Хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх технологийн болон шинжлэх ухаанч шийдлүүдийг хөгжүүлэн, монгол хүний амьдралын чанарыг нэг шат ахиулахыг зорин ажиллаж буй Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухайтай ярилцлаа.
-Оптимал Эн Макс ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслүүд сайн сайхан байдлын төлөө чиглэгдсэн байгааг анзаарлаа. Тэгэхээр төслүүдийнх нь талаар болоод төслүүдийн зориод буй тэрхүү сайн сайхан байдлын талаар яриагаа эхлүүлье.
-Товчхондоо, манай компанийн төслүүд хүний сайн сайхан байдлыг технологийн инновацын тусламжтай хүртээмжтэйгээр дэмжих зорилготой. Юун түрүүнд, сайн сайхан байдлын талаар тодруулж ярих нь зүйтэй байх. Сайн сайхан байдал буюу “Well-being”-г эрдэмтэд философи, нийгэм судлал, сэтгэл судлал гээд олон талаас тодорхойлох оролдлогуудыг хийсээр ирсэн. Одоогоор нэгдсэн нэг тодорхойлолт гараагүй ч дийлэнх нь хүний амьдралын чанар, сэтгэл ханамж дунд болон түүнээс дээш, тогтвортой хөгжих боломжтой, эрүүл, аюул багатай зэргээр эерэг төлөвтэй амьдрах гэдэг дээр санал нэгддэг. Сайн сайхан байдлыг олон талаас нь хэмжих, дэмжих боломжтой. Үүний төлөө дотоод, гадаад гэсэн үндсэн хоёр бүрдэлтэйгээр нийгмийн шинжлэх ухааны салбарууд ажилладаг. Дотоод хэсэгт хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн тогтвортой байдал хамаарах бол гадаад хүчин зүйлсэд амьдрах орчин, нийгмийн бодлого, улс орны эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн боломжууд зэрэг хамаатай. Өөрөөр хэлбэл, хүн сайхан амьдрахад туслах бүхий л хүчин зүйл хамаатай. Бидний хувьд илүү хүний дотоодоос хамаарсан амьдралын сайн сайхан байдлыг бүрдүүлэгч хүчин зүйлс рүү нь анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Мэдээж, хувь хүн, нийгмийн сайн сайхан байдал, амьдралын чанарт гадаад орчин нөхцөл нөлөөлнө. Жишээ нь агаарын бохирдол, эдийн засгийн нөхцөл байдал, замын түгжрэл зэрэг. Эдгээр нь манай иргэдийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж буй голлох хүчин зүйл бөгөөд асуудлуудыг шийдвэрлэх үүргийг нь төр засаг, эрх баригчид хүлээдэг.
Гэхдээ тэднийг асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхийг хүлээх зуур манай улсын ард нийтийн хөгжил, хувь хүний амьдралын чанар, биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг орхигдоод байгаа гэж харж байна. Жишээлбэл, улсын төсөв сүүлийн арван жилийн хугацаанд тав дахин өсчихсөн хэдий ч хүндээ анхаарсан хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй. Иймээс бидний хэдэн нийгмийн шинжлэх ухааны салбарт ажилладаг залуусын төлөөлөл технологийн тусламжтайгаар олон нийтийн дунд сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Санхүүгийн сайн сайхан байдал талаас нь, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд талаас нь ч урьдчилан сэргийлэх арга замыг нь тодорхойлж, дэмжье гэдэг байдлаар шинэлэг төслүүдийг санаачлаад ажиллаж байгаа гэж болно.
-Танай хамт олны эхлэх цэг хаана байсан бэ? Энэ санаагаа яг хаанаас, яаж олов.
-Манай компанийн хувьд судалгаа суурьтай ажилладаг. Бид санхүү, дата анализ, бизнес шинжилгээ, сэтгэл судлаачдын багтай. Компанийг хамт үүсгэн байгуулсан залуус ч судалгаа суурьтай, эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй, хүний төлөө гэсэн санаачилга нь давамгайлсан байдаг.
