Гандантэгчэнлин хийдээс өчигдөр /2025.01.21/ цагаан сартай холбоотой мэдээлэл хийсэн. Энэ жилийн цагаан сараар шинийн нэгэн тасрах бөгөөд бүх нийтээр амрах өдрүүдийн хуваариар монголчуудын уламжлалт баяр Бямба, Ням гаригт таарч байгаа юм. Хэдийгээр баяр болоход сар гаруйн хугацаа дутуу байгаа ч иргэд хол, ойрын ураг, төрөл саднаараа зорин уулзаж золгодог баярын өдрөөрөө амарч чадахгүйд сэтгэл зовниж буй. Тиймээс цахим хуудаст иргэд цагаан сарын шинийн 1-3-ны амралтын өдрүүдийг ирэх долоо хоногийнх нь ажлын өдрөөр тооцож, дараагийн долоо хоногуудад нөхөн ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлж, тэрхүү саналаараа давлагаалж эхэлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүд ч тэрхүү саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоогоор олон нийтээс ямар нэг санал ирээгүй байна. Иргэд санал хүсэлтээ парламентад хүргүүлэх бүрэн боломжтойг ч гишүүд онцолсон.
Үндэсний их баяр наадам, монгол түмний уламжлалт цагаан сараар олон хоног амрах зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байдгийг хүмүүс илэрхийлж буй. Гэхдээ нөгөө талдаа цагаан сараар хэт олон хоног амрах нь ахмад настнуудад хүндрэл учруулах, цаашлаад өрхийн эдийн засагт хүндрэл учруулах эрсдэлтэйг мөн хэлж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан. Гэвч энэ жил шинийн нэгэн тасарснаас монголчууд хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1, 2-нд буюу шинийн 2, 3-ны Бямба, Ням гаригт золголт хийхээр болж байгаа юм.
Иргэдийн зүгээс ямартай ч баяр дөхөхөөр нийтээр амрах өдрүүдэд зохицуулалт хийж магадгүй гэх хүлээлттэй байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