“Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс “Энэ хаанаас олсон чулуу вэ” гэж их асууцгаадаг. Энэ их осолтой асуулт. Урьдны үзэсгэлэн дээр ягаан болорын агуйг хэлж өгснөөс болоод хүмүүс очоод сүйтгээд хаячихсан. Тийм учраас би чулуугаа хаанаас олсноо хэлэх дургүй” хэмээн одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, эрдэс судлаач Г.Гонгоржав гуайтай ярилцах үеэр хэлж байлаа. Түүний энэ ярианаас эх орноо хайрлах сэтгэл ширхэг чулуунаас эхэлдэг гэдгийг илүү гүн ойлгож, мэдэрч байсан сан.
Тэрбээр онгон зэлүүд тал нутагт өвөрмөц содон хээ угалзтайгаар оршин буй чулууг судалж, 60 жил цуглуулж буй. Түүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо хэлэхдээ “Байгаль дэлхийтэйгээ гүн дотно барилдсан мэлмий гярхай цуглуулагч” гэдгийг тодотгосон байдаг.
Гэрийнх нь үүдээр ороход л цахиур, жонш, мана, гартаам, хайлуур зэрэг чулуу эгнүүлэн өрсөн байх аж. Бүр цаашлан зочны өрөөгөөр нь шагайтал шилэн хорго, жааз дүүрэн чулуу нүд булааж харагдана. Цуглуулгаа нэг бүрчлэн танилцуулах тэрбээр хоёр гартаа чулуу атгажээ. Нэг нь 30 сая жилийн өмнөх Өвөрхангайн аль нэг сумаас олдсон туулай хэлбэртэй амьтны шагай. Харин нөгөөх нь 130 сая жилийн орчмын анааш хэлбэртний шагай гэнэ. Энэ мэт ховор, сонин содон зүйлс гэрээр нь дүүрэн. Яг л музей шиг. Бүх чулуу учир утгатай, өөрийн гэсэн үүх түүхтэй. Ингээд түүний чулуутай танилцсан түүхээс сонирхлуулъя.
-Чулуу монголчуудын амь амьдрал, нүүдэлчин ахуйтай их ойр шүү дээ?
-Хөдөө төрж, хөдсөн дээл өмсдөг нүүдэлчин ард түмэн төрөхөөсөө эхлээд, үхэн үхтэлээ чулуутай нөхөрлөдөг. Монголчууд хүй дарсан чулуу гэж ярьдаг. Чулуун дээр гишгэж хөлд орж, тоглодог. Анх хүлгийн дөрөөнд мордохдоо чулуун дээр хөлөө тавьдаг. Эцэст нь чулуу дэрлэн хорвоог орхин оддог жамтай. Монголчуудын хувьд ийм л амьдралыг туулж, өдийг хүрсэн.
-Тэгвэл та анх хэрхэн чулуутай танилцсан юм бэ?
-Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж, өссөн хүн. Хангай газар уул, ус, ой мод, элбэгтэй. Би хүүхэд байхдаа Тээлийн голын усанд шумбаж, голын хайрга чулуу сонирхоод л дов дээгүүр гүйж харайна. Тийм болохоор чулуу яах аргагүй миний дотно нөхөр байж. Янз бүрийн өнгөтэй чулуугаар айлын хүүхдүүдтэй гэр барьж тоглоно. Ингэж явж байгаад арван жилийн дунд сургуульд сурсан. Зуныхаа амралтаар хөдөө гэртээ очино. Аравдугаар ангид ордог жил сурагчдын дунд уран бүтээлийн уралдаан зарласан юм. Яагаад ч юм би хавтгай цагаан чулуун дээр эвлэлийн тэмдэг сийлж, тэр бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байлаа. Тухайн үед надад “Үнэ бүхий зүйл дэвтэр харандаагаар шагнав” гэсэн үнэмлэх өгсөн.
-Тэр үнэмлэх нь одоо бий юу?
-Энэ байна.
-Хэдэн онд вэ?
-1956 он юм уу даа. Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэгээд арван жилээ 1960 онд төгсч, Монгол Улсын их сургуулийн химийн ангид элсэн орлоо. Тухайн үед химийн ангид олон төрлийн хичээл ордог байлаа. Одоо бодоход, мал аж ахуй, шашингүй үзэл, байгаль шинжлэл, дээд тоо, физик гэх мэт..Бас эрдэс судлалын хичээл орно. Хэдий химийн ангид орсон ч өөр замаар явчих сонирхол бас байсан.