Бидний хувьд төслүүдээ санаачлахаас өмнө тогтмол суурь судалгаануудыг хийж ирсэн. 2020 онд бидний хийсэн томоохон судалгаанаас монголчууд хэрхэн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах вэ гэдгээ төдийлөн мэддэггүй, мэдсэн ч үйлдэл хийдэггүй нь харагдаж байсан.
Мөн санхүүгийн сахилга бат сул зэрэг эрсдэлээс сэргийлэхэд туслах чадвар, хандлага дутмаг байсан. Тиймээс бид эдгээр асуудлуудад шийдэл хайж одоогийн төслүүдээ санаачилж хүнлэг технологийг нийгэмдээ нэвтрүүлсэн.
-Нэг биш нэлээд хэдэн төсөл нийлээд нэг цогц шийдэл бий болгож байгаа шүү дээ. Нэг ёсны экосистемийг бүрдүүлчхээд байгаа. Энэ цогц шийдлийн экосистемд аль төсөл, яаж, ямар үр өгөөжтэйгөөр хөгжүүлэгдэж байгааг тайлбарлавал?
-Ер нь, нийгмийн шинжлэх ухааны үндсэн зорилго нь хүний сайн сайхан байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуулт руу чиглэж байдаг. Үүний доторх салбар шинжлэх ухаануудад эдийн засаг, медиа болон харилцаа холбоо, сэтгэл судлал, боловсрол гээд олон чиглэлийн салбар шинжлэх ухаан бий. Оптимал Эн Макс ХХК-ийн хувьд эдийн засаг, санхүү, медиа, сэтгэл судлал, өгөгдлийн шинжилгээ зэрэгт тулгуурлан ажилладаг. Бидний анхны томоохон бөгөөд амжилттай төсөл бол харилцагчийн сэтгэл зүй, зан төлөвт тулгуурлан хариуцлагыг үнэлж хүртээмжийг нэмэгдүүлэн зээл олгодог “Zeely” финтек аппликейшн юм. Сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэнд талаасаа “Positive dadal” цахим хуудас маань 1.3 сая хүнд сэтгэл зүйн боловсролыг түгээсэн төсөл. Мөн аж ахуй нэгж, байгууллагуудад ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь дэмжих хөтөлбөр, стандарт санал болгодог үйлчилгээ бий. Үүнээс гадна амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “HabiDo” гар утасны аппликейшн байгаа. Гэх зэргээр нийгмийн шинжлэх ухааны салбар бүрд өөрсдийн төслүүдээ байршуулаад байна.
Экосистемийн хувьд хамгийн түрүүлж интеграцид орж, нэвтэрсэн нь “Zeely” болон “HabiDo” аппликешн. “Zeely” бол хүний зээлээ эргэн төлөх хүсэл, хандлага, хариуцлагын мэдрэмжид итгэж зээл олгодог.
Уламжлалт зээлийн шалгуурыг хангахгүй ч гэсэн бага мөнгөний тусламжтайгаар асуудлаа шийдвэрлэх боломж хэрэгтэй хүмүүс зөндөө бий шүү дээ. Жишээ нь тодорхой хэмжээнд өөрсдийнхөө жижиг ч гэсэн бизнесийг босгох, яаралтай эмчид хандах шаардлага гарах зэрэг асуудлууд хүний амьдралд олон. Манай үнэлгээний модель зөв зүйлд буюу хариуцлагатайгаар өөртөө, гэр бүлдээ, хэрэгтэй зүйлдээ авсан зээлээ зарцуулах зорилготой хүнийг таньж ажилладаг.
