Хуучин барааны дэлгүүрээр үйлчлүүлнэ гэдэг зүгээр нэг дэлгүүр хэснэ гэсэн үг биш. Арвич, хямгач байх урлаг өнөөгийн нийгэмд, ялангуяа залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна. Z үеийнхэн үүнийг " хэмнэлтийн соёл " гэж нэрлэдэг. Тэд дэлхий нийтэд тулгамдсан асуудал болох үнийн өсөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн эсрэг хэмнэлттэй байх, дахин ашиглах, дахин боловсруулах нь ашигтай, үр дүнтэй арга гэж үзэх болжээ.
ЗАГВАРЛАГ ХУВЦСЫГ ХЯМД ҮНЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ НЬ ТААЛАГДДАГ
Э.Үүрийнцолмон "Миний хувьд 2019 оноос хойш "Thrift shop" буюу хуучин барааны дэлгүүрээр үйлчлүүлж эхэлсэн. Загварлаг хувцсыг хямд үнээр худалдан авах боломжтой гэдэг нь хамгийн их таалагдаж байсан. Миний хүрээллийн найзууд ч мөн "Thrift shop"-оор үйлчлүүлдэг. Ер нь дийлэнх залуучууд энэ талаар эерэг ойлголттой байдаг. Зүгээр размераар нь өлгөөд тавьчихсан хувцаснаас сонгоод худалдан авах, өөрт таалагдах загвар, хийцтэй хувцсыг хайж, ухаж олж авах тэс өөр мэдрэмж төрүүлдэг. Зөвхөн хувцас ч биш өөр олон төрлийн сонирхолтой, ховор зүйл худалдаалдаг дэлгүүрүүд Монголд их бий. Тийм учраас аль болох бүгдээр нь орж үзэхийг хүсдэг. Найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхийн тулд хамтдаа "Thrift shop"-оор хэсдэг. Дэлгүүрүүдийн зарж байгаа бараа нь сайн, муу, чанартай, чанаргүй гээд янз бүр. Бүгд гоё гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ над шиг юм ухаж, эрж хайх дуртай хүнд бол тун сонирхолтой. Дээр нь нэмээд байгаль дэлхийд ч ээлтэй шүү дээ. Миний харж байгаагаар манай үеийн залуучуудын дийлэнх нь үүнд санал нэг байдаг".
Хуучин барааны дэлгүүрүүдэд бүх улиралд өмсөхөд тохиромжтой хувцас, тавилга, ном, пянз, цүнх гээд хүний санаанд орж болох бүх зүйл байдаг. Зарим дэлгүүрүүд цаанаасаа тогтоосон тарифаар бараагаа худалддаг бол зарим дэлгүүрт бүх бараа өөр үнэтэй байдаг.
"Thrift shop МGL "-ын үүсгэн байгуулагч Баттуяа "Манай дэлгүүр ажил тардаг цагтай уялдуулан аль болох уртасгасан цагаар ажилладаг. Ажлаа тараад зорьж ирдэг үйлчлүүлэгчид ч бий. Барааныхаа нэр төрлийг нарийн тооцож үзээгүй. Гэхдээ ямартай ч хүнд хэрэгцээтэй зүйлс худалдах юмсан гэж боддог. Барааныхаа нэр төрлийг бага багаар нэмсээр байгаа. Манай бараанууд европоос орж ирдэг. Жилдээ нэг удаа татан авалтаа хийдэг. Үйлдвэрлэгдээд олон жил болсон шинэ бараанууд ч бий. Үйлчлүүлэгчдийн хувьд янз бүр л байдаг. Гаднаас нь хараад анх удаа орж ирж байгаа хүн байна. Эсвэл найз нөхдөөсөө сонсоод зорьж ирдэг хүмүүс ч бий. Хамгийн сүүлд тэшүүр зарж байна гэхэд хүүхдүүд нэг нэгэндээ дамжуулсан бололтой маш хурдан зарагдаж дууссан. Мөн гадаад хэлний ном, чихмэл, модон тоглоомууд сайн зарагддаг. Үнийн хувьд ёстой янз бүр л байгаа. Дан 10 мянган төгрөгийн үнэтэй хувцасны хэсэг байна, пянз гэхэд 20 мянган төгрөгөөс, ном 10 мянган төгрөгөөс эхэлж байна."
