Загас ганцаарддаг уу? Энэ асуултад Японы нэгэн аквариумын ажилтнууд тийм гэж хариулжээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард баруун зүгийн Шимоносэки хотын аквариумыг засварлахаар хаасны дараа мола мола загасны биеийн байдал муудаж эхэлсэн байна. Уг загасыг тухайн үед Кайкёкан аквариумд жил гаруйн өмнө авчирсан бөгөөд анх 28 кг жинтэй байсан ч засварын ажил эхэлсний дараа огцом жин хаясан аж. Мола мола загас хоол идэхээ больж, шилэн хоргонд биеэ үрэх болсноор бие нь өвдсөн эсвэл шимэгч хорхойтой болсон гэж ажилтнууд таамаглаж байв. Гэхдээ ажилтнуудын нэг нь мола мола загасыг үзэх зочин ирэхгүй байгаагаас гадна барилгын засварын чимээнд нэг л дасаж өгөхгүй байна гэх таамгийг дэвшүүлсэн байна.
Хамтран ажиллагсад нь уг таамагт нэг л итгэлтэй байгаагүй. Гэхдээ цахим сүлжээнээс хэвлэн гаргасан хүмүүсийн зургийг хайчилж, мола мола загасны шилэн хоргоны гадна талд нь нааж өгснөөр таамаг үнэн болох нь батлагдсан байна.
Уг түүх цахим орчинд тархсаны дараа Кайкёкан аквариумын мэргэжилтэн цахим хуудаснаа "Гэнэт зочдын хөл хөдөлгөөн тасарч, чанга дуу чимээ гардаг болсноос улбаалан загасны дасан зохицсон байдал алдагдсан. Тиймээс шинэ нөхцөл байдалдаа дасч чадахгүй байгаа нь эрүүл мэндийн шалтгаанаар илэрсэн бололтой" гэж тайлбарласан байна. Мола мола загасны хувьд том толгой, бөөрөнхий нүдтэй учир япончуудын хамгийн их сонирхон, зорьж очиж үздэг загас аж. Уг түүх цахим орчинд тархсаны дараа 12.6 сая хандалт авч, хүн бүр хурдан засварын ажил дуусч, аквариум руу айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