-Ямар?
-Яруу найрагч Т.Галсан, Ш.Сүрэнжав нар утга зохиолын дугуйлангийн оюутнууд байлаа. Би бас хэдэн мөр холбодог санаатай.
-Гэсэн ч чулуугаа орхиогүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Геологийн төв лабораторит анх ураны эрдэс чулууг судлах инженерээр ажилд орсон. Дээр үед тарваганы дошин дээгүүрээ цагаан өнгөртэй чулуу байдаг байлаа. Тэр нь ураны нэг эрдэс байгаа юм. Гэхдээ хүний биед хоргүй. Ураны баахан эрдэс судалж байсан чинь судалгааг нь нэг хэсэг хаачихсан. Тэгээд би өөр эрдэс судлалын тасагт ажиллаж байгаад Эрдэнэтийн Цагаан суврагын хүдрийн ордын нөөцийг тогтооход шинжилгээ хийж эхэлсэн. Гэхдээ би чулуунд дэндүү дурлаж явахдаа бас хордож байлаа. Сүүлд чулуу намайг эмчилсэн.
-Их сонин юм.
-Юу гэхээр хар тугалга, алт, мөнгөн ус зэрэгтэй ажилласнаасаа болж цусанд хүнд металл илэрсэн. Нэлээд сандарсан л даа. Тухайн үед гэр бүлтэй болж, хоёр гурван хүүхэдтэй болчихсон байсан. Геологийн төв лабораторит 15 жил ажилласны дараа эрүүл мэндийн шалтгаанаар аргагүй нь эрхэнд инженерийнхээ ажлыг өгсөн. Надтай хамт ажиллаж байсан хоёр залуу хордлого болж, хорвоог орхисон л доо. Би өөрийгөө тэдний замаар орчих л юм бодож байлаа.
Би ажлаа өгсөн хэдий ч оюутан цагтаа утга зохиолын дугуйланд суралцсан учраас найруулж бичихтэйгээ болсон. Хоёр ч ном гаргачихсан. Нэг нь “Мэргэдийн 1000 сургааль” гэдэг номыг нэрт сэтгүүлч С.Жамбалдоржтой хамтран бүтээлээ. Бас “Есөн эрдэнэ мэргэд” гэдэг ном гаргасан маань хэвлэлийн газарт ажиллахад нөлөөлсөн байх. Тэгээд Ц.Намсрай эрхлэгч намайг “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажилд авлаа. Тэгж байгаад тэр зунаа оройгоор сэтгүүлчийн ангид суралцаж, өвөл нь өөртөө эмчилгээ хийж эхэлсэн юм.
-Яг ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Шаазан ваарын үйлдвэрийн үндсийг тавьсан Х.Дагвадорж гэж лам Гандан хийдийн алтан хээтэй унжлага, Маршал Х.Чойбалсангийн чийдэнгийн бүрхүүлийг алтаар бүрсэн хүн. Тэр хүн хүнд металлд хордож, өөрөө аргалж байсан туршлагатай. Тухайн үедээ эмчилгээ хийхэд их төвөгтэй гэж яригдаад Х.Дагвадорж гуайн ажилд тусалж, шаазангийн материалыг эрж хайхад нь хамт явдаг, тэр хүн хийсэн шаазангийнхаа анхны дээжийг надад өгдөг байсан юм.
Тэр хүн “Миний хүү биеэсээ аль болох их хөлс гаргах хэрэгтэй. Тэгээд гүүний айргийг дэргэдэх хүндээ үнэрттэл ууж, хурган цагаан мөөгийг хэдий хэмжээгээр идэж чадна тэр хэмжээгээрээ ид” гэж зөвлөсөн.
Тэгээд би Толгойтын Зүүн салааны зуслангийн эхэнд гарч, мод хөрөөдөн хөлсөө гаргаж өглөө. Тиймэрхүү маягаар зуны гурван сарыг өнгөрүүлсэн. “Үнэн" сонины ажил бас яггүй байлаа. Үүр цайж байхад л гэртээ нэг юм ирнэ. Дуг хийгээд очихоор ийш тийшээ сурвалжлагад явна. Тэгж байгаад шинжилгээ хийлгэсэн чинь хүнд металл нь илрэхээ больсон байсан. Ардын уламжлалт аргаар өөрийгөө илааршуулж, өдгөө 90 нас дөхөж байна даа.
