Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр /2025.01.21/ боллоо. Энэ үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, Түүхий нүүрсний уурын зуух ашигладаг дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна. Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой хэмээн үзэж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
Засгийн газрын шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.
Эргэн сануулахад, нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийг 2017 онд төвлөрсөн дулаанд холбосон юм. Тус сургуульд Хан-Уул дүүргийн болон Төв аймгаас оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг бөгөөд 1975 онд байгуулагдсан цагаасаа хойш уурын зуухаар дулаанаа шийддэг байжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байна.
Холбоотой мэдээ