болон мөнгөний бодлогоороо зохицуулж байх ёстой.
Бид төгрөгийн ханшаа хамгаалах, инфляцийг бууруулах бодлого баримтлах ёстой. Үүний тулд суурь үнийг өсгөхгүй байх, төсвөө тэлэхгүй байх, импортын хараат байдлаас аль болох хурдан гарах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын орлогыг өсгөх хэрэгтэй. Гэвч энэ ажлууд хангалттай хийгдэж чадаагүй тул дунд хугацаандаа байдал сайнгүй.
–2025 оны төсвийг их өөдрөгөөр төсөөлсөн. Ялангуяа төсвийн орлого. Гэтэл оны эхэнд нүүрсний үнэ буурсан дүр зураг ажиглагдлаа. Энэ 2025 оны төсөөлсөн, төлөвлөсөн эдийн засаг болоод орлого тасрах эрсдэл үүсгэх вий гэсэн болгоомжлол байна. Хэрэв энэ эрсдэл удаан хугацаанд үргэлжилбэл сөрөг нөлөө их гарах уу?
-2025 оны төсвийн зардлын тэлэлтээс үүдэн төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Энд нүүрс бүхий түүхий эдийн үнийг мөн борлуулалтыг өндрөөр төсөөлсөн. 2025 оны эхнээс нүүрсний үнэ буурч байгаа нь төсөвт хэд хэдэн эрсдэлийг бий болгохоор байна.
Төсвийн орлого тасалдах энэ тохиолдолд Засгийн газрын төлөвлөсөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд хойшлох, гадаад тэнцэл муудах, гадаад өрийн асуудал хүндрэх, валютын нөөц буурах, төгрөгийн ханш сулрах зэрэг олон хүндрэлүүд үүсэхийг үгүйсгэх аргагүй.
Тиймээс бидэнд төсвийн хэмнэлт, захиран зарцуулалт юу юунаас чухал, мөн уул уурхайгаас хараат байдлаас гарах, эдийн засгаа солонгоруулах, дотоод чадавхаа сайжруулах, үйлдвэрлэлд чиглэх, гэрээ хэлцлийн орчин үеийн арга хэрэгсэлд суралцах, хэвшүүлэх, төсөв мөнгөний уялдаат байдалд онцгойлон анхаарах шаардлага зайлшгүйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл нүүрс бүхий түүхий эдийн үнийн бууралт богино хугацаанд төсөвт шууд нөлөө үзүүлэх ч эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд урт хугацааны стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Улсын эдийн засгийн төлөв байдал нь хамаарал бүхий орнуудын нийгэм-эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал, хандлага, барьж буй бодлоготой уялдсан эсэхээс, нөгөөтээгүүр өөрийн орны мөнгө, сангийн бодлогын уялдаа, нийгэм-улс төрийн харилцаа яв цав шүтэлцэж байгаагаас хамаарч тодорхойлогддог байх ёстой. 2024 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл, харилцаа тийм ч таатай бус байсан. Гол шалтгаан нь инфляци сүүлийн 40 гаруй жилд үзэгдээгүйгээр, дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээтэй, өндөр түвшинд хүрсэн явдал. Тухайлбал, дэлхийн 90 гаруй улс инфляцид өртөөд байна. Инфляцийн эсрэг дэлхийн улсуудын төв банкнууд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж байгаа нь, түүний үр нөлөө нь 2024 онд дэлхийн эдийн засгийн уналт, хүндрэлийн суурь болоод байсан. Ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш нэмэгдүүлсээр энэхүү нөхцөл 2024 онд үргэлжлэн, одоо харьцангуй тогтворжиж байна. Бидний хувьд энэ нь зээлийн өртөг, бондын өртөг нэмэгдэх, импортын барааны үнэ өсөх зэргээр төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөтэй.
Монгол Улс импортлогч төдийгүй гадаад өр 33.8 тэрбум ам.доллар гэдгийг мартаж болохгүй.
Санхүү зээлийн хувьд бусдаас хараат, гадаад өрийн дарамт өндөр манай улс төсвөө ийм маягаар тэлж болохгүй, цаашилбал энэ нь дефолт зарлахад хүргэх эрсдэлтэй байна. Бидний хувьд дээрх эдийн засгийн гадаад нөхцөл буюу Евро бүс АНУ-ын гадаад худалдаа, Орос, Украины дайн, Европын эрчим хүчний түүхий эдийн хомсдол, хятадын "хоригууд" бодлого, түлш шатахууны дэлхийн зах зээлийн үнэ болоод оросын үнийн өсөлт, бодлого, ACEAH хүнс, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг байдлыг 2025 оны эдийн засгийн бодлогодоо уяж өгөх ёстой. Харамсалтай нь чадахгүй байна. Гадаад өрийн дарамт, бизнесийн орчны чадавх сул байдал, ажил эрхлэлтийн бууралт, айл өрхийн амин зуулга, орлогын тасалдал зэрэг дотоод эдийн засгийн нөхцөлөө ч мартсан байдалтайгаар 2025 оны эдийн засаг, санхүүгийн бодлогоо зангидсан байна.
МЕГА ТӨСЛҮҮД ХЭРЭГЖСЭНЭЭР ЭДИЙН ЗАСАГ ТОМОРЧ, ДЭД БҮТЭЦ САЙЖИРЧ ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМ НЭЭГДЭНЭ
–Үндсэндээ хагас жилийн хугацаанд бидний тооцоолоогүй гадаад, дотоодын нөлөөллөөс үүсэх эдийн засгийн эрсдэлүүдийг хэрхэн даван туулах ёстой вэ?