"THRIFT SHOP" ИРЭЭДҮЙГ ХАМГААЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ ӨНГӨРСӨН ҮЕИЙН ТҮҮХИЙГ ХАДГАЛДАГ
Хуучны ховор эд зүйл зардаг "Thrift shop"-ууд Улаанбаатар хотод цөөнгүй. Хэмнэлтийн соёлд нэгдэж, байгаль дэлхийгээ хамгаалахаас гадна өнгөрсөн үеийн түүхийг хадгалсан эд зүйл худалдан авах хүсэлтэй хүмүүс их бий. Тухайлбал, "Vintage Thrift shop"-д дэлхийн олон орноос цуглуулсан янз бүрийн зүйлсийг эзнийх нь хүсэлтээр худалдаалж байна. Энд 4000 төгрөгийн үнэтэй аяганаас эхлээд 40 сая төгрөгийн үнэ бүхий агар модон ширээ гээд олон төрлийн зүйл байв. Сүүлийн хоёр сарын хугацаанд барааных нь 70 орчим хувь нь зарагдаж дуусчээ.
Дэлгүүрийн ажилтны хэлснээр "Хүмүүс олон янзын бараанаас өөрт хэрэгтэйгээ ухаж, хайж олох маш дуртай. Хуучин барааны дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс би дэлгүүрт очоод тийм зүйл худалдаж авна гэсэн хүлээлтгүй ирдэг юм шиг санагдсан. Зарим хүмүүс гурав, дөрвөн цагаар ч удах тохиолдол бий. "Thrift shop"-д үйлчлүүлж байгаа нь өөрөө том соёл болсон" гэлээ.
Дэлхийд хуучин барааны дэлгүүр хэснэ гэдэг зөвхөн өвөрмөц эд зүйл эсвэл хямд үнэтэй хувцас худалдан авах биш, наад зах нь хог хягдлыг бууруулах зорилготой амьдралын хэв маягийн сонголт болсон. Монголд ч ялгаагүй уг соёл дэлгэрч, ялангуяа залуучуудын дунд эрэлттэй болжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Нэргүй 9 минутын өмнө 202.179.2.18
yalanguya gadagshaa yavj surch yumu ajillaj bsan humuus iluu medne baih, bi lav oyutan bhdaa nomnoos ehleed uruunduu ashigladag yumnuudaa ihevchlen second hand iim gazruudaas avch bsan
Зочин 2 цагийн өмнө 66.181.161.212
үхсэн хүний сүнс шингэсэн хувцас аваад балрах вий
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.219.213
Чи орохгүй байхад л болно. Нөгөөтэйгүүр, хуучин хувцсанд өвчний вирус нян байх боломжтой тул хлорамин, нафталинаар сайн ариутгах хэрэгтэй. Харин сүнс бол хувцасанд хоргодохгүй шүү. Худлаа гэвэл чи үхсэнийхаа дараа бандаажиндаа хоргодох гээд үзээрэй ха ха. Гэхдээ чам шиг гарууд нээрээ оймс бандажаа ч авч явж чадахгүй нь гэж харамсаад хоргодчихож мэдэх юм
Нэргүй 60 минутын өмнө 66.181.179.59
гоё хэлсэн
Өвгөн Балдан 3 цагийн өмнө 139.5.219.33
"THRIFT SHOPPING" гэдэг гадаад үг хэрэглэхгүй бол гадны жуулчид, цагаачид, тэнэмэлүүд ойлгохгүй хэцүү байна уу тээ, Хуучин барааны дэлгүүр ч юм уу, Хэмнэлтийн соёл гээд л сурталдвал илүү ойлгомжтой үр дүнтэй биш үү. Бүр босоо монгол бичгээрээ ХАЯГАА сольчихвол жинхэнэ хошуурах байх шүү.
Нэргүй 3 цагийн өмнө 64.119.31.216
гоё сонсогдуулж хүмүүсийг татахын тулд л тренд үг хэрэглэж байгаан
зочин 4 цагийн өмнө 139.5.217.142
Хуучнаар бол комиссийн дэлгүүр юм даа. Зөв шүү залуусаа, ийм хандлага, сонголт та нарт байгаад баяртай бна.