Хамгийн том технологийн гурван магнат хамтарч "Stargate" нэртэй компани байгуулах болсноо Мягмар гаригт мэдэгдэв. Тодруулбал, "OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, "SoftBank"-ын гүйцэтгэх захирал Масаёоши Сон, "Oracle"-ийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон нар Дональд Трамптай хамтран АНУ-ын хиймэл оюун ухаан, технологийн салбарын хамгийн том, шинэ эринийг авчирна гэдгээ онцолжээ.
Эхний ээлжид, компани тус бүр 100 тэрбум ам.долларыг "Stargate"-д зориулж хөрөнгө оруулах бөгөөд тодорхой хугацааны дараа 500 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөж байна.
Энэхүү төсөл нь АНУ-д 100 мянган ажлын байрыг бий болгоно гэж удирдлагууд тооцоолжээ. "Stargate" нь Техас мужид баригдах бөгөөд 1 сая квадрат метр талбай бүхий дата төвийг байгуулж, улсын хэмжээнд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх юм. Дональд Трампийн хэлснээр энэхүү алхам нь хиймэл оюун ухааныг хурдацтай өргөжүүлэхийг дэмжих зорилгоор илүү зохион байгуулалттай болгож, дэд бүтцийг бий болгоход орших аж.
"OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман мөн адил хиймэл оюун ухааны салбарт Хятадыг гүйцэхийн тулд АНУ-ын технологийн салбарт дэд бүтэц шаардлагатай гэж тэмдэглэжээ. Тэрбээр хиймэл оюун ухаанд эрчим хүч, чип, дата төв зэрэг томоохон нөөц шаардлагатайг онцолж, өрсөлдөх чадвараа хадгалахын тулд АНУ энэ салбарт тэргүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. "OpenAI"-ийн саяхан гаргасан бодлогын баримт бичигт АНУ-ын хиймэл оюун ухааны дэд бүтцэд хөрөнгө оруулах шаардлагатай байгааг онцолж, технологийн ноёрхлыг хадгалж, Хятадын дэмжлэгтэй төслүүдэд санхүүжилт олгохоос сэргийлсэн тухай тусгасан байсан юм. "SoftBank" нь "Stargate"-ын санхүүг хариуцах бол "OpenAI" нь үйл ажиллагааг удирдах болно. Төсөлд мөн "MGX"-ийн хувь нэмэр багтсан.
Алтман болон Эллисоны хамтарсан мэдэгдэлд "Дэлхийн санд хиймэл оюун ухааны төслүүдэд зориулагдсан 175 тэрбум ам.долларын хөрөнгө бий. Хэрэв АНУ эдгээр хөрөнгийг татахгүй бол Хятадын дэмжлэгтэй төслүүдэд урсах болно. Энэ нь Хятадын Коммунист намын дэлхийд үзүүлэх нөлөөг бэхжүүлэх болно" гэжээ.
АНУ-ын түүхэнд шинэ ерөнхийлөгч болон дахин сонгогдсон ерөнхийлөгч улсынхаа аж үйлдвэрийг дахин сэргэн мандуулахын тулд хувь компаниудтай асар их хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтарсан мэдэгдэл хийсэн цөөнгүй тохиолдол бий. Гэвч эдгээр гэрээнүүдээс амжилтад хүрсэн нь тун ховор. Трампийн хувьд 2017 онд "Foxconn"-тэй хамтран Висконсин мужид 10 тэрбум ам.долларын үнэтэй электрон барааны асар том үйлдвэр байгуулж, 13 мянган ажлын байр бий болгоно гэж мэдэгдэж байсан.
Гэвч тус компани эцэст нь байгууламж болон барихаар төлөвлөж байсан өндөр технологийн бүтээгдэхүүнийхээ ихэнх төлөвлөгөөг орхисон байдаг.
2021 онд тус компани 1500-аас цөөн ажлын байр бий болгох шинэчилсэн гэрээнд ердөө 672 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдэж байжээ. Харин шинэ засаглалаа эхлүүлсэн Трамп ширүүхэн дайрч, 2023 онд ерөнхийлөгч асан Жо Байдены гаргасан хиймэл оюун ухааны эрсдэлийг хянах, зохицуулах зорилготой гүйцэтгэх зарлигийг цуцалсан байна. Үүнээс төд удалгүй "Stargate" төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж буй нь энэ юм.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.248
Элбэгээтэй хоол идсэн зөнөг өвгөн