Допингийн эсрэг байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Н.Цогтсайхантай ярилцлаа.
-Допингийн эсрэг байгууллагын маргаан өнгөрсөн жилээс олны анхааралд орсон. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?
–Яг өөрийн чинь асуултад хариулахын тулд нэлээн хэдэн жилийн өмнөх асуудлаас ярих хэрэгтэй болох байх. Өөрөөр хэлбэл, түүхээс эхэлнэ гэсэн үг. Би 2007 онд энэ Допингийн эсрэг төв одоогийнхоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг үүсгэн байгуулагч найман иргэний нэг байсан. Улсын бүртгэлд тэгж бүртгүүлсэн. Гэвч 2017 онд Ж.Хатанбаатар энэ байгууллагын бүтцэд өөрчлөлт хийхдээ миний болон өөр бас нэг удирдах зөвлөлийн гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх замаар улсын бүртгэлд шинэчилж бүртгүүлээд хууль бусаар удирдлагыг авсан гэдэг нь нотлогдсон. Үүнийг 2023 оны сүүлээр нотолсон. АТГ, ШШҮХ–ийн Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээч, Улсын бүртгэлийн газар гэсэн ийм гурван байгууллага нотолсон юм.
Удирдах зөвлөлийн хурал буюу үүсгэн байгуулагчдын хурал гэдэг энэ бичиг баримт дээр хоёр хүний гарын үсгийг хуурамчаар үйлдээд хасчихсан.
Би өөрөө 2023 оны сүүлээр мэдэнгүүтээ миний гарын үсэг хуурамч байна гэдгийг хөөцөлдөж эхэлсэн. Улсын бүртгэлийн газарт хандаад хууль бус бүртгэлийг нь шалгаад хүчингүй болгосон. Энэ хүмүүс эрхийнхээ дагуу шүүхэд хандсан. Шүүхийн процесс бол бараг хагас жил шахуу үргэлжиллээ. Анхан шатын шүүх болсон давж заалдах шатын шүүх болсон. Харамсалтай нь миний эсрэг шийдвэр гарсан. Маш энгийн үгээр товчхон ойлгуулахад улсын бүртгэлд өгч байгаа материалд хуурамч гарын үсэг зурах нь зөв. Үүнийг улсын бүртгэлийн байцаагч нар шалгах нь буруу. Шалгаад үр дүнг нь тооцох нь бүр ч буруу гэж ойлгогдохоор ийм шийдвэр гарсан.
Улсын бүртгэгч хууль бус шийдвэрийг бүртгээд авчихсан.
Тэгээд энэ бүхнийгээ шүүх хурал дээр нотолсон эрх бүхий байгууллагуудын шийдвэр байсаар байтал миний гомдлыг хангасангүй. Энэ бол жоохон харамсалтай. Гэхдээ би асуудал дуусаагүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр одоо хяналтын шатны шүүх буюу Дээд шүүх гэдэг асуудал үлдсэн. Дээд шүүхэд гомдлоо өгнө.
-Допингийн эсрэг байгууллагын асуудлаас болж Монгол Улс Парисын олимпод цагаан тугийн дор оролцох ч эрсдэл үүссэн байсан. Засгийн газраас энэ асуудал дээр онцгой анхаарсан. Ингэхдээ улсын бүртгэлийн асуудал дээр хүртэл "хүчээр" нөлөөлж, бүртгүүлсэн юм биш үү?
– Би бол улсын бүртгэлийн байцаагч, хяналтын байцаагч, АТГ–ын мөрдөгч нарт талархал илэрхийлмээр байна. Асуудлыг бол шударга шалгасан. Хэрэв төр, засгийн нөлөө байсан бол шүүхээр орохоос өмнө энэ асуудлыг хаачих байсан биз. Энэ хүртэл явахгүй байсан байх гэж бодож байгаа. Тийм учраас улсын бүртгэл болон АТГ дээр асуудал гараагүй байх. Харин миний хувь хүний хардлага бол шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй. Гэхдээ нотолгоо байхгүй шүү.
-Өнгөрсөн жил наадмын дараа бөхчүүдийн шинжилгээг танилцуулах үеэр асуухад "Допингийн эсрэг байгууллагын асуудал нь удирдлагын асуудал учир үйл ажиллагаанд нөлөөөлөхгүй" гэж байсан. Тэгэхээр цуглуулсан сорьц, авсан шинжилгээ, танилцуулсан хариу нь хүчинтэй гэж ойлгосон?