-Жаран жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд чулууны тухай хэдэн ном хэвлүүлж, үзэсгэлэн гаргав аа?
-Чулууныхаа талаар сүүлд “Монголчуудын чулууны өв соёл” гэж ном бичиж, 8-9 үзэсгэлэн гаргалаа. Хамгийн сүүлд чулуугаар марк хүртэл гаргалаа. Монголын үнэт эдлэлийн чулуу гэсэн нэртэй. Марк гаргахад зохимжтой эрдэнийн чулууны талст надад л байсан байх. Тэгээд сууж байгаа өвгөн дөө. Сүүлийн тав нь “Чулууны хээ” нэртэй. Чулууны үзэсгэлэнгээрээ үсэг бичгийн гарал үүсэл, уран сэтгэмжийг харуулсан. Ер нь мундаг зураачид байгаль шиг агуу зураач байхгүй гэдэг. Тэр утгаараа чулуу гайхамшигтай уран зураач юм. Чулуун дотор гоо сайхан, уран сайхан бүхнийг таниулахыг хичээдэг.
Над шиг хэнхэг нөхөр байхгүй байх. Зураачид хөдөөгүүр тэнээд л явдаг. Таны харсан чулууг олж харахгүй байна гэдэг. Сайн уран бүтээлч хүнд гарын, нүдний, ухааны ур гэж байдаг. Миний нүдэнд их учир байдаг юм болов уу гэж боддог. Чулуунаас дүрс гараад байна гэдгийг анх Геологийн төв лабораторит ажиллаж байхдаа харсан. Туулай, бор гөрөөсийн дүрсийг олж харахгүй юу. Тэрнээс л эхэлсэн. Чулуу зүсэхэд ийм дүрс гарч байгаа бол байгаль дээр ийм дүрстэй чулуу байж болохгүй гэж бодсон. Эртний сурвалж бичгүүд дээр хасбуу тамгыг чулуу хагалж гаргасан гэж тэмдэглэсэн байдаг. Тэрийг л их гайхдаг байлаа. Гэхдээ гардаг л юм билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким бол хүний бүтээсэн хас тэмдгийг ярьдаг бол би чулуун доторхыг хардаг таарсан хоёр өвгөн л дөө.
-Та их олон фэнтэй цуглуулагч шүү дээ?
-Миний энэ хобби заримдаа их тээртэй. Аль Баян-Өлгий аймгаас гүзээтэй тос шиг чулуу үүрчихсэн хүн чиг л ирнэ. Надаас ямар чулуу гэдгийг нь асууна. Залуу хүн бол “Миний хүү хумсын чинээ хэлтэлж аваад ирэхгүй” гэдэг. Тэр болгоныг гэрээрээ оруулалтай биш. Заримдаа солио холио хийнэ. Үзэсгэлэн гаргана. Миний фэнүүд гэх юм уу. /инээв/
-Члууны цуглуулгаасаа зардаг уу?
-“Алтайн уулс” гэдэг чулуун дээрх зургийг гадаадын нэг жуулчин надаас худалдаж авъя. Би 500 ногоон өгье” гэх саналыг үзэсгэлэн гаргаж байх үеэр тавьсан. Тэгэхээр нь би өгөөгүй л дээ. Өгвөл өгчихөөр байсан ч очиж очиж эх нутгийнхаа чулууг гадаад руу өгч явуулахыг хүсдэггүй. Би дотроо хүний нутгийн хүнд чулуугаа өгөх сонирхолгүй. Тэр битгий хэл хүний нутгаас ирсэн чулуу ч миний цуглуулгад тун бага хувийг эзэлнэ.
Сүүлийн үзэсгэлэндээ гадаадаас ирсэн ягаан болор, шар болор зэрэг дөрвөн чулууг дэлгэсэн. Миний хүү нэг том чулууг АНУ-аас явуулж, үзэсгэлэндээ тавихыг санал болгосон учраас арга буюу үзэсгэлэндээ тавьсан. Тэгээд ч чулуугаа энд тэндээс олсон гэж хэлж болохгүй. Нэг удаа үзэсгэлэнгийн үеэр Арц богдын өврөөс энэ чулуугаа олсон юм гэж ярьчихсан юм уу нэг сарын дотор тэр агуу байхгүй болсон. Ийм л хортой.
-Сүүлд чулуужсан модоор үзэсгэлэн гаргахад нь очсон?
