Д.Энхтөр: Буудах нь эцсийн арга байсан

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Д.Энхтөр: Буудах нь эцсийн арга байсан

Өнгөрсөн пүрэв гаригийн өглөөний 07:30 цагийн үед хэсэг хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг буюу Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Пураам”  алтны компанийн техник хэрэгсэл рүү халдаж, буун дуу гаргасан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг болсны дараагаас гол усаа хамгаалах гэсэн иргэний хөдөлгөөнийхөн тэдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор гал нээсэн тухайгаа хэлж, энэ талаар холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлж байлаа. Ямартай ч өчигдрөөс эхлэн “Онги гол” хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа. Тэмцлийг эхлүүлж, зохион байгуулсан “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн болсон хэрэг явдалтай холбогдуулж, ямар байр суурь илэрхийлэхийг тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, “Тосон заамар” хөдөлгөөний тэргүүн Д.Энхтөрөөс тодрууллаа.

-Юуны өмнө яагаад ийм тэмцэл эхлүүлэх болсон шалтгаанаа бидэнд тайлбарлахгүй юу?

-Бид “Улс үндэстнээ аваръя” гэсэн зорилгоор  байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэж байгаа хууль бус үйл ажиллагаатай эртнээс тэмцэж  ирсэн юм. Энэ хүрээндээ төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй удлаа. Бүр тодруулбал, Ерөнхий сайдад 12 удаа, УИХ-ын даргад зургаан удаа санал хүсэлт, шаардлага хүргүүлсэн байгаа. Бид боломжтой бүх хувилбараар яваад тусыг эс олсон учир зарим газрын үйл ажиллагааг хүчээр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн юм. Бид үүнийг байгаль дэлхийгээ хамгаалах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байгаа компаниудын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хийсэн. Тиймээс “Пураам” компанид хандсан үйл явдлыг энэ бүхнийг хууль бус гэж үзэхгүй байна. Үнэхээр холбогдох хүмүүс нь цаашид бидний шаардлагыг хүлээж авахгүй бол дараа дараагийн тэмцлийг явуулна гэдгээ бид хэлж байгаа.

-Тэр өдөр буун дуу гаргасан хүмүүс уул руу зугтсан шүү дээ. Хууль бус  үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа юм бол цагдаагийнхнаас зугтах шаардлага байсан юм уу?

-Зугтсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагынхан хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа байх. Бид энэ бүхнийг хийсэн нь олон нийтэд ил  тод байхад зугтах шаардлага байхгүй. Компанийн техник рүү буудсаныхаа дараа манай хүмүүс морь унаж явсан нь үнэн. Гэхдээ үүнийг зугтсан гэж ойлгож болохгүй. Харин ч цагдаагийн байгууллага бидний шаардлагад хүлээцтэй хандаж байгаа.

-Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө тэмцэж байгаа ч галт зэвсэг хэрэглэж, олон нийтийг цочирдуулсан нь олныг сэрдхийлгэж байгааг та бүхэн ойлгож байгаа биз дээ?

-Бидэнд өөр тэмцэл үлдээгүй юм чинь яах юм бэ. Хөлөө хүрэх газар явлаа. Тоодог хүн алга. Ийм байхад тэдний техник хэрэгслийг буудаж, хүчээр үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга байгаагүй. Бид  ард түмнийг заналхийлж, тэдний эсрэг буу шагайгаагүй. Хүний амь нас хөнөөгөөгүй. Монголын төр долдугаар сарын 1-нд таван хүн буудчихаад юу ч болоогүй юм шиг өнгөрч  байхад хууль зөрчиж, байгаль орчинд ноцтой хохирол учруулж,  жирийн  иргэдийг басамжлан доромжилж байгаа компанийн хэдэн техник рүү буудсан нь буруудаад байх зүйлгүй гэж бид үзэж байгаа.

-“Пураам” компани Хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн юм уу?

-Тэд өөрсдийгөө хаацайлж үндэсний хөрөнгө оруулалттай гэж хэлж байгаа. Анх тэнд уурхай бий болгох гэж  байхад нь хятадууд олноороо ирж байсан. Компанийнхан болохоор техник хэрэгсэл суурилуулах гэж ирсэн  мэргэжилтнүүд гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ тэр уурхай боловсон “нинжа” нарын л газар. Өөрөөр хэлбэл, техник хэрэгсэл нь хаа сайгүй байдаг жижиг уурхайнуудтай л адил болохоор Хятадын хөрөнгө оруулалттай байхыг үгүйсгэхгүй. Тэд өнөөдөр баахан хохирол амссан гэж байгаа болохоос  хэдэн өдрийн дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ч магадгүй  юм.

-Тэднийг байгаль орчинд ямар хор хохирол үзүүлж байна гэж үзэх та бүхний үндэслэл юу вэ?

-Түүхийн дурсгалт Ноён уулын амыг тэр чигт нь сэндийчиж байгаа нь хангалтгүй гэж үү. Мөн Түнхэлийн голын голдирол дотор алт олборлож, нутгийн иргэдийн ундны усны урсацыг хаачихсан байгаа. Тэр хавийн  айлуудад ундны усыг нь машинаар зөөж өгдөг гэх боловч заримдаа алга болчихдог. Одоо тэнд хүн малгүй цангаж байна. Өнгөрсөн хавар бид тэнд очиж, үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан ч хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа юм.

-Орон нутгийн цагдаагийн хэлтсийнхэнд “Пураам” компанийнханд ийм байдлаар эсэргүүцэл илэрхийлэх гэж байгаагаа  мэдэгдсэн үү?

-Үгүй. Заавал мэдэгдэх шаардлагагүй гэж  бодож байна.

-Танай хөдөлгөөнийхнийг  “Центра гоулд” компанийн техникийг мөн  буудсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? 

-Тийм ээ. Тэр компани руу бид мөн адил  буудсан. Гэхдээ тэд одоо болтол ямар нэг гомдол  нэхэхгүй байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсны илрэл байж болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 17-нд нутгийн иргэдээс гомдол ирсний дагуу  манай хөдөлгөөнийхөн Ойн газартай хамтран шалгалт хийхэд стратегийн орд байх боломжтой гэсэн дүгнэлт гарч байсан. Гэтэл тэр компани маш бага зардлаар их хэмжээний алт олборлодог мөртлөө улсад өчүүхэн бага татвар төлдөг юм билээ. Тэгсэн хэрнээ нөхөн сэргээлт хийдэггүй.

-Компанийн техник хэрэгсэл рүү буудсан танай хүмүүсийн асуудлыг хууль, цагдаагийнхан хэрхэн шийдэх бол гэж та бодож байна?

-Бид техникийг нь хөдөлгөөнгүй, ажиллагаагүй болгох гэж буудсан болохоос иргэд рүү буу шагайгаагүй. Төрийн өндөрлөгүүдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Хууль хяналтынхан олон нийтийн эрх ашгийн үүднээс шийдэх байх гэж бодож байна.

-Танай хөдөлгөөний цаашид авах арга хэмжээ юу вэ?

-Энэ сарын 2-ны өдөр хүргүүлсэн шаардлагад Засгийн газар хариу  ирүүлэхийг хүлээнэ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Цаашлаад бид Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарагдах 2000 орчим лицензийг хүчингүй болгох хүртэл тэмцэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж