Хамтарсан Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тэлэх хүрээнд мега төслүүдэд төвлөрч ажиллахаа мэдэгдээд буй. Мөн өнгөрсөн долоо хоногт нэгэн түүхэн үйл явдал болсон нь олон жил гацаад байсан уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг байуулсан. Тэгвэл томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд ямар үр ашигтай, яагаад эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-28 жилийн турш хүлээгдсэн ураны төсөл хэрэгжихээр болсон нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй геополитикт ач холбогдол өндөр гэдгийг судлаачид хэлж байгаа. Тэгвэл эдийн засаг, бүс нутгийн хөгжил болоод стратегийн түвшинд авч үзвэл ямар үр өгөөжийг онцолж болох вэ?
-Олон улсад ураныг олборлож, эдийн засагтаа үр өгөөжтэй байдлаар ашиглаад явж байгаа тохиолдолд Монгол Улс хоцрохгүй байх нь зөв. Олборлолтыг орчин үеийн арга технологиор буюу уусган олборлох аргыг ашиглаж уран гаргана гэж байгаа тохиолдолд зарим хүн эсэргүүцээд үр нөлөөгүй гэсэн үг. Монгол Улс байгалийн баялаг ихтэй орон. Гэхдээ үйлдвэрлэл тийм ч сайн хөгжиж чадаагүй. Тэгэхээр бид үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй байх шаардлагатай. Тэрхүү санхүүгийн эх үүсвэрийг Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож байж, олборлосон бүтээгдэхүүн дээрээ тулгуурлаж тодорхой хэмжээний санхүүжилт босгоно. Тиймээс ураны төсөл зайлшгүй хэрэгжих шаардлагатай ажлуудын нэг.
Олон нийтийн зүгээс ойлголт тааруу байна. Уран гэхээр л хүн, малын биед хортой, гаж нөлөө үзүүлдэг гэдэг ойлголтоор зарим хүн хүлээж аваад байх шиг. Хэрэв тийм гаж нөлөөтэй байсан бол олон улс орон олборлолт хийхгүй шүү дээ.
-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа мега төслүүд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад түлхэц болно гэж байгаа. 14 төслөөр дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн оновчтой татах, юун дээр анхаарах нь зүйтэй вэ?
-Өмнө нь ихэвчлэн улс төрийн шийдвэр дээр үндэслэж гадаадын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулж байсан. Энэ нь нэг талаас Монгол Улсад ашиггүй байх асуудлууд гарч байсан. Хамгийн тод жишээ нь "Оюутолгой" төслийн тухайд Монгол Улс 34 хувийг нь эзэмшинэ гэж орсон. Түүнээс шалтгаалж 2.3 тэрбум ам.долларын өрөнд орсон. Засгийн газраас сүүлд энэ алдааг засахын тулд нэлээн хичээж, хэд хэдэн удаагийн гэрээ хэлцлийн үр дүнд тодорхой түвшинд Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэж чадсан. Тэгэхээр одоо Францын "Орано майнинг"-тай холбоотой гэрээн дээр тэр алдааг давтахгүйгээр татвар, төлбөр, хураамжаар орлогуудаа гүйцээгээд авах боломжтой гэдэг байдлаар явж байгаа нь тус гэрээ харьцангуй сайн гэрээ болсон болов уу гэдэг дүгнэлтийг хийж байна.
-Өнгөрсөн долоо хоногт мөн УИХ-ын чуулганаар газрын тос боловсруулах төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж, түр хойшлуулсан. Томоохон төслүүдийн нэг болох тус төсөлд хөнгөлөлттэй зээл авч, тодорхой заасан хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж байгаа. Ингэхдээ зээлийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай болсон. Хэрэв мега төслүүд товлолт хугацаандаа ашиглалтад орохгүй бол эдийн засгийн ямар дарамт үүсэх вэ?
-Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэр уг нь Монгол Улсад маш их хэрэгтэй. Хэрэв энэ төсөл амжилттай болбол Монгол Улсын нийт нефтийн хэрэглээний 55 хувийг дангаар хангах боломжтой. Гадаад эдийн засгийн аюулгүй байдал талаас авч үзсэн ч нөхцөл байдлыг харьцангуй сайжруулах эерэг зүйл харагдаж байгаа. Гэхдээ дутагдалтай зүйл ч бий. Анх 2017 оноос хойш энэ төсөл яригдаж эхэлсэн. Энэтхэгийн Засгийн газартай нэг тэрбум ам.долларын гэрээг байгуулж, дараа нь хүрэхгүй байна гэж 230 сая ам.долларыг нэмж авъя гэдэг байдлаар зөвшөөрөгдөөд явж байсан. Гэтэл одоо хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж ердөө 23 орчим хувь нь л ашиглалтад орсон байна гэдэг зүйл яригдаж байна. Одоо 77 орчим хувь нь хугацаа алдаад байгаа гэсэн үг. Нэмэлт санхүүжилт шаардлагатайг ойлгож байна л даа. Гэхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, дэд бүтэц барих явц хэт удаашралтай байгаагаас үнийн өсөлтөд ороод байна. Үнийн өсөлтөөс шалтгаалж дахин нэмж санхүүжилт авах, зөвшөөрөл авах, гэрээ хийх асуудлууд үүссэн.
Тус төслийг хэрэгжүүлж, 38 сарын дараа ашиглалтад оруулна гэж байгаа ч хугацаандаа ашиглалтад оруулаагүй тохиолдолд Монгол Улс өрийн дарамтад өртөх эрсдэлтэй. Ялангуяа төлбөрийн тэнцэл дээр гадаад талдаа өр төлбөр ихтэй байгаа учраас алдагдалд орох эрсдэл өндөр.
Тиймээс болж өгвөл бид ажлыг эхлэхээсээ өмнө маш сайн төлөвлөж, хууль эрх зүйн орчноо тодорхойлж, барилга байгууламж барих шат дарааллаа нягт төлөвлөх нь зүйтэй. Төлөвлөгөөгүйгээс болж хугацаа алдаж, түүнийг дагасан олон эрсдэлтэй нүүр тулж байна. Мэдээж давагдашгүй гадаад хүчин зүйлсийн хамаарал үүсч болох ч дотоод хүчин зүйлс илүүтэй нөлөөлдөг. Тэгэхээр эрсдэлүүдийг сайн тооцоолсны дараа мега төслүүдээ эхлүүлэхгүй бол хугацаа алдах, зээлийн дарамтад орох нөхцөл байдал үүсэхгүй байхыг үгүйсгэхгүй.
ЗГ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АШИГЛАВАЛ ЭДИЙН ЗАСАГТ ДАРАМТ БАГАТАЙ
-Хөгжлийн мега төслүүд өмнө нь гацсан шалтгаануудыг олон улсын геополитик, улс төрийн эрх ашигтай холбож үздэг. Тэгвэл ирэх жилүүдэд хэрэгжих төслүүдэд ийм эрсдэл гарах магадлал бий юу?
-Хамтарсан Засгийн газар 2028 он хүртэл хөдлөхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас мега төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар нэг байдлаар дотоод улс төрийн нөлөөлөл бага байх болов уу. Харин гадаад хүчин зүйлс тухайлбал, хоёр хоногийн өмнө АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөлөө. Д.Трампийн барьж байгаа гол бодлого нь Хятадад хаалттай байхаар яригдаж байгаа. Энэ нь Хятадын эдийн засагт нөлөөлнө. Урд хөршийн эдийн засаг манайхтай нягт холбоотой учир бараа бүтээгдэхүүний экспорт гарах боломж хумигдана. Ингэснээр экспортоос орж ирж байгаа орлого ч хэлбэлзэнэ. Мөн түүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтууд яаж хэлбэлзэх вэ гэдгийг ч бид тооцоолох ёстой.
Эдийн засгийн талаас авч үзвэл Монгол Улс зээлжих зэрэглэл харьцангуй доогуур байдаг учир гадаадаас хөрөнгө оруулалт татаж байгаа тохиолдолд өндөр хүүтэй хөрөнгө оруулалт татах шаардлага гарч ирнэ. Өндөр хүүтэй эргэн төлөлтүүд маань эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Тиймээс аль болох гадаадын улс орнуудтай тодорхой түвшинд хэлэлцэж, Засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүдийг авч хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглавал харьцангуй дарамт багатайгаар тусах болов уу.
-Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Эрчим хүч, аж үйлдвэр зэрэг олон салбарыг хамаарч байгаа мега төслүүдэд хувийн хэвшлийн оролцоо хэр байх бол?
–Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд үндсэн гурван эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой. Нэгдүгээрт, төсвөөс. Гэхдээ төсөв ачааллаа даах нь ховор. Хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд. Гуравдугаарт, хувийн хэвшилд даатгах гэдэг нөхцөлүүдийг судалж үзэх зайлшгүй шаардлагатай байгаа. Төрийн зүгээс төсвөөс шууд мөнгө гаргаад санхүүжүүлэх боломж харьцангуй хомс байгаа учраас ер нь аль болох хувийн хэвшлүүд рүү анхаарч төсүүдээ танилцуулах хэрэгтэй. Манай хувийн хэвшлүүд нэг үеэ бодвол санхүүгийн хувьд чадавхжиж, олон улсын зах зээлээс хөрөнгө мөнгө босгох тал дээр туршлагатай болсон. Түүгээр ч зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалтуудыг ч оруулж ирэх чадвар хувийн хэвшлийнхэнд байгаа учраас төр хувийн хэвшлийнхэнтэй заавал хамтарч ажиллаж байж мега төслүүдээ урагшлуулах боломжтой.
Хугацаа, ашиг алдахгүй байя гэвэл төр хувийн хэвшилдээ илүү найдаж, хамтарсан байдлаар төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж харагдаж байна.
МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙД ДАРАМТЛУУЛЖ, БАЙГАЛЬ ОРЧИН БҮХЭЛДЭЭ СҮЙРЧИХЭЭД БАЙГАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ
–Ер нь цаашид томоохон төслүүдийг эхлүүлэхэд нэг саад болдог зүйл нь олон нийтийн буруу, зөрүү ойлголт. Нэгэнт бид том төслүүдээ хөдөлгөе гэвэл иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй болов уу. Яаж олон нийтийн дунд үүссэн буруу ойлголтыг зөвөөр залруулах нь зүйтэй вэ. Уран дээр л гэхэд олон ташаа, сөрөг мэдээллүүд тодорхой хэмжээнд нөлөөлж байх шиг байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзсан ч хүмүүс төөрөгдөлгүй байх нь чухал болов уу?
-Том төслийг хэрэгжүүлэхдээ эхлээд төслийн үр ашгийг ярихаас өмнө байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, хүн ардад ямар нөлөө үзүүлэх гэдгийг судлах судалгааны баг ажиллаж, PR маягаар хүмүүст мэдээллийг маш сайн хүргэх ёстой. Мэдээллийн дутмаг байдлаас болж хүмүүс үл итгэх, хардах зэргээр сөрөг талуудыг нь олж хараад байдаг. Жишээлбэл, 14 мега төсөлд багтсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Тус хэсэгт оршин суудаг хүмүүстэй очиж уулзаж, ярилцахаар маш буруу ойлголттой. Ерөөсөө л хүмүүсийг шууд хөөж явуулна гэж ойлгосон байгаа юм. Засгийн газар тухайн иргэдэд нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох, байгаль орчинд тус усан цахилгаан станцын үзүүлэх сөрөг нөлөө зэрэг мэдээллийг бүрэн өгөөгүйгээс иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Дараа нь иргэдтэй зөвшилцөж, тохиролцож, мэдээллээ өгч эсэргүүцэл байхгүй болж, ажил урагшлахаар болж байгаа жишээтэй. Тэгэхээр юун түрүүнд мэдээллээ л маш сайн хүргэх хэрэгтэй.