-Тэгсэн. Би нэг үзэсгэлэнгээ чулуужсан модоор дагнан гаргасан. Дорноговь аймгийн Номт сумын Сүйхэнт гэдэг газар бүхэл бүтэн чулуужсан модны ой байсан. Байсан шүү. Чулуужсан ой байх үеийн газар одоо бараг устаж, ганц ийм урт гулдмар байгаа. Хаа нэг хожуул харагдана. Ийм харамсалтай. Сүйхэнтийн чулуужсан мод найрлагын хувьд их өөр. Эрдэс, химийн найрлага их өөр. Би АНУ-ын Аризона мужийн чулуужсан модтой харьцуулж сонирхсон. Манай чулуужсан мод мана, гартаам, аполь, чүнчигноровоос бүтэж байгаа юм. Манай Ж.Лхамсүрэн гэж мундаг геологич Монголд анх удаа опаль эрдэнийн чулууг чулуужсан модноос олсон байдаг.
Говьд явж байтал талд баахан тас шувуу шиг хар юм харагдлаа. Тэгээд давхиа очтол говийн хэдэн авгай хүүхнүүд ямааны сам барьчихсан газар самнаж, чулуу түүж байсан. Тав гуравхан төгрөг олохын төлөө нутгаа сүйтгэж, Хятад руу гаргадаг. Тусгай хамгаалалтын газар ийм болчихоод байхад яах юм бэ. Тийшээ олон удаа явсан. Тэр дотроос олон чулууг олж, цуглуулгаа нэмсэн.
-Гэрийнх нь ханаар дүүрэн урлагийн бүтээл өлгөөтэй байна?
-Ер нь хүн төрөлхтөнд үсэг бичиг заасан анхны багш нь байгаль, чулуу. Уран зураг, бүтээлийн анхдагч нь байгаль түүний дотор чулуу юм. Тэрийг яг л баталдаг. Тэмээ унасан хүн гэх мэт. Говь нутаг, ирлээ, явлаа гээд олон зураг байна.
-Монгол чулуу цуглуулдаг хэр олон хүн байдаг бол?
-Хээр гадаа яваад хамаагүй газрын чулуу хөндөж болохгүй, өвдөнө барина гэдэг. Би олон жил хээр хөдөө явлаа. Хэнтийн хийдийн настай хамба лам байсан юм. Би нэг хүн чулууны зургийн хадаг яндарыг хайчлан авч, цэвэрлэсэн чинь нэг залуу лам намайг заамдаж авлаа. Хөөрхөн юм болсон л доо. Тэгсэн өглөө нь нөгөө залуу лам чинь надад мөргөөд “Манай багш хүрээд ир” гэнэ. Тэгсэн настай лам хийдийнхээ гадна нарлаад сууж байна. Тэгээд “Хүнд хийдэг ажил гэж байдаг. Мал муулдаг хүн гэж бий. Хамаагүй хүн хонь гаргадаггүйтэй адил өөрийн чинь хийдэг ажил ийм учраас буруутгах аргагүй. Харин юмыг яаж мэдэхэв сэтгэлдээ юм бодвол энэ үрлийг өргөөрэй" гэж байсан.
Чулуу цуглуулахдаа аль нь хортой, хоргүйг сайн мэдэж байж цуглуулдаг. Жишээлбэл, хайлуур жонш олон өнгөтэй байдаг. Чирнээлэн хөх өнгөтэй хайлуур жоншийг гэртээ байлгавал цацраг идэвхтэй байдаг. Залуу хос үр хүүхэдгүй болж болно. Цацраг идэвх сөргөөр нөлөөлнө. Бас ураны эрдэс, чулуу аюултай шүү дээ. Юм мэддэг байж цуглуулах ёстой.
-Сүүлийн үед хүмүүс чулуу гэхээр хөөрөг хийдэг л гэж боддог болсон юм шиг?
-Хүмүүс чулуу гэхээр хөөрөг хийнэ гэж боддог. Хөөрөг хийхэд байгалийн чулуун доторх гоо сайхныг огт хайрлахгүйгээр, зүснэ. Хэдэн төгрөг л олж байвал болоо. Тийм учраас би хөөрөг урлаачдын нэг бодлын дэндүү нүгэлтэнгүүд гэж боддог. Яахав сайхан хөөрөг монгол хүний мэндлэх чухал эд ч гэсэн чулуугаа мэдэж, хайрлах ёстой.
