Намайг Мягмарсүрэнгийн Сумьяа гэдэг.
Одоо АШУИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр сурдаг, 1-р курсийн оюутан. Би доороо гурван дүүтэй айлын том охин. Ээж маань дүү нарыг төрүүлэх гэж өвдөж байхыг хараад энэ үед нь тусалдаг, ойр байдаг, бас хүүхэд энэ дэлхийд мэндлэхэд хамгийн түрүүнд гардаж авдаг буянтай хүн болохын тулд “эх барих эмэгтэйчүүдийн эмч” мэргэжлийг сонгон суралцаж байгаа. Бага байхаасаа эмч болох мөрөөдөлтэй байсан болохоор хими, шинжлэх ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн үздэг, мөн нийгмийн сайн дурын ажлуудад идэвхтэй оролцдог, үүндээ ч их сонирхолтой байсан.
Харин ЭЕШалгалтанд бэлдээд, бас оюутан болоод хичээлээс гадуурх хөтөлбөрүүдэд оролцох завгүй хэсэг завсарлаад байсан л даа. Харин DNA Mongolia ТББ-аас “Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөр”-т багш нарыг бэлдэж байгааг мэдээд хичээлээс гадуурх сайн дурын хөтөлбөрт хамрагдах бас өөрөө юм сурч авах боломж гэж хараад багшаар сурсан. Сургагч багшаар эхэндээ гар утсыг хэрхэн унтрааж асаах зэргийг заах сургалтад хамрагдаж эхэлсэн. Анх сонсоход амархан санагдсан боловч яг сураад хүнд заана гэхээр амар биш юм билээ. Тэгээд олон ахмад хүнтэй ойлголцож тэдэнд хичээл заана гэдэг бүр хэцүү байсан. Ойлголцохгүй зүйл ихтэй. DNA Mongolia-аас харин бидэнд хичээл орохдоо гэр бүлийнхээ ойр байдаг ахмадуудад заагаад үзээрэй, тэгж байж заах аргаа олно гэж зөвлөсний дагуу би өвөө эмээ дээрээ очсон юм.
Манай нэг өвөөгийнх Завханд, нөгөө өвөөгийнх Төв аймгийн Бор-Өндөр суманд байдаг. Зуны амралтаараа л хаая очдог, тийм ч ойр байгаагүй. Харин ахмадуудад цахим ур чадварын сургалт орох багш болох болсон тул энэ хичээлээ өвөө эмээ нартаа заахаар зорьж очсон. Тэгээд багшлах гэж байгаагаа хэлээд өвөө эмээдээ хичээл заахад анх “юу заах гээд байгаа юм бэ, хөгшин хонины насгүй хүнд хэрэггүй” гээд тоохгүй байсан л даа. Харин тайлбарлаад, зааж өгсний дараа ач холбогдлыг нь ойлгоод сумын төв эсвэл аймгийн төв рүү явж хийдэг байсан төлбөр төлөх, зарим үйлчилгээнүүдээ утаснаасаа авдаг болсон. Тэгээд өөрөө туршиж үзээд, намайг заах үед бүрэн сурч амжаагүй зүйлсээ асуух гэж утсаар их ярьдаг болсон. Сургалт нэрээр өвөө эмээтэйгээ ойлголцож, ярилцдаг, илүү ойр дотно болсондоо их баяртай байгаа. Хамаатныхаа ахмадуудад ч энэ сургалтаа орсон.
Дараа нь цахим ур чадварын сургалтаа миний хувьд яг 100 ахмадад орсон. Тэдэнд гар утсаараа нэгж, дата хэрхэн авах, зарим төрлийн үйлчилгээг хэрхэн дижиталаар авахаас эхлээд цахим орчинд зөв тэнцвэртэй мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх гээд олон мэдээллийг өгч чадсан. Сургалтаа орохын тулд олон төрлийн аппликейшн татна, байнга интернэт ашиглах болохоор дата хэрхэн авах билээ гэсэн айдас байсан ч Юнител групп сургалтын туршид бүх дата болон интернэтээр биднийг хангаж өгсөн нь санаа зовох зүйлгүй, сургалтаа ороход их дэмжлэг болсон. 137 сургагч багш нар 1277 ахмадуудад энэ сургалтыг орсон гэдэг үр дүнг харахад энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсондоо үнэхээр баяртай байгаа.
Эргээд бас өөрөө ахмад хүмүүстэй хэрхэн харьцах, тэднийг ойлгох тал дээр олон зүйл сурч авсан. Жишээ нь бүртгэл хийхэд би зөвхөн нэрийг нь бичээд байсан чинь нэг өвөө надад “Миний хүү хүн чинь овог нэрээрээ дуурсагдаж явдаг юм. Тийм болохоор хүний овгийг ч гэсэн бичиж тэмдэглэж бай” гэсэн. Нээрээ л би мэддэг юм шиг хэр нь анзаарахгүй байсан зүйлсээ мэдэж, ойлгож авсан.
Сургалтад хамрагдсан ахмадууд цахим хэрэглээний ач холбогдлыг ойлгоод зөвөөр хэрэглээд сурсан болохоор тэд бас ач зээ нараа харж хамт байдаг хүмүүс юм чинь хүүхдүүддээ зөв бурууг нь заагаад зөвлөх чадвартай болсондоо баяртай байсан.
Бас намайг их барих эмэгтэйчүүдийн эмчээр сурдаг оюутан гэхээр өвөө эмээ нар “буянтай хүүхэд” гэж дууддаг байсан нь үнэхээр сайхан байсан. Анх ээж аав “хичээлдээ анхаараад, илүү ажил хийхээ больчихвол яасан юм” гээд дургүй байсан л даа. Гэхдээ би эмч болох хүн. Тийм болохоор энэ сургалтад багшилснаар хүнтэй харилцах, ойлголцох гээд хичээл дээрээс авч чадахгүй байсан олон зүйлийг мэдэж авсан. Одоо бол ээж аавдаа охин чинь өөртөө ч бас бусдад ч хэрэгтэй, тустай юм хийсэн шүү гэж бардам хэлмээр байна.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.176
Хулгайч х***а манж хог шаарууд атгаг арга мнголчуудыг өдөр хоног өнгөрүүлж ажил амьдраа блгх бдлийг зохимол-р болгж бгад аруур нь хулгай зэлгээ хийж. Адгийн атгаг хог шаарууд.
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.191
Хөөрхөн байна. Амжилт!