Ийнхүү маш олон хэрэглэгчтэй финтекийн салбарт сэтгэл зүйд суурилсан үнэлгээний аргачлалыг нэвтрүүлснээрээ бид өмнө нь дурдсанчлан монгол хүний амьдралын чанарт анхаарах цаг болсныг харсан. Шийдэл болгож харилцагчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхээр “HabiDo” аппликейшнийг холбосон. “HabiDo” болон “Zeely” холбогдсоноор тухайн аппликейшний хэрэглэгчид “HabiDo”-р дамжуулан эерэг дадал хэвшүүлж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч өөрийн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, “Zeely” одоо бол зүгээр нэг финтек апп биш энэ бол нэг ч гэсэн монгол хүнийг эрүүл, сэтгэл ханамжтай бүтээмжтэй байхад тусалж байгаа шийдэл бөгөөд цаашлаад олон нийтийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ач холбогдолтой төсөл болсон.
“HabiDo” аппликешн нь мэдрэмжээ тэмдэглэж, богино хугацаанд бясалгал хийх замаар сэтгэл зүйдээ анхаарах мөн дасгал хийх цагаа тохируулах байдлаар биеийн эрүүл мэнддээ анхаарах боломжуудыг хэрэглэгчдэд олгодог.
Нэг зүйлийг тодруулахад энэ бол эмчилгээний биш урьдчилан сэргийлэх зорилготой дадал хэвшүүлэгч аппликейшн. “Zeely” аппликейшний хэрэглэгчдэд та зээл авахын сацуу өөрийн амьдралын хэв маягаа сайжруулан эрүүл мэнд, сайн сайхан байдалдаа “HabiDo”-ээр дамжуулж анхаараарай гэж уриалж хөтөлдөг гэж ойлгож болно. Бид дан ганц зээл олгоод л үүнээс цаадах нь бидний асуудал биш гэсэн өнцгөөс хандаагүй. Давхар бидний бүтээгдэхүүнүүдээс ашиглаад өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ бие, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанар, хувийн хөгжил, бүтээмждээ анхаараарай гэдгийг санал болгоод явж байна.
-Суурь нь сэтгэл судлал байгаад байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нэлээд их судалгаа хийж, судалгааны материал уншсан байх. Судлахад монгол хүний сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдал, онцлог шинж чанар нь юу байсан бэ?
-Монголд сэтгэцийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгаануудаас тийм ч эерэг хүлээлттэй байх хэрэггүй. Жишээлбэл, манай 2022 онд хийсэн судалгаагаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралд өртсөн гэж гарсан бол СЭМҮТ-ээс мэдээлж байгаагаар асуудлын тархалт жил бүр нэмэгдсээр байгаа нь харагдсан. Харин онцлог шинжийн тухайд сэтгэл судлаач хүнийхээ хувиар монгол хүнд байдаг хэд хэдэн давуу талыг 10 гаруй жилийн туршлагаасаа анзаарч, харах болсон. Үүний нэг жишээ бол сэтгэлийн хат, тэнхээ.
Бид аливаа асуудлыг харахдаа аль болох асуудалд төвлөрч биш шийдэлд төвлөрч харж харж чаддаг. Энэ нь европын иргэдтэй харьцуулахад хамаагүй том давуу тал. Өөрөөр хэлбэл, европт хүмүүс асуудал нь ийм байгаа учраас би юу ч хийж чадахгүй ээ гэх хандлагатай. Гэтэл монгол хүмүүс асуудал нь ийм байна гэдгийг би ойлгочихлоо. Гэхдээ шийдэл юу байж болох уу гэж бодох, сэтгэх чадвар сайтай гэж миний хувьд анзаардаг.