Чулуугаар юм хийж чаддаг хүнд маш чухал материал. Чулууг дотор нь өнгөт, эрдэнийн чулуу гэж ангилна. Эрдэнийн чулуу их ховор, эрж хайхад бэрх байдаг.
Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо гэдэг газраас дөрвөн янзын эрдэнийн чулуу илэрсэн. Тодруулбал, очир алмаз, индраниль, саран чулуу, хүрэн анар олдсон. Надад тэр очир алмазын мм хүрэхгүй талст байгаа. Тийм байгалийн цэвэр очир алмазын 0.2 грамм нь 3000 ам.долларын үнэтэй гээд бод доо. Зарим дэлгүүрт алмазан шигтгээтэй бөгж хямд байгаа бол тэр нь хиймэл гэсэн үг. Надад нэг молор эрдэнэ байгаа. Тэр чулуу маань 60 жилийн өмнө олдсон. Ж.Лхамсүрэн профессор манайд ирэхдээ талстынх нь галбирыг зураад л суучихдаг байсан. Талст гэдэг чинь чулуулгын үзэмж, гоо сайхан юм. Хоолны давс хүртэл талсттай.
-Таны цуглуулгаас улсад худалдаж авах санал тавьдаг уу?
-Миний цуглуулга гэрийн гал тогоо, хойд өрөөгөөр дүүрэн. Үзэсгэлэн гаргаад л чулуугаа хайрцаглаад тавина. Миний энэ санааг ойлгодог хүн байхгүй. Намайг үхсэн хойно л гарч ирэх байх. Гадуур чулуунаас гарсан зураг, үсэг гарлаа гэж огт дуулаагүй. Худалдаж авах санал ирдэг ч улсын музей төсөв байхгүй учраас миний цуглуулгаас авч дийлэхгүй. Би махаа идэж олсон учраас май гээд өгч боломгүй.
Манай Байгалийн түүхийн музей баялаг сан хөмрөгтэй. Ан амьтан, ургамал, эрдэс чулуу байдаг. Гэхдээ чулуу харж явдаг миний хувьд энэ музей эрдэс чулуулгийнхаа үзмэрийг баяжуулаасай гэж боддог. Тэрийг сонсч аваасай. Яагаад гэхээр гайгүй үзмэр байгаа ч үзэм мана гэдэг чулуу гэхэд нэг мөлгөр чулуу тавьсан байх жишээтэй. Ийм үзмэрийг мөнгө хайрлахгүй олж авах хэрэгтэй. Гэтэл хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй юм шиг байна лээ.
-Хойч үедээ юу гэж захихыг хүсч байна вэ?
-Бага ангид сурахаас нь эхлүүлээд эх орныхоо ширхэг чулууг хайрлаж, танин мэддэг болгох хэрэгтэй. Манайд тэгж чадахгүй байна. Орчин үеийн хүүхдүүд чулуугаар тоглохоо больсон. Хөдөө байгалиасаа хол өсч байна. Хамгийн гол нь чулуу гэдэг зүйл ургамалтай адил ургаж, бий болдоггүй. Нэг л уствал тэр чигтээ алга болдог. Дэндүү хайрлаж байхгүй бол эргэж нөхөгдөхгүй ийм эрдэнэ юм шүү.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Чагнаа 49 минутын өмнө 124.158.123.244
Сэтгэл гогодсон сайхан ярилцалга байна. Гонгоржав гуайг залуугаасаа танина. Сонинд байхдаа Аавтай минь ирж уулзахад нь анх нүүр учирсан билээ. Үүнийг хэлэхээр намайг "тэр" гэж гадарлах болов уу даа. Би "чулуучин" биш ч, монголчуудынхаа уламжлалт соёлыг сонирходогоороо Гонгоржав гуайтай мэргэжил ойр. Миний ойрын нэг хүн гадаадад очсон зээ охиныхоо хармаалаад явсан, "чартаа" тоглодог хавтгай чулуугий нь буцаагаад монголдоо аваад ирсэн байж билээ. Ийм заншил ахмад үеийнхэнд нийтлиг байсан…
yuj 1 цагийн өмнө 50.147.160.114
-Ofs addres ONt sm #;
Нэргүй 1 цагийн өмнө 122.201.23.44
Яагаад Монгол гж хэлэхийн оронд Эх орон гдг юм блаа энэ монголчууд
Zochin 2 цагийн өмнө 202.179.26.163
Ямар гоё цуглуулгатай юм бэ.Үзэсгэлэн гарах үед нь очиж үзэх юмсан.