Тайландын нийслэл Бангкок хотод агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул өнөөдрөөс /2025.01.24/ 350 гаруй сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо. Мөн нийтийн тээврийг долоо хоног үнэ төлбөргүй явуулах болжээ. Үнэгүй үйлчлэх нийтийн тээвэрт метро, агаарын галт тэрэг, автобус багтаж байна. Пүрэв гаригт нийслэлийн 250 гаруй сургуулийн үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэрээсээ ажиллахыг уриалсан. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан байжээ.
Хорт хавдар үүсгэгч PM2.5 бохирдуулагчийн хэмжээ Баасан гаригийн өглөөний байдлаар 108 микрограмм/куб метрт хүрчээ. Гэвч ДЭМБ-ын зөвлөснөөр энэ хэмжээ 15-аас хэтрэхгүй байх ёстой юм.
Ийнхүү Бангкок хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд долдугаар байранд орж байна.
Улирлын чанартай агаарын бохирдол нь Тайландын хувьд цоо шинэ асуудал биш. Гэсэн ч энэ долоо хоногийн хувьд агаарын бохирдол сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Өвлийн хүйтэн цаг агаар, сүрэл шатаалт, автомашины утаа нийлснээр зүүн өмнөд Азийн орнуудад агаарын бохирдол жилийн энэ үед эрс ихэсдэг.
Тиймээс Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул Пүрэв гаригт сүрэл шатаахыг хориглох тушаал өгчээ. Мөн Швейцарьт болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Тайландын ерөнхий сайд нийслэл хотын бүтээн байгуулалтыг хязгаарлахыг уриалжээ.
Холбоотой мэдээ