Гэвч бид сүүлийн үед энэ чадвараа огтоосоо ашиглахгүй байгаа буюу тунгаан бодохоос илүү сэтгэл хөдлөлд хэт автах, нэгнээ даган дуурайж асуудлыг хэт томруулах нь ажиглагдах болсон. Энгийнээр хэлэхэд нийгмийн сэтгэл зүй сөрөг зүйлд амархан автамтгай, буруутгах хандлага түгээмэл болсон гэж харж байгаа. Мэдээж буруутгахаас өөр аргагүй байдал зөндөө бий. Гэхдээ нийгэмд ийм асуудал байна, тэгвэл би өөртөө болон гэр бүлдээ юу хийж чадах вэ гэдгээ боддог байх нь бас чухал өнцөг. Төсөөлье л дөө. Арав, хорин жилийн дараа утаа байхгүй болчихсон. Харин бид хоорондоо ёс зүйгүй, бүдүүлэг харилцдаг, эрүүл мэнд доод цэгтээ тулчихсан, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ямар ч дадал зуршилгүй болчихсон байвал яах вэ. Ээлтэй, сайн сайхан нийгмийг бүтээхэд хувь хүний ч оролцоо чухал. Насанд хүрэгчдээ больё, өсвөр үеийнхнийгээ, залуучуудаа одоо анхаарахгүй бол тэд ирээдүйд энэ улсыг авч явах хүмүүс шүү дээ. Тэгэхээр дор бүрнээ өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодмоор байна.
-Танайх шиг хүний сэтгэл зүйд тулгуурласан бизнес Монголд шинэ зүйл шүү дээ. Олон улсад бол байгаа байх. Гэхдээ Монголд бол мөс хагалж байгаа гэж харж байна. Анх эхэлж байхад ямархуу асуудлууд гарч байв. Хэр уналт, босолттой байсан бэ?
-Бид дэлхийд огт байхгүй цоо шинэ зүйлийг хийчихсэн юм биш ээ. Гаднын туршлагыг судалж зарим зүйлийг нутагшуулан ажиллаж байгаа хэрэг. Үүнийг эхлэхэд хамгийн анхны үндэслэл нь хүний санхүүгийн шийдвэр гаргалтад сэтгэл хөдлөл нэлээд том байр суурийг эзэлдэг буюу логик сэтгэлгээнээс илүү байна гэх ойлголттой холбоотой. Энэ ойлголтыг сэтгэл судлаач Даниел Канеман (Daniel Kahneman) эдийн засгийн шинжлэх ухаанд нэвтрүүлснээр Нобелийн шагнал авсан байдаг. Үүнээс хойш яаж Behavior data-д тулгуурлаж зээл олгох вэ гэдэг судалгаанууд хийгдэж ирсэн. Гэхдээ миний анзаарснаар олон улсын кейсүүдийг харахад дан сэтгэл зүйн биш бусад төрлийн өгөгдөлтэй холилдоод явчихаар ялгарч чадахгүй байсаар өдийг хүрчихсэн юм билээ. Өнөөдөр дэлхий дахинд яг манайх шиг 100 хувь сэтгэл зүйн үнэлгээнд тулгуурласан амжилттай практик, тийм байгууллага байхгүй. Нэг бодлын гэнэн ч гэх юм уу. Одоо бол бид үүнийгээ олон улсад өөрсдийн ноу-хау болгоод танилцуулаад явдаг болсон.
Ямар хүндрэлүүд байна вэ гэсэн шүү дээ. Одоогоор бидний чанаргүй зээлийн хувь ББСБ-н салбарын дунджаас бага буюу эрсдэл багатай байна. Гэхдээ эрсдэлгүй, итгэлтэй харилцагчаа таньж чаддаг болохын тулд эхэн үедээ нэлээд өндөр эрсдэлийг хүлээж байсан. Жишээлбэл, анхны нэвтрүүлэлтийн үед манай чанаргүй зээлийн хувь өндөр байсан. Гэхдээ нэгэнт оролдож үзэхээр шийдсэн болохоор тодорхой хэмжээнд санхүүгийн золиос гаргахаас өөр сонголт байгаагүй. Анхны скорингийн хөгжүүлэлтийн явцад монгол хүнд яг ямар асуулт асуувал болох юм, ер нь монгол хүний санхүүгийн шийдвэр гаргалтын онцлог нь юу вэ гэдэг судалгааны ажилд маш их цаг зориулсан. Тэр нь хаана оновчтой, оновчгүй байна. Бүтэлгүйтнэ, таамаглал няцаагдана гэх мэтчилэн деталь хүндрэл нэлээд байсан.
