Байр суурь: Д.Цогтбаатарыг үлдээвэл УИХ Үндсэн хууль зөрчинө

Байр суурь: Д.Цогтбаатарыг үлдээвэл УИХ Үндсэн хууль зөрчинө

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Байр суурь: Д.Цогтбаатарыг үлдээвэл УИХ Үндсэн хууль зөрчинө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ -аар өнөөдрийг хүртэл түүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс уг асуудалтай холбогдуулан хуульчдын байр суурийг хүргэж байна.


"ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА НЬ АГУУЛГЫН ХУВЬД ХЭЛБЭР ТӨДИЙ Л АСУУДАЛ"

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:

-Шүүхийн тогтоол албажиж, УИХ-д хараахан албажиж ирээгүй байх шиг байна. Процессын хувьд УИХ-ын тухай хуульд УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэхээр заасан учраас шүүхийн шийдвэр албажиж ирсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийг хүлээхээс өөр арга байхгүй. Гэхдээ УИХ-ын чуулганаар шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж дүгнэх гээд байгаа асуудал ерөөсөө биш. УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал ороход ямар шийдвэр гарах нь ер нь бол ойлгомжтой.

Угтаа бол Д.Цогтбаатар гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлье гэдэг л асуудал яригдана. Түүнээс биш шүүх зөв эсвэл буруу шийдвэр гаргасан байна гэдэг асуудал ярих боломжгүй. Шүүхээс нэгэнт гэм буруутай гэж үзээд шийдвэр гаргачихсан байхад УИХ шүүхийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй.

Хэрэв УИХ-аас Д.Цогтбаатар гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц рүү очихоос өөр аргагүй. Ер нь бол УИХ-аар шүүхийн шийдвэртэй холбогдуулан тухайн гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь агуулгын хувьд хэлбэр төдий л асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргах огт боломжгүй гэсэн зүйл бас байхгүй. УИХ-ын Дэгийн тухай хуулиар олонхиороо асуудлаа шийдэх ёстой.

Олонхиороо гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Одоогийн байдлаар тухайн гишүүн УИХ болон холбогдох байнгын хороонд үгээ хэлж, санал өгч оролцож байгаа нь шууд хууль зөрчсөн асуудал гэж хэлэх боломжгүй.

Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал орж шийдвэр гарах хүртэл тухайн гишүүний бүрэн эрх хэрэгжиж байна гэж үзэх боломжтой. Гэхдээ, тухайн гишүүний баталсан хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгч тухайн гишүүнийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн шийдвэр гаргачихсан байхад хууль тогтоох процесст оролцсон гэдэг агуулгаар Цэцэд асуудал тавьсан тохиолдолд агуулгын хувьд  хүлээж авах магадлал байгаа. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар тухайн гишүүнийг бүрэн эрхээс нь эргүүлэн татах тогтоол гарсан тохиолдолд эргүүлэн татсанд тооцогдох боловч, нөгөө талаасаа Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилдэг. Түүнийг хэлэлцэх шаардлага байхгүй.

Тиймээс Үндсэн хуулийн ерөнхий агуулга, зарчмын хувьд тухайн гишүүний оролцсон баталсан хуулиуд дээр зөвхөн тухайн гишүүний оролцсон саналаар шийдэгдсэн бол Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдвэрлүүлэх боломжтой.

"УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНААР ТУХАЙН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ШИЙДВЭР ГАРАХ ЁСТОЙ"

 ХУУЛЬЧ О.БАТХҮҮ:

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд гишүүний бүрэн эрх ямар тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болох талаар зохицуулалт бий. Уг хуулийн 9.1.5 дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэж заасан.

Угтаа Д.Цогтбаатар гишүүний гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож Улсын дээд шүүхээр орж шийдвэр гарсан. Тиймээс уг гишүүнийг эргүүлэн татах УИХ-ын тогтоол гарах ёстой.

Уг тогтоолыг гаргахдаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд байнгын хорооны саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэж, гишүүд илээр санал хурааж, олонх нь зөвшөөрвөл бүрэн эрхээс нь татгалзуулах хуулийн зохицуулалт бий. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ-аас гишүүнийг эргүүлэн татна” гэж заасан. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь нэр төдий л асуудал.

Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хэлбэрээр л УИХ хэлэлцэнэ. Хэрэв баталгаажуулсан тохиолдолд гишүүнийг бүрэн эрхээс нь эгүүлэн татна. Баталгаажуулахгүй аваад үлдвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно.

Шүүхийн шийдвэртэй холбоотой тогтоол одоо болтол баталгаажиж цаасаар гараагүй байна гэдэг нь цаг хугацаа хожих гэсэн оролдлого. Тухайн шүүх хуралтай холбоотой тогтоол цаасаар гараад түүн дээр гарын үсэг зурснаар эцэслэгдэх заалт бий. Д.Цогтбаатар гишүүний холбогдсон Хөгжлийн банкны хэрэг дээр ганцхан тухайн хүний хэргийг шүүгээгүй. Хамгийн олон холбогдогчтой буюу 80 хүн, дөрвөн ААН-тэй холбоотой шүүх хурал. Тухайн холбогдогч бүрийг яагаад буруутгаж, ямар зүйл ангиар ял шийтгэсэн талаар бичихэд техникийн ажил маш их гарна. Тиймээс уг асуудлаар шалтаглаж цаг хугацаа хожих үйлдэл гарч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хугацаанд уг асуудал шийдэгдэх байх. Энд нэг зүйлийг тодотгоход Д.Цогтбаатар гишүүнийг анх 2023.04.17-ны өдрөөс шүүж эхэлсэн байдаг. Та бүхэн санаж байгаа бол сонгууль болохоос жилийн өмнө Улаанбаатар чуулганы танхимд уг шүүх хурал эхэлж байсан. Ингээд анхан шатны шүүхээс Д.Цогтбаатарт ял өгсөн. Энэ хооронд сонгууль болсон. Сонгуулийн үеэр хэдийгээр анхан шатны шүүхээс гэм буруутай гэж тооцсон боловч эцсийн шийдвэр биш. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээр ороогүй байсан.

Магадгүй Улсын дээд шүүхээс тухайн гишүүний гэм буруугийн асуудлыг хэлэлцээд цагаатгах, ялыг нь хэвээр үлдээх эсэх асуудлыг урьдчилан мэдэх боломжгүй. Тийм учраас сонгуулийн үеэр ямар нэгэн байдлаар шүүхээс ял шийтгэл авч байгаагүй гэж үзээд сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн.

Гэтэл 2023.04.17-ны өдөр эхэлсэн шүүх хурал 2024.12.11-нд эцэслэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн процесс нь 1 жил 7 сар, 29 хоног үргэлжилсэн гэсэн үг. Тиймээс Д.Цогтбаатар гишүүний хувьд “Би нэгэнт УИХ-ын гишүүн болчихсон юм чинь сонгосон иргэдээсээ асууна. УИХ-ын гишүүд уг асуудлыг шийднэ” гэсэн ойлголт хаана ч байхгүй.  Шүүхийн процессс эхлээд үргэлжилсээр сая дууссан. Маргаад байх шаардлага байхгүй. Хуульд заасан процессын дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн тулд ямар ч байсан УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх зохицуулалттай. УИХ-ын нэгдсэн чуулганаар тухайн гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гарах ёстой. Хэрэв, олонхиороо тухайн гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орж, УИХ-ын бүрэн эрхийн асуудал ч яригдана. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан.

Тиймээс гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь агуулгын хувьд хэлбэр төдий л асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 122.201.23.83

Одоо шүүх МАНын мэдэлд очсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж