Бүрэн эрхт, туурга тусгаар, эрх чөлөөт Монгол Улсын иргэд бид анхны Ерөнхийлөгчөө "Эрхэм Та минь эх орондоо эргэн төрөөрэй" гэсэн сэтгэлийн их өчлөө илэрхийлж эцсийн замд нь үдэж байна.
П.Очирбат агсан бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сүүлчийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, бас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч, улмаар ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан түүхэн хүн билээ.
Бас хорьдугаар зууны шилжилтийн их "шуурга”-ыг сөрөн давахад ард иргэдээ манлайлан оройлсон төрийн анхны тэргүүн мөн. 1989-1990 он бол Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгох уу, эс сонгох уу гэсэн салаа замын уулзварт тулж ирсэн, тус улсын түүхийн нэн эгзэгтэй, туйлын хариуцлагатай он жилүүд байсан бөгөөд чухам ардчилсан хөгжлийн замыг сонгох зарчмыг тууштай баримталж, түүний суурийг тавихад хамтран зүтгэж байцгаасны хувьд тэр үеийн Улсын Бага Хурлын гишүүд бидний дотны анд тэнгэрийн оронд мордсон хамтран зүтгэгч П.Очирбат агсны гэгээн дурсгалд зориулж өөрсдийн дурсамжаа сийрүүлэн үлдээж байна.
Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурлын гишүүд 1990 оны 9 сарын 13-ны өдөр тангаргаа өргөж үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас П.Очирбат Ерөнхийлөгч УБХ-тай нягт хамтран ажиллаж ирсэн юм. Улсын Бага Хурлын анхдугаар чуулганы нээлтийн үеэр БНМАУ-ын шинэ Ерөнхийлөгч дэлгэрэнгүй үг хэлж, “Миний бие Ерөнхийлөгчийн хувьд хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах дээд байгууллагуудын харилцан үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх үүргийнхээ дагуу Улсын Бага Хуралтай үр ашигтайгаар нягт хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлон илэрхийлье” гэжээ.
Үнэхээр ч П.Очирбат Ерөнхийлөгч Улсын Бага Хуралтай нягт хамтран ажилласны үр дүн бол Монгол Улсын Үндсэн хууль байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Улсын Бага Хурлаас 1990 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа 15 дугаар тогтоол гаргаж, БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат даргатайгаар байгуулсан юм. Комиссын анхдугаар хуралдааныг 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулж, 1 дүгээр тогтоолоороо Үндсэн хуулийн төслийг боловсруулах салбар ажлын хэсгүүдийг байгуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын төлөвлөгөөг баталж, төсөл боловсруулах ажилдаа шуурхайлан орсон юм. П.Очирбат Ерөнхийлөгч Улсын Бага Хуралд “Их цааз”-ын төсөл нэртэй Үндсэн хуулийн төслийг 1991 оны 5 дугаар сард өргөн барьж, Улсын Бага Хурал 1, 2 дугаар хэлэлцүүлэг хийж, 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Ерөнхийлөгч П.Очирбат Улсын Бага Хурлын 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоолын дагуу “Их цааз”-ын төслийг ард түмнээр шүүн хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан дүнг илтгэж 1991 оны 10 дугаар сард Улсын Бага Хуралд оруулсан төслийг Улсын Бага Хурал хэлэлцээд Ардын Их Хуралд өргөн мэдүүлэх шийдвэрийг 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор гаргаж байв.
Их цаазын төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах, хэлэлцүүлэх бүхий л үе шатуудад П.Очирбат Ерөнхийлөгч өөрөө манлайлж, үргэлж өөрөө танилцуулж, төслийн үндэслэлийг тайлбарлаж байсан нь бидний ой санамжид тодхон үлджээ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад олон асуудлыг ч өөрөө танилцуулж Улсын Бага Хурлын танхимд цөөнгүй өдрийг өнгөрүүлсэн. Энэ бүхэн бол Улсын Бага Хурлын анхдугаар чуулганы нээлт дээр түүний илэрхийлсэн амлалтын бодит гүйцэтгэл нь байсан юм. П.Очирбат Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн баталсан эхийг ард түмнээ төлөөлөн хүлээн авч “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх мөн болой” хэмээн бичиж Монгол төрийн их тамгыг дарж түмэн олноо тунхаглан хүргэсэн их хувьтай хүн. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат өөрт Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тэр үед олон давтамжтай өрнөдөг байсан жагсаал цуглаан, улс төрийн бусад шаардлагад туйлын анхааралтай хандаж, улс төрийн намуудын удирдлагуудтай зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж, зохих үр дүнд хүрдэг байлаа. Улс орны өмнө тулгамдаж байсан эгзэгтэй асуудлууд, хууль, тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн явцад гарсан маргаантай асуудлаар Улсын Бага Хурлын удирдлага, Засгийн газрын холбогдох сайдуудтай мөн л гарц гаргалгаа олох зорилго бүхий уулзалтуудыг зохион байгуулж, “Та минээ үүнийг ингэж зохицуулбал яасан юм бэ” гээд л зохих үр дүнд хүрч байсныг гэрчлэх баримт архивын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.
П.Очирбат Ерөнхийлөгчийн эвийг эрхэмлэгч, эрдэмт хүний эгэл даруу зан, нөхөрсөг зарчимч хандлага тухайн үедээ оргилж буцалсан нийгмийн ойлголцол зөвшилцлийг бий болгоход үнэлж баршгүй их хувь нэмэр болсон билээ.
П.Очирбат Ерөнхийлөгч бол Монгол Улсын төр, шинжлэх ухаан, Үндсэн хуулийн том зүтгэлтэн мөн. Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таны эх орныхоо хөгжилд оруулсан их хувь нэмэр Монголын ард түмний сэтгэл зүрхэд үүрд хадгалагдан үлдэх болно.
Таны гэгээн дүрийн өмнө мэхийн ёслоё.
МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ АНХНЫ
ПАРЛАМЕНТ-УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮД.
2025 оны 01 сарын 21-ний өдөр.
Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.34
Ю.Цэдэнбал өөртөө юу ч аваагүй. Бүх амьдралаа улсынхаа төлөө л зориулсан. Гэвч түүнийг яаж доромжилж буруутгаж байлаа. Гэтэл өөртөө ганц ч машин улсаас аваагүй. Үл хөдлөх хөрөнгө гэж юм байхгүй. хадгаламжийн дэвтэртээ хэдхэн мянган төгрөгөөс өөр юм байгаагүй. уул уурхайн лиценз нэг ч байхгүй байсан. Энэ хүн жинхэнэ коммунист хүн байсан учир тэр юм. Коммунист хүн хөрөнгөжих ёсгүй. Гэтэл манай ерөнхийлөгч нар бүгд тэрбумтан болсноос гадна олон үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машин, лицензтэй байна даа
Зочин 2 цагийн өмнө 202.179.18.234
П.Очирбат гавьяатай нэгэн байж болно. . Харин Ю.Цэдэнбал даргыг нас барахад эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлээгүйгээр барахгүй П.Очирбат, Р.Гончигдорж, Д.Бямбасүрэн, Г.Очирбат нар үгсэн хуйвалдаж, Увс аймаг руу явуулж оршуулахыг оролдож байсан нь хүний мөсгүй үйлдэл болсон доо. Харин Ш.Жамдамбаа сайд өөр байдлаар, хүнлэг ёсоор хандсан даа.