Хоёрт, яг үнэндээ зах зээл дээр үүнийг ойлгоход жаахан хэцүү. Хэрэглэгчид бол ойлгоод, хэрэглээд байна. Бид харилцагчидтай ярихад надад боломж өгч байна шүү дээ, та нар надад итгэсэн учраас би өнөөдөр илүү хариуцлага мэдрээд ажиллаж байна гэдэг. Гэтэл манай хэрэглэгчид биш харин салбарынхан болон гаднын зах зээл сайн ойлгохгүй байх талтай. Юун сэтгэл зүй, шинжлэх ухаан, яаж, ямар боломж олгох юм. Тийм юм байхгүй шүү дээ гэх зэргээр няцаалт их орж ирдэг байлаа. Гэхдээ тэдний шинжлэх ухааныг ойлгохыг нь хүлээлгүйгээр үйлдлээрээ батлан, тууштай ажилласны үр дүнд ард нь гараад, харьцангуй хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна даа.
Одоо яг тулгарч байгаа хүндрэл гэвэл сайн сайхан байдал танаас хамаарах боломжтой. Гэхдээ 100 хувь биш. Та тодорхой хэмжээнд хичээхэд л болно шүү гэдгийг олон нийтэд ойлгуулах бидний хувьд маш чухал даваа. Ойлгуулаад явж байгаа, ойлгуулаад ирсэн. Гэхдээ ирээдүйд үүнийг дадал болгох хэрэгтэй. Сэтгэлгээний өөрчлөлт гэж нэрлэдэг шүү дээ. Үүнийг бий болгоход магадгүй бид боловсролын салбартай илүү их хамтрах ёстой байх. Илүү олон хамтралуудыг бий болгож байж хүмүүст хүрэх байх. Үүн дээр манай багийнхан нэлээд ажиллаж байна. Гагцхүү бид эдийн засгаа л хөгжүүлж байж дараа нь хүний хөгжлөө ярина гээд хойш нь тавиад байж болохгүй. Эдийн засгийн хөгжлөөс дутахааргүй анхаарал хандуулах ёстой зүйл бол хүний хөгжил, сайн сайхан байдал. Салбарууд хамтран ажиллаж, бие биеэ дэмжин, дуу хоолойгоо нэгтгэхгүй л бол нийгмийн хөгжил, сэтгэлгээ болоогүй байна гээд орхих нь ирээдүйд яав ч сайн зүйлд хүргэхгүй нь мэдээж.
-Яг танайх шиг биш ч танайхтай ижил төсөөтэй экосистемийг бүрдүүлсэн улс орон, байгууллага байдаг болов уу?
-Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Singapore Fintech Festival-2024”-д оролцоод ирсэн. Энэ олон улсын фестиваль нь финтекийн салбарын томоохон цугларалтуудын нэг. Манай улсаас нийт есөн байгууллага оролцсоны нэг нь Оптимал Эн Макс ХХК. Уг олон улсын талбарт хиймэл оюун ухаан, санхүү, технологийн зохицуулалтуудаас гадна бонз /ESG/, тогтвортой хөгжлийн чиглэлд санхүүгийн байгууллагын оролцоо, хувь нэмэр, ирээдүйн зах зээлийн боломжийг онцлон, хэлэлцсэн өдрүүд болсон.
