Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2025.01.20/ башёгийн ес дэх өдрийн барилдаанууд боллоо. Башё ч дундаа орж, барилдаанууд улам ширүүсэв. Ёкозүна цолонд ойрхон ирсэн озэки Котозакүрагийн аварга болох зорилго энэ удаад бүтэлгүйтэж байх шиг байна. Тэрбээр өчигдөр Үрад ялагдаж, гурван даваа, зургаан унаатай болжээ. Уг нь түүнийг энэ башёд сайн барилдаж, ёкозүна цол хүртэх байх гэж олон хүн хүлээж байсан юм. Харамсалтай нь санаснаар болсонгүй.
Тэгвэл озэки Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүна болох зорилго мөн дээсэн дөрөөн дээр ирлээ. Тэрбээр өчигдөр Хирадүмид ялагдаж, зургаан даваа, гурван унаатай болжээ. Уг нь тэрбээр башёг тун сайн эхлүүлж, тэргүүлж байсан билээ. Гэвч башёгийн дунд үеэс саарч, тэргүүлэгчдээс хоцорч эхлэв. Одоо гайхамшиг л тохиохгүй бол Хошорюү үлдсэн бүх барилдаанууддаа ялсан ч ёкозүна цол хүртэнэ гэдэг бэрх болсон.
Хирадүми өмнө нь Хошорюүгийн эсрэг зургаан удаа барилдахдаа ганц ч ялж үзээгүй байсан юм.
Эсрэгээрээ Киришима Б.Лхагвасүрэн башёг тааруу эхлүүлсэн ч өчигдөр Абиг давснаар зургаан даваа, гурван унаатай болсон аж. Түүнийг озэки цолоо эргүүлэн авна гэдэгт дэмжигчид нь итгэж байна.
Монгол бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Түүний хувьд башёгийн ес дэх өдөр Чүранүмиг давсанаар найман даваа, ганцхан унаатай болов. Түүний дээрх ганцхан есөн даваа, нэг ч унаагүй яваа Кинбозан бий.
Бусад монгол бөхчүүдээс туршлагатай Тамаваши Б.Мөнх-Оргил Эндод өвдөг шороодож, зургаан даваа, гурван унаатай явна. Мөн Онокацү Б.Чойжилсүрэн зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 27.123.212.86
Ёкозуна болоод дэмий дээ. Аса , Хакухо 2 шиг биш л бол Озекидоод явж байсан нь өлзийтэй шүү
иргэн 3 цагийн өмнө 103.11.192.133
хошорюү найдлага тасрах болоогүй л байгаа. хурдтай хүчтэй байгаа ч сэтгэлийн тэнхээ жаахан дутмаг л байна шүү. Аса шиг тэсрэлттэй эрэмгий барилдаад байвалч асуудалгүй шүү. Кимбозан ч үлдсэн өдрүүдэд унах нь тодорхойлдоо. санёку нартай таараад ирхээр л тодорхой болно доо. Котозакураа арай л их шатаад байгаа нь өөрийг нь аллаа даа. хүч бяр ч байна ухаан харин дутаад байгаа харагдсан. Шодай л их эвгүй байна даа.