-Энэ дээр хоёр зүйлийг тайлбарламаар байна. Улсын бүртгэлийн гаргасан шийдвэр бол допингийн эсрэг байгууллагыг татан буулгасан тухай шийдвэр биш учраас энэ байгууллага нь тухай хүмүүсийн хэлснээр хүчинтэй. Харин удирдлага бол хүчингүй болсон. Хууль бусаар томилогдсон гэж маргаан үүссэн гэсэн үг. Гэхдээ нэг юм бодох хэрэгтэй. Аливаа ААН-ийн удирдлага хүчингүй, удирдлага асуудалтай байна гэдэг тэр байгууллагын гаргасан шийдвэр болгон хүчинтэй эсэхэд эргэлзээ үүсгэнэ. Шинжилгээний хариу бол хүчинтэй. Харин удирдлагын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хүчингүй болно.
Намайг удирдах зөвлөлийн гишүүн байгаагүй гэж маргасан. Гэтэл гол асуудал нь намайг үүсгэн байгуулагчаас хууль бусаар чөлөөллөө гэдэг тал дээр л би маргаж явна.
-Тэгвэл өнгөрсөн жилүүдийн наадмаар авсан шинжилгэний хариуг хүлээн зөвшөөрөх үү?
–Одоо эцсийн шийдвэр яахаас хамаарна. Хэрэв хяналтын шатын шүүх өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод шийдчихвэл энэ асуудлыг дахиж ярих байх. Тухайн үед Солонгосын лаборатори байсан шүү дээ. Солонгосын лабораториос хийсэн шинжилгээний хариу бол мэдээж үнэн зөв. Энэ асуудлын цаана гарч байж л энэ асуудлыг дахиж ярих болов уу.
Энэ удирдлагын асуудал өөр боллоо гээд лабораторийн хариу хүчингүй боллоо гэсэн асуудал бол байхгүй шүү дээ.
Зөвхөн тэр удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой л асуудал учраас энэ удирдлагын гаргасан шийдвэрүүд хүчингүй болох байх гэсэн ийм л бодол байна.
-Таны ингэж тэмцээд байгаагийн эцсийн зорилго нь юу юм бэ. Ж.Хатанбаатар гэдэг хүн бол ажлаа өгөөд явчихсан гэж ойлгосон.
–Эцсийн зорилго маань бол монголын тамирчид битгий өнгөрсөн жилүүдийнх шиг битгий хохироосой. Үндсэн хуульд зааснаар хүн шударгаар шүүлгэх эрхтэй шүү дээ. Энэ эрхээ эдэлмээр байна. Хэрвээ допингийн эсрэг дүрэм зөрчсөн байвал зөв шийтгэлээ аваад яваасай гэсэн бодол байна. Би хүний их эмчийн мэргэжилтэй. Допингийн эсрэг үйл ажиллагааны талаар 2006 оноос хойш гадаад, дотоодын янз бүрийн сургалтад хамрагдсан. Өөрийгөө бол тодорхой хэмжээнд мэргэшсэн гэж бодож байгаа.
Боломж олдвол би допингийн эсрэг байгууллагын тэргүүний сонгуульд өрсөлдөх бодол бий.
-Допингийн эсрэг байгууллагын бүтэц өөрчлөгдсөн. Үйл ажиллагаа нь сайжирсан зүйлс ажиглагдав уу?
-Ямар ч байсан дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын үндэсний допингийн эсрэг дүрэм түүний дагалдах стандартуудыг барих гэж оролдож байна. Энэ бол сайн. Өөр арга ч байхгүй. Одоо бүтэц өөрчлөгдсөн гэхээсээ илүү Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нд батлагдаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ хууль дээр допингийн эсрэг байгууллагын талаар тодорхой заасан бүлэг бий. Маргаантай байсан бүх асуудлыг цэгцэлсэн. Эндээс хоёрхон зүйл ярья. Энэ байгууллагын үүсгэн байгуулагч нь үндэсний олимпийн хороо байх ёстой. Хувь хүн биш. Шинэ хууль дээр хуулийн этгээдийн төлөөлөл байх ёстой гэж заасан байгаа. Одоогийн төлөөллүүд нь аль нэг байгууллагын төлөөлөл биш. Одоо л толгойноос нь эхэлж засч, залруулахгүй бол дараа нь тамирчдын зүгээс эрх зүйн чадамжгүй байгууллага шинжилгээ авлаа, хариуцлага тооцлоо гэж маргаан үүсгэх боломж үүссэн. Тиймээс хамгийн түрүүнд засаглалаасаа эхлээд зөв болох шаардлагатай юм болов уу гэсэн ийм бодол. Одоогийн допингийн эсрэг байгууллагыг хүчингүй гэж үзвэл Монголын үндэсний олимпийн хороо үүргийг нь гүйцэтгэнэ.
-Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс энэ асуудал дээр тун хойрго ханддаг санагдсан. Допингийн эсрэг байгууллагыг өөрт хамаагүй мэтээр мэдэгдэл хийсэн байсан?
–Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэж бий. Энэ дотор засаглалынх нь хэлбэрийг заагаад өгчихсөн. Допингийн эсрэг байгууллага бол 3 үндсэн засаглалтай байж болно. Нэгдүгээрт, төрийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэж болно. Энэ бол социалист, коммунист дэглэмтэй улсуудад зориулсан заалт. Хоёрдугаарт, үндэсний олимпийн хороо нь допингийн эсрэг байгууллагынхаа үүргийг давхар гүйцэтгэж болно. Хүн ам цөөтэй, газар нутаг жижигтэй улсуудад энэ хувилбар хэрэгжинэ. Гуравдугаарт, допингийн эсрэг байгууллага нь бие даасан ТББ байна. Манайх бие даасан ТББ-ын хэлбэртэй байдаг. 2007 онд тухайн үеийн олимпийн хорооны тэргүүн Л.Загдсүрэн тэргүүтэй найман эмч хүн допингийн эсрэг байгууллагыг байгуулсан. Гэхдээ ямар нэгэн байгууллага төлөөлөөгүй, найман хувь хүн байсан. Дараа нь найм биш хоёр хүн болсон. Үүн дээр л маргаан үүсгэсэн.
Тамирчдадаа хэлэхэд засаглалын хувьд эрх зүйн чадамжгүй болчихсон байгууллагад шинжилгээ өгвөл өөрсдөө хохирно. Тиймээс асуудал шийдэгдэх хүртэл шинжилгээ өгөхөөс татгалзаарай гэж уриалмаар байна.
-Тамирчид шинжилгээ өгөхөөс татгалзвал допинг хэрэглэсэн гэж тооцно шүү дээ. Ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах юм бэ?
–Ийм асуудал нөхцөл байдал үүсгэхгүйн тулд олимпийн хороо, паралимпийн хороотой хамтран Допингийн эсрэг байгууллагаа цэгцтэйхэн шиг байгуулаач гэж хүсмээр байна. Допингийн эсрэг дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1 дээр гарын үсэг зурагч гэх ойлголт бий. Монгол Улсын хэмжээнд бол гарын үсэг зурагч бол гурав байна. Үндэсний олимпийн хороо, үндэсний паралимпын хороо, үндэсний допингийн эсрэг байгууллага. Биеийн тамир, спортын хуулийн 27.5 дээр ч тодорхой заачихсан байгаа. Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөл нь 13 хүртэл тооны сондгой гишүүнтэй байх бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний паралимпийн хороо, биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллага, спортын холбоо, тамирчдын комисс, Хуульчдын холбоо, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ гэж бий.
-Таны дараагийн алхам юу вэ?
-Миний гарын үсгийг намайг оролцуулалгүйгээр хуурамчаар үйлдсэн гэдэг хэргийн араас надад олгосон эрхийнхээ хүрээнд тууштай явна. Өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр би хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхэд хандана. Мөн иргэний шүүхэд бас хандана. Олимпийн хороо, паралимпийн хороотой хамтарвал энэ асуудал эрт дуусах боломжтой.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та нэмж хэлэх зүйл бий юу?
–Надтай илэн далангүй ярьсанд баярлалаа. Би мэргэжлийнхээ хүний хувьд хэлье. Ямар ч байсан энэ байгууллага цэгцэндээ ороод дүрэм журмынхаа дагуу яваасай. Нөгөө талдаа тамирчны эрхийг бүү хохироогоосой гэж хүсье.
Нэргүй 7 минутын өмнө 62.122.5.63
Мэдлэг, мэдээлэл бол сайн бна. Гэхдээ зарагчин маягын нөхөр бна шүү