Түүнчлэн, фестивалийн үеэр урьд өмнөх үеэс илүү том асуудлуудтай дэлхий нийтээр тулж байгаа тул байгаль орчин, нийгмийн бүлгүүд, харилцагчдыг эрүүл, аюулгүй, сайн сайхан байлгахад банк, санхүүгийн салбарын үүрэг оролцоо асар том. Үүнд анхаарахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн нэр төдийхөн ажиллахаас татгалзаж хөрсөн дээрээ буух, салбар дундын хамтын ажиллагааг эрхэмлэхийг олон улсын экспертүүд, томоохон банк, санхүү, технологийн байгууллагууд уриалж байсан. Манай байгууллага ч үүнийг жанжин шугамаа болгоод үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Ер нь, сэтгэл зүй, санхүү, технологийг хослуулсан гэдгээрээ манай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд олон улсын түвшинд ч шинэлэг, онцлог юм билээ. Дэлхийн 134 улс, орны 65,000 оролцогчтой тэрхүү том фестивальд бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад явж байхад маш таатай бөгөөд эергээр, гайхсан, сайшаасан байдлаар хүлээж авч байсан уулзалтууд их байлаа. Ингээд харахаар олон улсын болоод Азийн зах зээл ойрхон санагдаж байгаа. Хэтрүүлэхэд, манай баг хамт олон, залуусын хөгжүүлж буй экосистем олон улсын урд алхаж байгаагаас ард нь лав хоцроогүй. Тиймдээ ч бид 2-3 орны зах зээлд хөл тавихаар эхний хэлэлцээрийг хийж, 2025 ондоо хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна. Ингэснээр монгол хүний сайн сайхан байдлаас гадна олон улсын, тэр дундаа бүс нутгийнхаа хүн амын сайн сайханд байдалд нөлөөлөх боломж бүрдээд байна.
-Танд орхигдуулсан эсхүл нэмж хэлэхийг хүссэн зүйл байгаа болов уу?
-Бид нийтээрээ нэг зүйлд анхааръя. Юу вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэндийн ч гэдэг юм уу аливаа асуудлыг хүндрэхээс нь өмнө, яана аа би ийм асуудалтай гэж сандрахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах боломжууд байдаг шүү гэдгийг ойлгох. Тэрийг орчин үед шийдэх аргыг нь технологиор бэлдээд өгч байна. Шинжлэх ухаан ч энэ чиглэл рүү ажиллаж байгаа. Тэгэхээр түүнийг өдөр тутамдаа сайн хэрэглээрэй. Нэг ёсондоо бидэнтэй хамт байгаарай. Манай бүтээгдэхүүн, төслүүдтэй танилцаарай. Энэ нь танд болон танай гэр бүл, үр хүүхдэд маш их дэм болно шүү гэж хэлмээр байна.
Мөн нийгмийн судалгаанууд, сэтгэл зүйн нөхцөл байдлыг ажиглахаар Монгол Улсад ирээдүй байхгүй юм шиг итгэл алдарсан хүмүүс их байна. Нэг талаараа үгүйсгэхгүй. Харин нөгөөтэйгүүр, үүнийг бид хамтдаа нийлж, хэлэлцэн, өөрчилж чадна гэдгийг бүү мартаасай. Ганцхан Оптимал Эн Макс ХХК биш. Бусад байгууллагууд ч гэсэн хамтрах юм бол өөрчлөлт илүү томоор давлагаалах байх. Магад таны хувьд ашиг чухал байж болно. Гэхдээ ашгийнхаа хажуугаар энэ нийгэмд, хүмүүст, иргэдэд, хэрэглэгчдэд эсхүл ажилтандаа яаж ээлтэй бизнес хийх вэ гэдэг талаар боддог байгаасай. Хүн төвтэй хөгжил рүү хувийн хэвшлүүд маань хамтдаа анхаарцгаая. Бидэнд итгэл найдвар байгаа шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Утаа 44 минутын өмнө 66.181.181.164
Ломбард програмчилж, мөнгө хүүлэх юм хийчихээд айтигийн лаг компани ч гэх шиг. Мөнгө хүүлэхээс илүү юм толгойд нь орохгүй үхэр монгнар