-Улс оронд учирч болох эрсдэлээс хамгаалах, тогтвортой байдлаа хадгалахын тулд өөрийн системтэй стратеги, ухаалаг бодлого байх хэрэгтэй.
Ялангуяа бид хэт уул уурхайгаас хамааралтай байдлаасаа гарах, эдийн засгаа солонгоруулах, орчин үеийн технологи, инновацийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ чадавхжуулах шаардлага эхний элжинд зайлшгүй.
Мөн санхүү мөнгөний нөөц сан, эх үүсвэртэй байх, тухайлбал валютын нөөцөө нэмэгдүүлэх, уул уурхайгаас олсон ашгаа хөгжлийн сан, эрсдэлийн санд төвлөрүүлэх, менежмент хийх гэх зэрэг, мөн гадаад хамтын ажиллагааг сайжруулах, төсөв мөнгөний сахилга баттай байх, иргэдийнхээ амьжиргааны баталгааг хангах энд ажлын байр баталгаат орлого гэх мэт, гадаад дотоодын зах зээлд байнга анализ дүгнэлт хийж, уялдуулах, санхүүгийн сахилга батыг чанд мөрдөх зэргийг системтэй хийх нь эдийн засгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалж тогтвортой байдлаа хадгалах хэрэгтэй.
–Нөхцөл байдал ийм байхад Монголын Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх эрх зүйн орчноо бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татна гэж байна. Бодит байдал дээр энэ төслүүдийн үр өгөөж ойрын хугацаанд нөлөөлөл авчрахгүй. Бидэнд хугацаа хэрэг болно. Тэгэхээр Засгийн газар богино хугацаандаа эдийн засгаа өсгөх, солонгоруулах, иргэдийн амьдралд нэмэртэй байхын тулд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?
-Засгийн газар богино хугацаандаа эдийн засгаа өсгөх, солонгоруулах, иргэдийн амьдралд нэмэртэй байхын тулд иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх хүү багатай, хурдан шуурхай зээл олгох эх үүсвэр бүхий ажлыг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарууд гэх мэт жижиг бизнесүүдийг зээл, татвар, бодлогын хослолоор дэмжиж ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, орлогын тогтвортой байдлыг бий болгох бодлого хэрэгтэй. Үүний дараа дунд, урт хугацааны хөтөлбөр, хөгжлийн төслүүдийн үр өгөөжийг хүртэх, нэвтрүүлэх хэрэгтэй. Том төслийн төрөл, цар хүрээ, хэрэгжүүлж байгаа арга барил, орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зэрэг олон талбарт эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг. Бид эерэг байдлыг дэмжиж, сөрөг нөлөөллөөс сэргийлэх хэрэгтэй. Тухайлбал, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, түүнд учрах сөрөг нөлөөллөөс сэргийлэх, соёлын өв хөндөгдөх, иргэдийн шилжүүлэлт зэргээс үүдсэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багтай хэрэгжүүлэх тал дээр анхаарах.
Харин том төслүүдийн эерэг нөлөөлөл их. Эдийн засаг томорч, дэд бүтэц сайжирна. Мөн дэвшилтэт технологи нэвтрэн хөгжилд хувь нэмэр оруулна. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын зам нээгдэх зэрэг үр өгөөжийг дагуулдаг сайн талтай.
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.180
зовлонгийн түргэн нь гэдэг дээ! эртхэн дефолт миполт дампуу мампуугаа зарлчихвал таарна яшиг зүгээр
хжж 7 цагийн өмнө 202.131.239.50
эхлээд дефолтоо сайн ойлгож ав
Сүхээ 9 цагийн өмнө 202.126.90.135
Цагаан сараар 10 хоног амрана ч гэх шиг тэнэг амьдралгүй хуулийн төсөл өргөн бариад банйа цаана чинь Нийгмийн хамгааллын Сайд Энх-Амгалан чинь, энэ МАН-н залуус ёстой хэрэг алгаа. 10 хоног амрахаар яадаг билээ нөгөө л архидалт хүчирхийлэл газар авна шүү дээ гэр хороололд. Амьдралын гүн ор Эрхэм гишүүд Сайд нар, Та нарч яах вэ Гадаад улс руу зугаалаад алга болно.
зочин 8 цагийн өмнө 66.181.183.142
МАН-аас өөр манай орныг зөв аваад явах улстөрийн хүчин алга, Бусад нь тэр чигээрээ луйварчид, Элбэгдорж Батүүл Баттулга Сайханбилэг Баярцогт өнөө ёахалт банкны нөхөр мэтийн өөрсдөө баяжих хувиа бодох этгээдүүд, Улс орон ард иргэдийн төлөө юу ч хийхгүй, Унагаж сүйрүүлж хаяад л, хөлжиж баяжиж аваад, хөрөнгөө авч гадаад рүү гарна Төр нь ч хэврэг, Цаас шиг нимгэн,, Иргэдийн сонголт гуйвамтгай, Ямар ч чөтгөрийг төрд гаргаж мэднэ,Яг украин шиг, тууштай бус,Улс орноо өөрсдөө сүйтгэсэн хүмүүс
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.118.234
Teneg uher yach oilgoh uhaangui,ungursun niigemdee gatssan iljirsen amitan bn daa
Нэргүй 2025-01-27 66.181.191.180
Мөнгө хэвлэж төгрөг цаас болбол бид босоход бэлэн байна. Мөнгө хэвлээд үзээрэй, Оюун-Эрдэнэ ээ. 10 их наядынхөталбөр чинь юу боллоо, мэдэж байгаа биз дээ?