Хайгуулын лиценз зэргийг оруулахгүйгээр цэвэр уул уурхай олборлож байгаа газар нутгийн талбайг тооцож үзвэл нийт газрын нэг л хувь. Ингээд харахаар Монгол Улс уул уурхайд дарамтлуулаад байгаль орчин бүхэлдээ сүйрчхээд байгаа зүйл байхгүй. Мэдээж нөхөн сэргээлтийг ярих ёстой. Аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тооцож, хувь хэмжээг аль болох бууруулах тал дээр хөрөнгө оруулалт хийж байгаа, ашиглалт хийж байгаа газруудад нь шахалт дарамтуудыг үзүүлэх нь зөв. Мөн байгаль орчинд эерэг байхаас гадна тухайн газар нутгийн хүмүүсийн амьжиргаанд хөрөнгө оруулалтуудыг хийдэг байх шаардлагатай.
–Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх амбицтай. Эхний ээлжид гурван төслийг нь гараанаас хөдөлгөж чадлаа гэж байна. Цаашид дараа дараагийн төслүүдийг хөдөлгөх боломжтой ямар төслүүд хүлээгдэж байна вэ?
-Хамгийн ойрын хугацаанд боомттой холбоотой төслүүдэд анхаарах нь зөв. Бид нүүрсээ аль болох хурдан экспортолж л байхгүй бол дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс аль болох татгалзъя гэдэг агуулга руу орж байна. Олон улс энэ асуудлаар бусад орондоо шахалт үзүүлээд эхэлсэн энэ үед Монгол Улс нүүрсээ экспортолж, орлогоо олж, дараагийн хэрэгжих төслүүддээ нэмэр болох нь чухал. Үүний дараагаар цахилгаан эрчим хүчтэй холбоотой мега төслүүдээ яаравчлах хэрэгтэй. Мега төслүүдэд эрчим хүчний хэд хэдэн ажлууд багтсан. Одоо тэр төслүүдээ яаравчлахгүй бол эрчим хүчний хомсдолоос гарч чадахгүй. Дээрээс нь дараагийн том төслүүдийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч ихээр шаардана. Тиймээс эрчим хүч, боомт хоёроо эхний ээлжид хэрэгжүүлэх шаардлагатай.
-Том төслүүд хэрэгжих эхлэл тавигдаж байгаа нь зөв. Олон нийт ч үүнд анхаардаг, анзаардаг болж. Гэхдээ бас энэ төслүүд хэрэгжих явц, үйлдвэрлэл эхлэх процесс зэрэгт олон нийт мөн анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж та харж байна уу. Учир нь аливаа төсөл урт хугацаандаа тогтвортой, алдагдалгүй, асуудалгүй үргэлжилж байж л бидэнд өгөөжөө өгнө шүү дээ.
-Ил тод байдал хаа ч чухал. Ямарваа нэгэн зүйл далд байх тусам авлига үүсч, хөрөнгө оруулалт удааширч, төсөл хөтөлбөр хэрэгжихгүй удах асуудал үүсдэг. Мэдээж том том төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн нэгжүүд бий. Тэдгээр төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтмол тайлагнах хэрэгтэй. Ажлын явц, үе шатуудаа олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байнга таниулах хэрэгцээ их үүсч байна. Түүнээс албан хуудас дээрээ нэг мэдээлэл оруулаад хаячхаж болохгүй. Зорьсон хүн л албан вэб сайтуудыг ухаж мэдээлэл авна уу гэхээс хүн бүр тэр хуудаст хэзээ мэдээ орохыг хүлээгээд суух боломжгүй. Тиймээс олон нийтийн хандалт хаана их байна, түүгээр л мэдээллээ тогтмол хүргэх шаардлагатай.
Хүмүүст мэдээлэл дутмаг байгаагаас л өнөөдрийн зарим төслүүд гацахад хүрсэн. Зөрүүтэй, ташаа ойлголттой байгаагаас хамаарч иргэд эсэргүүцэлтэй тулгарсан нэг бус жишээ бий.
Тэгэхээр том төслүүдийн үр ашиг, явцыг тогтмол нийтэд мэдээлснээр эргээд хяналт сайжирч, Засгийн газар, хариуцаж байгаа агентлаг, нэгжүүдийг шахаж эхлэх, үйл явц нь хурдсах зэрэг давуу талтай. Ерөөсөө л ил тод нээлттэй байснаар төсөл хугацаандаа ашиглалтад орох нөхцөлийг маш сайн хангаж өгнө гэж бодож байна.
