Дональд Трамп 2024 оны турш Хятад, Канад, Мексик зэрэг орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах талаар мэдэгдэж байв. Тэгвэл нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөр дэлхийн олон орон Трампийн дараагийн нүүдлийг ажиглаж байлаа.
"The New York Times"-ийн мэдээлснээр, ерөнхийлөгч Трамп хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадад 10 хувийн татвар ногдуулах талаар бодолцож буйгаа Мягмар гаригт мэдэгдэв.
Мөн татвар нэмэгдүүлэх болсон шалтгаан нь Хятад улс Канад, Мексикээр дамжуулан АНУ руу фентанил илгээж байсантай холбоотой гэж тайлбарлажээ. Үүнээс гадна, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Канад, Мексикт 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Энэ нь АНУ руу хууль бус фентанил нэвтрэхийг зөвшөөрч байгаа мэт хилийн сул бодлого явуулж байсны шийтгэл гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Трампийн мэдэгдсэнээс иш татвал, "Бид Мексик, Канад руу фентанил илгээж байгаатай холбогдуулан Хятадад 10 хувийн татвар ногдуулах тухай ярьж байна" гэсэн юм.
Эдгээр татварын нэмэгдэл нь 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан тогтоож байсан тарифын нэмэгдэл дээр нэмэгдэх аж.
Тодруулбал, Трамп тухайн үедээ 300 тэрбум ам.долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүн дээр татвар нэмэгдүүлж, хоёр орны хооронд худалдааны дайн гарах эхлэлийг тавьсан юм. Үүний дараа Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсон ч Трампийн тавьсан татварын нэмэгдлийг цуцлаагүй. Тэрбээр улам нэмэлтээр Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны зай, хагас дамжуулагч болон дэвшилтэт батарей үйлдвэрлэлийн салбарт татвар ногдуулсан байдаг.
Трамп хоёр дахь засаг захиргааныхаа хүрээнд нэмэлт тариф тогтоохоор зэхэж буй үйлдэл нь олон улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хавцлын эрмэгт түлхсэнтэй ижил үйлдэл гэж зарим шинжээчид үзэж байна. Мөн энэ шийдвэр нь АНУ-ын бизнес эрхлэгч, худалдан авагч нарт хүнд цохилт учруулж болзошгүйг сонгууль эхэлсэн цагаас хойш Трампад анхааруулж ирсэн билээ.
Улмаар Трамп Хятадын импортод нэмэлт татвар ногдуулах нь АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судлах тусгай шинжээчдийн баг гаргахыг Даваа гаригт тушаасан байна.
Түүнчлэн,Канад, Хятад, Мексикээс АНУ руу чиглэсэн цагаачид болон хар тамхины урсгал, эдгээр гурван улсаас гадна бусад улс орны АНУ-тай хийсэн худалдааны гэрээнд татварын нэмэгдэл нийцэх эсэхийг шалгах тушаал буулгажээ. Уг худалдааны гэрээнээс жишээлбэл, Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа "АНУ-Мексик-Канад" гэрээ, "U.S.M.C.A." зэрэг худалдааны хэлэлцээр хийж байсан удаатай. Тэрбээр мөн Хятадтай хязгаарлагдмал худалдааны гэрээ байгуулж, Америкийн тариачдыг урамшуулах зорилготой хэлэлцээр зохион байгуулж байжээ.
Одоо хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Трамп анх байгуулсан хэлэлцээр, гэрээнүүдээ эргэн харж, шинэчлэхийг эрмэлзэж буй.
Үүнээс гадна, Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногт худалдаа, фентанил болон хоёр орон олон улсын аль салбаруудад хамтран ажиллах боломжтойг ярилцсан сурагтай. Шинжээчдийн үзэж буйгаар, Трамп аль нэг улсад татвар ногдуулсан ч дэлхийн хамгийн том эдийн засагтай орон гэх нэр дор найрсаг харилцааг мөн адил чухалчлан авч үзнэ. Жишээлбэл, анхны бүрэн эрхийн хугацаандаа Трамп Хятадад нэмэгдэл татвар ногдуулж байсан ч 2020 онд эдийн засгийн өргөн хүрээний гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Уг жишээ дээр үндэслэн энэ удаагийн татварын нэмэгдлээс гадна Хятадтай харилцаагаа дордуулахгүй тал дээр анхаарах байх гэж таамаглаж байна.
Цар тахлын үеийг эргүүлэн харах юм бол Трамп гол буруутныг Хятад гэж шүүмжилж байсан. Мөн Бээжингийн эрх баригчид Америкийн фермд боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авах зэрэг хэлэлцээрүүддээ хариуцлагатай хандаагүй гэж дургүйцэж байв. Гэсэн хэдий ч шинэхэн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн Трамп хоёрдугаар сарын 1-нд татвар албан ёсоор ногдуулахаасаа өмнө Ши Жиньпинтэй уулзаж, хэд хэдэн болзол тавьж магадгүй байна.
Энэ талаар Трампийн сангийн сайдаар сонгогдсон Скотт Бессент хэлэхдээ, "Ноён Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа биелүүлээгүй амлалтаа биелүүлэхийг Хятадаас уриална. Үүнд АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг асуудал орсон байгаа" гэжээ.
Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АНУ-аас амласан ёсоороо худалдан авалт хийгээгүй буруугаа нөхөх журмаар нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахыг Хятадын талаас шаардаж магадгүй гэдгийг Скотт Бессент онцлон тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, Трамп албан тушаалд очсон эхний өдрөө шинэ тарифын талаар зарлаагүйгээс болж дэлхийн хөрөнгийн зах зээл өслөө. "Dow Jones" 1.2 хувь, "S&P 500" 0.8 хувь, "Nasdaq" 0.6 хувь өссөн байна. Европ, Азийн зах зээлүүд ч бага зэрэг өссөн байна. Олон улсын валютын сан болон шинжээчид зарим талаараа Трампийн бодлогод санаа зовж байгаа. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлийн өсөлтийг харгалзан үзэх юм бол бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлж магадгүй гэлцэх болж.
Үүнийг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн тайлбарлахдаа, "Трампийн бодлогын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг мөн адил тогтворгүй байдалд оруулж байгаа. Улмаар ам.долларын ханш савласан" гэв. Лондоны FTSE 100″ болон Парисын "Cac 40" индексүүд бага зэрэг өндөр хаагдсан байна.
Эсрэгээрээ, Трамп АНУ-д салхин цахилгаан станцын түрээсийг зогсооно гэж хэлсний дараа Данийн салхины эрчим хүчний "Orsted" компанийн хувьцаа 17 хувиар унасан байна.
Валютын зах зээлд Трампийн тарифын төлөвлөгөө нөлөөлж, Канад, Мексикийн мөнгөн тэмдэгтүүд унасан. Нефтийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь буурсан бол биткойны ханш Трампийн криптовалютыг дэмжсэний дараа өссөн байна. Энэ мэт өсөлт, уналтыг шинжээчид эртнээс анхааруулж иржээ. Гэсэн хэдий ч зарим санхүү, крипто зөвлөхүүд татварын шинэ тариф нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, АНУ-ын эдийн засгийг нэмэгдүүлэхэд тусална гэж үзэж байна.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.46.199
Нэгдсэн улсын дотоод байдал хүнд байгаа юм байна даа. Эхлээд гэрээ засчихаад дайнаа хийх нь дээ. Ярьж хэлж байгаа нь 1933 оны Гитлeрийн яг хуулбар л байна.
зочин 1 цагийн өмнө 66.181.160.96
10 ; 20 хувийнхаа татварыг ДАЙН гэж нэрлээд л сүржигнэж байхад манайд бол ердийн л татвар байдаг шдэ …Эндээс хархад манайх засгийн бодлогоо үндсээр нь өөрчлөх болжээ!!!.. Ингэхийн тулд засаг барьж байгаа намаа , улс төрчидөө үндсээр нь өөрчлөх цаг болсон !!!…
Зочин 2 цагийн өмнө 202.131.230.162
Хоёр хөрштэйгээ үзээд байж дээ. Уг нь хамтарч байж хүнд байдлаас гармаар юм.
Нэргүй 2 цагийн өмнө 64.119.31.216
америкийн бараанд зөрүүлээд татвар тавьчих эд нар яах юм?
зочин 1 цагийн өмнө 66.181.160.96
Трамп их тэнэгг лүд байх нь тэ ?. .Гуцваа… Чамаас л тэнэгг байв гэж. ..