Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход сарын хугацаа үлдээд буй. Хугацаа дөхөхийн хэрээр иргэд ширээ засах хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд зочин, гийчнийхээ гарыг цайлгах бэлэг бэлдэхээр яаравчилдаг. Тэгвэл ирэх долоо хоногоос цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд нээж эхэлж байна. Тов нь гараад байгаа үзэсгэлэн худалдааны мэдээллийг нэгтгэн хүргэе.
ХҮННҮ МОЛЛЫН ЭКСПО ТАНХИМД ҮНДЭСНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР
Энэ жилийн цагаан сарын үзэсгэлэн худалдааны хамгийн эхнийх нь маргааш /2025.01.25/ нээнэ. Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг "Хүннү молл" худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байгаа аж. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.
Нэгдүгээр сарын 25-нд эхлэх тус үзэсгэлэн худалдаа ирэх сарын 5-нд дуусна. "Монгол бренд 333" худалдаа 11:00-20:30 хооронд өдөр бүр болох аж.
Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхан, модон эдлэл, цар, таваг, домбо зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломжийг олгож байгаагаар тус үзэсгэлэн худалдаа онцлогтой.
ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ҮЗЭСГЭЛЭН
Сар шинийн бүхий л хэрэгцээт барааг багтаасан үндэсний болон импортын төрөлжсөн бүтээгдэхүүнтэй үзэсгэлэн худалдаа хотын төвд буюу Монголын үндэсний циркэд хоёрдугаар сарын 1-нд нээнэ. Тус үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь ирэх сарын 1-10-нд, хоёр дахь хэсэг нь хоёрдугаар сарын 17-28-нд болох аж.
Үзэсгэлэнд импортын бараа бүтээгдэхүүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно. Мөн хамгийн олон төрлийн бүтээгдэхүүний сонголттой гэдгээр ялгаатай байна.
Хотын төвд болох өргөтгөсөн худалдаа гэдэг утгаар талбай томтой, олон хүн оролцох боломжтой аж.
ӨДӨР БҮР ХӨТӨЛБӨРТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ГАДАА БОЛОН ДОТОР ТАЛБАЙД САР ҮРГЭЛЖИЛНЭ
Олны хөл хөдөлгөөн ихэссэн баяр дөхсөн өдрүүдэд Нисэх, Яармагийнхан хотын төв рүү ирж зах, худалдааны төвөөр орно гэдэг олон цагийн гарзтай. Тиймээс энэ жил хотын баруун бүсэд том талбайтай худалдааны төвүүдэд хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болох тов гарчээ.
Тус худалдаа хоёрдугаар сарын 1-28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 6000 мкв талбайтай хамгийн том үзэсгэлэн худалдаа аж.
Сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 21 аймаг болон Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцоно. Нийт 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, үндэсний дээл хувцсаа дэлгэн тавих юм байна. Мөн өдөр бүр хөтөлбөр, арга хэмжээтэй гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Дээрх үзэсгэлэн худалдаанаас гадна Яармагийн Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх сарын 15-28-нд үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болох тов гарсан байна.
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ, ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ ЖИЛ ДАХИН БОЛНО
Өнгөрсөн жилийн цагаан сараар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байсан. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил тус үзэсгэлэн худалдаа дахин болох эсэх талаар тодруулахад, зохион байгуулалтын талаар ярилцаж байгаа. Одоогоор эцэслэж батлаагүй. Гэхдээ энэ жил дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй дүүргүүдтэй ярилцаж байна гэсэн юм.
Түрээсийн төлбөргүй үзэсгэлэн худалдааны тов эцэслэж гарсан даруйд худалдаа эрхлэх сонирхолтой үйлдвэрлэгчид харьяа дүүрэгтээ хандах боломжтой аж.
Дүүргүүдийн тухайд заасан байршилд худалдаа эрхлэгчид үзэсгэлэнд оролцох боломжтой.
Томоохон төвүүдээс гадна зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд цахим хуудаст бичиж байна.
Холбоотой мэдээ