-Олон жил гацсан мега төслүүд эхнээсээ хөдөлж эхэллээ. Мэдээж таны хэлсэнчлэн нийгэм, эдийн засагт олон эерэг нөлөө гарах нь. Тэгвэл Монгол Улс цаашид эдийн засгаа тэлэхдээ юун дээр анхаарах нь зүйтэй бол.
-Мега төслүүдээс гадна үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулахад анхаарах шаардлагатай. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаман дээр үйлдвэрлэл технологийн зургаан парк яригдаж байна. Эрдэнэт, Дархан, Хөтөл, Борнуур, Тавантолгой зэрэг үйлдвэрлэл технологийн паркуудаа ээлж дарааллаар ашиглалтад оруулаад явах нь чухал. Энэ нь манай одоогийн байгаа нөөц дээр тулгуурлаж явах учраас ашигтай. Тухайлбал, Дархан хар төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрээ Сэлэнгээс ойрхон татчихаж болж байна. Ингээд Дархан өөрсдөө төмрөө үйлдвэрлээд эхэлбэл үр ашиг нэмэгдэнэ. Одоо манайх хаягдал төмрийг дахин боловсруулаад л явж байгаа. Төмөр бол манай хөгжлийн гол суурь.
Мега төслүүд хэрэгжээд эхлэхээр төмрийн хэрэгцээ маш их гарч ирнэ. Тэгэхээр аж үйлдвэрийн паркаараа төмрийн хэрэгцээгээ хангачих боломжтой.
Хөтөлийн цемент шохой үйлдвэр гээд байгаа. Том том бүтээн байгуулалтуудад цементийн хэрэглээ мөн л их үүснэ. Тийм учраас аж үйлдвэрийн паркуудыг эрчимжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Том том технологийн паркууд ашиглалтад орохын зэрэгцээ шатахуун нефтийн хэрэглээ ч нэмэгдэнэ. Тэгэхээр Алтан ширээтэд баригдаж байгаа нефтийн үйлдвэрээ түрүүлээд яаж ийж байгаад хугацаанд нь оруулчихмаар байна. Ингээд явбал Монгол Улсад гадаад орноос хамааралтай байдал багасахын зэрэгцээ эдийн засаг том чиглэлээр тэлэх боломжуудыг бий болгоно. Ялангуяа хүнд үйлдвэрлэл Монголд хөгжих боломж нээлттэй болно. Хүнд үйлдвэрлэлийнхээ хажуугаар мэдээж хөнгөн үйлдвэрүүдээ зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд дийлэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байна.
Импортоор ихэнх бараа, бүтээгдэхүүнээ авдаг улсын эдийн засаг олигтой тэлж чадахгүй. Яагаад гэвэл гадаад, дотоод зах зээлийн хүчин нөлөөллөөс хамаарч хэрэглээ хоригдох эрсдэлтэй.
Үүнээс шалтгаалж эрэлт ихээр үүсч, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр мега төслүүд, аж үйлдвэрийн паркуудаа ашиглалтад оруулснаар Монгол улсын эдийн засаг жинхэнэ утгаараа тэлэх боломжтой.
Нэргүй 60 минутын өмнө 59.153.87.54
Өрөмдөөд бай, хүүхдүүдээ, өрөмдөөд бай
Нэртэй 59 минутын өмнө 59.153.87.54
Трамп хэлсэн үг шүү
Нэргүй 1 цагийн өмнө 202.21.110.212
Энэтхэгүүд Оросууд шиг өрөө тэглэхгүй юм болуу? Орос шиг бай л даа гэвэл яхав? Орос 11 тэрбумыг тэглэсэн та нар ганцхан тэрбум дээр унжихгүй биз дээ гэвэл.
Нэргүй 3 цагийн өмнө 70.54.71.56
zuitei xurdan
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.125
Нам төр хулгайлсн х***а манж хог шааруудыг устгаж ард түмн өөрсдө баялагаа авнаа. Цөөн хэдхэн хэсг бүлг х***а манж хог шаарууд-р хулгайл2лж хэрээс хэтэрцн шүү. Нүүдэлчд нам төрөө өөрсдөө авч Хүн бүрт жилд 60-70 сая олгодгийма